Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Идэр-Од: Монголын нийгэм хурдтай өөрчлөгдөж байгаа нь сайхан зүйл. Өөрчлөлтийг дотроос нь мэдрэх бүр сайхан байна


“FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Бат-Эрдэнийн Идэр-Одтой ярилцлаа.


-Комедиан, багш, илтгэгч, захирал гээд олон албатай залуу зочинтой уулзаж байна. Хамгийн сүүлд бие даасан комеди шоу хийжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-“UB Comedy”клубт бид таван жил ажиллажээ. Одоо зүгээр нэг, хоёр дахь, дөрөв дэх өдрийн шоу гэхгүйгээр “Comedy”-гийн агуулгыг сегментчилж задлаад төрөлжсөн байдлаар бүлэг хүмүүст зориулсан контентуудыг гаргаж эхэлж байна. Анх удаа “Ideree’s Fresh night” нэртэй өмнө нь хэний ч сонсож байгаагүй шинэ брэнд, оройны шоуг хийлээ. Үзэгчдийн хүсэлтээр хоёр дахь шоу маань маргааш болох гэж байна. Үүнээс хойш бид бүхэн хөгжимлөг орой ч юм уу, хөгжим комеди хольсон ч бүтээлч төрлийн шоунуудыг гаргахаар ажиллаж байна.

-Комеди урлагт хөл тавьсан түүх ямар байв?

-Би АНУ-ын Канзас мужийн Канзасын их сургуульд инженерийн мэргэжлээр таван жил сурч төгссөн. Тухайн үед сургуульдаа ганцаараа бакалаврын зэргээр сурч байсан монгол оюутан байлаа. Тэр үед 100 гаруй орны бакалаврын оюутнуудын дунд зуны зугаалга болсон юм. Зугаалга дээр орон бүрийн оюутан заавал нэг авьяасаа үзүүлэхээр болов.

Би хэзээ ч урлагийн авьяастай хүүхэд байгаагүй. Бодож бодож мэддэг хэдэн орос, монгол онигоогоо казахстан найзууддаа ярьж өглөө. Тэд ч “Болж байна, инээдтэй байна. Англиар ярь” гэсэн. Тэгээд л тайзан дээр гараад гурав дөрвөн онигоо ярилаа. Америк оюутнуудад маш их таалагдсан.

Дараа нь хоёр америк найз маань над дээр хүрч ирээд “Идэрээ, чи ер нь юу хийж байгаагаа мэдэж байна уу” гэхэд “Би мэдэхгүй байна аа, би онигоогоо англиар л ярьсан шүү дээ” гэсэн. Хариуд нь надад “Үгүй ээ, чиний ярьсан зүйл бол “Stand up comedy” гээд урлагийн нэг хэсэг. Ганцаарчилсан хошин шогийн төрлийн ярианы урлагийг судлаач” гээд youtube дээрх хэдэн линк өгч билээ. Тэгж анх оюутан байхаасаа судалж эхэлсэн. Монголд ирээд нэг өдөр ажлаа тараад явж байгаад “Basement’’-д Батаа ганцаараа комеди хийж байхтай таарч, өөрийгөө танилцуулснаар элсэж байсан даа.

-Тэр үеийг бодвол комеди урлаг манайд эрчтэй хөгжиж байна. Комедиануудын хөндөж байгаа сэдэв, хэн нэгнийг шүүмжлэхийг зарим хүмүүс зэмлэлтэй хүлээж авдаг. Харин таныг бусдыгаа бодвол соёлтой шүүмжлэгч гэх хүмүүс байна?

-“Stand up comedy” бол дуу хөгжимтэй яг адилхан. Тэр дундаа жазз хөгжимтэй зүйрлэдэг. Энэ урлаг баруунд үүсээд, ялангуяа Англид хүчтэй хөгжөөд Орос, Америкт тархсан. Сүүлийн үед Азид ихээр хөгжиж байна. Монгол бол Ази тив дундаа “Stand up comedy” урлагийн хөгжлөөр хамгийн эрчтэй хөгжиж байгаа гэж би боддог. Азийн бараг бүх орноор явж үзсэн. Комеди клубүүдээр орж үзсэн. Тэр дундаас нүүр бардам хэлэхэд манай клубийнхэн өөрсдөдөө олгосон цол гуншин гэвэл “Азийн хамгийн гоё клуб” гэдэг.

Хөгжимтэй зүйрлэсэн учир нь та поп хөгжим сонсдог байж болно, таны нөхөр улаан рок байж болно. Үүнтэй ижил комедиан бүр өөр, өөрийн төрлийн дуучид, хөгжимчидтэй адилхан өөр, өөрийн өнгө аястай. Миний өнгө аяс нэг хэсэг хүмүүст таалагдана манай Бээгий комедианы ярьдаг зүйл нөгөө хүмүүст таалагдана. Тэр нь комедианыхаа ямар амьдралтай, амьдралынхаа ямар үе мөч дээр явж байгаагаас ч шалтгаална.

Манайд клубт Баяраа гээд шинэ гишүүн нэмэгдсэн. Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан. Оюутнуудын хошигнол гайхамшигтай, түүний хошигнол оюутнуудад таалагдана. Харин би ажил, амьдралын гараан дээр явж байгаа болохоор ажил албатай хүмүүс миний яриаг сонсох дуртай байдаг юм шиг санагддаг. Энд тэнд ажил хөөцөлдөөд явж байхад утсаараа хүн загнасан ах нартай харьцах хэрэг гардаг. Ах нар бол миний яриаг сонсох дуртай.

-“UB Comedy” клубийг анх байгуулж Ьаисан залуус хоёр хуваагдчихлаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Залуус тарчихсан юм уу?

-Комедийг хамтлаг гэж ойлгож болохгүй. Харин “UB Comedy club ”гэдэг баар бол бий. Хүн үүдэнд нь такс төлж ордог. Ороод идэх, уух юм авдаг. Энэ орлого дээр явдаг, баарны бизнес. Бааранд ирж тоглолтоо үзүүлж байгаа комедианууд нь нэг нэгээрээ байдаг. Хүмүүс салсан гэж хараад байгаа. Юу салсан бэ гэвэл баар нь салсан. Бид нар Comedy lab, UB Comedy гэсэн хоёр тайзтай л болсон. Дотор нь байдаг 20 гаруй залуус холилдоод, ээлжлээд гарна гэсэн үг.

-Таны үндсэн мэргэжил нисэхийн салбарынх гэв үү?

-Би Улсын тоо, физикийн 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. Намайг төгсөх үед 500 орчим сурагчтай байсан. Дараа нь АНУ-ын 30 мянга орчим сурагчтай Канзасын их сургуулийг төгссөн. Канзас муж нь газар зүйн байрлалын хувьд АНУ-ын яг гол цөм буюу тэг бүсэд нь байдаг. Энэ нь Дэлхийн II дайны үеэс болоод АНУ эргийн бөмбөгдөлтөөс стратегийн чухал салбаруудаа хамгаалах үүднээс, ялангуяа нисэхийн салбар өөрөө цэрэг батлан хамгаалахын салбартай холбоотой байдаг учраас энэ салбарын гол үйлдвэрүүдээ голдоо төвлөрүүлсэн байдаг. “Hawker Beechcraft”,“Boeing” компанийн их биеийг хийдэг “Spirit Aerosystems” гэх мэт олон компани Канзас мужид байдаг. Үүнийг дагаад бас тус мужид нисэхийн инженерийн факультетүүд нь сайн хөгжсөн. Тийм учраас энэ сургуулийг сонгож суралцахаар явсан.

-Нисэхийн инженерийн мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв?

-Аав маань нисгэгч хүн байсан. Манай гэр бүлд нисэхийн салбарын хүмүүс маш олон байдаг учраас надад мэргэжил сонгох зовлонтой зүйл байгаагүй. Нисэхийн зохион бүтээх инженер буюу aerospace engineering мэргэжлээр таван жил суралцсан. Америкийн талын 100 хувийн тэтгэлэгтэй суралцсандаа өөрийгөө азтай гэж бодож байгаа. МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар буюу АНГАР гэж ярьдаг даа. Онгоцонд засвар үйлчилгээ хийдэг тэр газар гурван жил ажилласан.

-Харин одоо ажиллаж байгаа салбарууд чинь өөр юм. Яагаад мэргэжлээрээ ажилласангүй вэ?

-Нисэхийн салбар бол онцлогтой. Нэгд, хажуугаар нь өөр юм хийгээд ажилладаг салбар биш. Цаг наргүй ажилладаг, шахуу хуваарьтай. 100 хувь биеэ дайчилж байж салбар дотор явах боломжтой. Би хажуугаар нь хувийн бизнес хийж байсан, тиймээс бүрэн цаг заваа зориулах боломжгүй байсан учраас энэ ажлаа зогсоосон. Хоёрт, нисэхийн салбар бас удам дамждаг салбар юм шиг санагддаг. Гэр бүлийн нөлөө, хувь хүний гал эрмэлзэл асар их шаарддаг салбар. Гэхдээ би өөрөө онгоцонд дуртай. Нисэхийн инженерийн технологийг сонирхож байнга уншиж явдаг. Тиймээс хэзээ нэгэн цагт нисэхийн төрлийн бизнестэй холбогдох болов уу гэж найддаг.

-Ажлын өдрүүд ямар хуваарьтай өнгөрч байна?

-Би сүүлийн үед ярих ажил ихтэй болсон. Нэгдүгээрт, байгууллагын борлуулалт хийдэг. Ямар ч компанийн хамгийн сайн борлуулагч нь захирал нь өөрөө байх ёстой. Нэг ёсондоо байгууллагаа энд тэнд танилцуулаад ярьж үйлчилгээгээ борлуулах ажил хийдэг. Хоёрт, багийнхантайгаа ганцаарчилж, эсвэл бөөнөөрөө ярилцах ажлууд их байдаг. Яг багшлах ажлаа өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд зогсоосон.

Би инженерүүдтэй маш их ажилладаг. Манай “СаllРrо”компани харилцаа холбооны компани учраас мэдээлэл технологи болон сүлжээ, серверийн инженерүүдтэй тулж ажилладаг. “FARO” дээр мөн бид боловсролын зориулалттай гap утасны аппликэйшн,онлайн сургалтын хэрэгслүүрүүд хийж байгаа. Зах зээл дээр удахгүй нэвтрүүлэх байх. Сүүлийн жил хагасын хугацаанд олон нийтэд зарлаагүй ч мэдээллийн технологийн программын инженерүүдтэй тулж ажиллалаа. Манайх “FARO” дотроо 10 хүний IT-гийн багтай. Edutec гэж ярьдаг даа, бид цаашид боловсрол, технологийн салбарыг хослуулсан төрлийн бизнес болгож хөгжүүлэх сууриа тавьж байна.

-Комедианы ажлаа мартчихав уу даа?

-Комеди бол яах вэ, айхавтар ажлын цагаа зарцуулдаггүй. Ажлын бус цагаараа л хийдэг.

-Мэдээлэл технологийг боловсролтой хослуулна гэж байна. Олзуурхууштай зорилт байна. Мэдээлэл технологийн салбар ирээдүйд маш олон тооны мэргэжлийг орлоно гэж байгаа. Тийм ч учраас монгол залуус энэ салбартай нүүр тулахаас аргагүй цаг үе ирээд байна. Та үүнийг компанидаа хэрхэн тусгадаг вэ?

-Манай компанийн үндсэн гол зүйл байдаг. Та юу ч хийж болно. Гэхдээ технологитой хослуулахгүй, нэвтрүүлэхгүй, ойлгохгүй бол таны бизнес ирээдүйд томрохгүй. Хамгийн наад захын жишээ гэвэл манайх сурагч бүртгэл, ангийн элсэлт, дотоод мэдээлэлд excel нүүр хуудас, ворд файл нэгийг ч ашигладаггүй. Бид өөрсдийн дотоод дата баазыг ашигладаг. Манай сурагчийн мэдээлэл алдагдах боломжтой excel файл, устах эрсдэлтэй компьютерийн хард дээр хадгалдаггүй.

-Хүн өөрт байгаа чадвараа дайчилж чадвал юу ч хийж бүтээж болдгийг олон залуус харуулж байна. Магадгүй өөрийгөө олоогүй яваа залууст юу зөвлөхийг хүсдэг вэ?
-Монгол залуус олон улсын хэмжээнд үнэлэгдээд мундаг явж байгаа жишээ олон байна. Боксчин Төгсцогт надад маш их үлгэр жишээ хүн санагддаг. Үнэхээр даруухан залуу. Яг л Боксын холбооны дүрэм журмаар карьераа босгоод явж байгаа.

Бэлтгэлээ олон улсын стандартад нь өрсөлдөхүйц хэмжээнд хийгээд, өөрийнхөө цагийн менежийг сайн хийгээд явж байна. Түүн шиг бокс дээр Төгсцогт гэж байгаа бол та нэг зүйл дээр гарч ирэх боломж байна. Залуус их ажлыг амжуулна гэхээс илүү би юу хийвэл онох бол гэж сайн бодож, бага багаар олон удаа туршиж явах нь илүүтэй чухал юм уу. Би бол бүжиглэж дуулж чадахгүйгээ мэдэж байсан учраас комедиан болсон.

Тиймээс өөрт тань ч гэсэн тийм гарц байгаа. Гол нь ээж аавыгаа гомдоочихгүй хэмжээнд байж, алдах юм аа алдаад урагшаа яваарай гэж хэлмээр байна.

-Англи хэлний сургаптын төв ажиллуулаад хүүхэд, залуусыг дэлхийн хэлтэй болгох үйлсэд хүчин зүтгэж байна. Сургалтын төвийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу?

-Монголчуудад англи хэлтэй болоххүсэл маш ендөр бий. Судалгаа ч гарсан байна лээ. Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн сурагчдын 85 хувь нь гадаадад, гадаад хэлээр боловсрол эзэмших сонирхолтой байна гэж.

-Тэр зөв хандлага мөн үү?

-Залуус юм үзэж нүд тайлаад, гадаад хэл дээр боловсрол эзэмшвэл илүү дээр гэж би боддог. Наад захын жишээ гэвэл их сургуулиуд хийж байгаа реферат, судалгаа, шинжлэх ухааны бичиг баримтууд, лабораторийн тайлангууд гэхэд дэлхий нийтийн бүх тайлангийн 85 хувь нь англи хэл дээр гардаг. Технологитой холбоотой цоо шинэ мэдээллийн 80 хувь нь англи хэл дээр хамгийн түрүүнд хэвлэгддэг. Дараа нь бусад хэл рүү хөрвүүлэгддэг. Үүнээс харахад хүн англи хэлтэй суурь боловсрол эзэмшвэл илүү ашигтай гэж харж байгаа.

Манай “FARO” сургалтын төвийн хувьд 25 багштай. Бид энэхүү тоогоо энэ ондоо багтааж нугалах хүсэлтэй байна. Гэхдээ Монголд англи хэлний чадварлаг багш нар дутагдалтай. Манайх жилдээ 3,000-4,000 сурагчийг богино хэмжээний сургалтууддаа хамруулдаг. Нийтдээ 50 орчим ажиллагсадтай, ганц салбартай. Сургалт уншиж бичиж сурахаас эхлээд 20 гаруй төрлийн хөтөлбөртэй.

-Хүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгнээс ертөнцийг үзэх үзлийг нь таньж болдог. Таны ертөнцийг үзэх үзэл юу вэ?

-Том асуулт байна. Би сайн ойлгосон эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ хүний ертөнцийг үзэх үзэл байнгын өөрчлөгддөг юм байна гэж ажиглаад байгаа. Хүн багахан ч гэсэн зовлон үзэхээр ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг юм шиг байна. Хүн жаахан өвдөөд л “Бурхан минь агаарт гарч амьдаръя” гэсэн сэдэл төрдөг. Үүн шиг залуучуудад хэлэхэд хэрэв өөрт тань хэцүү үе тохиох юм бол үүнийг аль болох үүнийг ашиглаад өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ тэлж сэлгээд сэтгэл зүйн өсөж томрох боломж байна гэж эергээр хараарай.

Бага зэргийн зовлон амсахаар сэтгэлээр унаад гутарч байгаа хүмүүс бий. Эсвэл өөрийгөө хохирогч нүдээр хараад бусдыг дандаа буруутгаад байдаг хандлага ажиглагддаг. Бусад хүн буруутай байсан ч би үүнийг ямар нэг байдлаар өөртөө ашигтайгаар давж гараач гэж хэлмээр санагддаг.

-Өөртөө тавьж, мөрддөг зарчим байдаг уу?

-Хувь хүн тэгэх ёстой гэдэг зарчим нас наснаасаа хамаараад байнга өөрчлөгддөг. Гэхдээ хэзээ ч өөрчлөгдөхгүй нэг зүйл ээж, аавыгаа л хайрла. Хүн ээж аавыгаа хайрлаж байхад аяндаа өөрөө буруу зүйлийг хийчихгүй юмсан гэсэн далд ухамсартай явдаг юм болов уу гэж боддог.

-Ээж тань улс төрийн зүтгэлтэн хүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Ээжийнхээ улс төрийн карьерыг дэмждэг үү?

-Миний дэмжлэг ч гэж юу байх вэ. Аль болох буруу зүйл хийчихгүй юмсан гэж боддог. Ээжийн хийж байгаа бүх зүйл надад таалагддаг. Баярладаг. Ээж бол миний хийж байгаа ажилд оролцоод байдаггүй. Зарчмын зүйлс бол хэлнэ. Оройн хоолон дээр “Хүнд худлаа ярьж болохгүй, ажлын юм бол ажлынх. Хэдийгээр найз нөхөдтэйгөө нийлээд юм хийсэн ч албаны байлгаарай. Цаасан дээрх гэрээ контракт ном журмаараа байх ёстой” гэх мэтчилэн зарчмын зүйлсээ шаарддаг.

-Харилцаа холбооны компанитай гэсэн. Гарааны бизнес эрхлэгч, гадны соёлоос суралцсан залуу хүний хувьд энэ нийгэмд ажиллаж, амьдрахад боломж хэр байна вэ?

-Нийгмийг хурдтай өөрчлөгдөж байгаа гэж боддог. Өөрчлөлт гэдэг бол сайхан зүйл. Өөрчлөлтийг дотроос нь мэдэрнэ гэдэг бүр сайхан. Саяхан нэг танил орос ахтай юм ярьж суухдаа яг ингэж асуусан. Ах хүү хэлж байсан. “Ах нь 1998 онд Монголд анх удаа ирж байхад надад таалагдах ресторан байдаггүй байсан. Хүмүүс нь гундуу байсан. Одоо бол сайхан байна ш дээ” гэж хэлж байна лээ. Тэгэхээр бид өөрсдийгөө ямар их өөрчлөгдөж байгаагаа анзаардаггүй юм шиг. Мэдээж бухимдалтай зүйл хэзээ ч дуусахгүй, дууссан ч хүн дахиад бухимдах зүйлийг гаргаж ирдэг юм биш үү?

-Харин залуус нийгэмдээ хэр оролцоотой байна?

-Залуус сайн оролцож байгаа. Гэхдээ үүнээс илүү оролцож чадна.

-Та яг одоогийн нийгэмд эхэлж болох гарааны ямар бизнесийг санал болгох вэ?

-Энэ их том сэдэв. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой. Технологи, ялангуяа мэдээллийн технологийг хүн ашигладаггүй юм гэхэд маш сайн ойлгочих. Хоёр дахь зүйл нь заавал англи хэлтэй байх шаардпагатай. Монголд хүнд ямар ч бизнес эхэлье гэсэн түүнтэй нь төстэй маш сайн хөгжеөд алдаад оночихсон бизнес гадны зах зээл дээр олон байдаг. Түүнийг судлахад наад зах нь англи хэлний мэдлэг хэрэгтэй. Харин Монголын хөрсөн дээр дотоодын түүхий эдээ ухаалгаар ашигласан, газар нутаг соёлын онцлогоо уран ашигласан, дээрээс нь эрүүл мэнд, энэ нь зөвхөн бие махбодоор тогтохгүй сэтгэл зүйн эрүүл мэнд хослуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргавал боломж байгаа гэж харагддаг.

-Лекц уншиж байна уу?

-Лекц ч юу байх вэ, байгууллагын жижиг сургалтууд хийдэг. Хамгийн сүүлд “Энержи ресурс”-ийн хамт олонд гурван өдрийн өмнө хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлэх талаар цагийн сургалт хийлээ.

-Байгууллагууд чадварлаг ажилтантай болох, цагийн менежментийг сайжруулахад анхаардаг болжээ. Цагийн менежментийн тухай таны нэг ярилцлагад сонирхолтой мэдээлэл байсан. Түүнийг дахиж нэг дурдаач?

-Цагийн менежмент гэхээс илүү энергийн менежмент гэж яриад байгаа. Дээр үеийн ойлголт л доо. Хүн өөрийнхөө хамгийн өндөр бүтээлтэй, оюун санаагаа хамгийн хурц төвлөрүүлж ажиллаж чаддаг цагуудаа тодорхой болгох юм. Тэгээд тэдгээр цагийг бусдаас харамлах хэрэгтэй. Энэ үедээ хамгийн чухал ажлуудаа тавьж чаддаг байх ёстой. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол хүн өөрийгөө эрүүл байлгаж, зогсолтгүй ажиллаж чаддаг байх тухай. Бушуу туулай биш, яст мэлхий шиг гэж зүйрлэж болно. Зөв ажиллаад, бага ч болтугай зогсолтгүй, удаан хийгээд жилийн дараа эргээд харахад маш их зүйл бүтээсэн байх болно.

-Одоо уншиж байгаа ширээний ямар ном байна вэ?

-Миний ширээн дээр одоо “Ажлын дүрэм” гэдэг шар хавтастай, монгол хэлнээ буусан ном байна. “Google” компанийн хүний нөөцийн бодлогын талаарх ном юм.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *