Categories
мэдээ нийгэм

Х.Бээжин: Сэлэнгэ аймгийн Ерөө голыг гаталж байхдаа машин маань усанд живсэн нь үнэн

Өнөөдөр “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэд хоногийн өмнө Сэлэнгэ аймгаар явахдаа сууж явсан машин нь голд живсэн байдаг. Энэ нь санамсаргүй осол байсан бөгөөд тэр хавийн уурхайн ажилчид болон замаар зорчиж байсан хүмүүсийн тусламжтайгаар аврагдаж, хүний амь нас эрсдээгүй байна. Энэ тухай сошиалаар ташаа мэдээлэл тархаад байгаа учир ийнхүү тайлбар хийсэн юм.

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин: Манай “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын талаар сүүлийн хоёр өдөр сошиалаар зөрүүтэй мэдээлэл их явлаа. Ийм учраас бид мэдэгдэл хийж байна. Бид эрх үүргийнхээ дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа. Зургадугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө голыг гаталж байхдаа машин маань усанд живсэн нь үнэн. Сошиалаар гадны нөлөөтэй, хүнд хорлуулчихлаа, алга болсон гэх мэтээр шуугьсан нь ташаа мэдээлэл юм. Бид хууль бус уул уурхайтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж хуулийн байгууллагад шилжүүлдэг. Ингэж явж байгаад голын гарам дээр нүх ухаж түнхэл үүсгэснийг мэдэхгүй орж урсаад живсэн. 4-5метр гүн орж зогссон. Гурван хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Булингартай гүн усанд машины хаалга онгойхгүй, сэлж чаддаггүй хүмүүст ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Азаар машиныхаа ачаан дээр татаж чангааж байж гарсан. Ойрхон байсан уурхайн ажилчид, замаар явж байсан хүмүүс биднийг аварсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 13 километрийн зайд хууль бус уурхайтай таарсан. Гурван экскаватор, нэг ковш, усан буу гэсэн техниктэйгээр модыг тайрч, голыг ухаад алт угаасан усаа Ерөө голтой нийлдэг Угтаал гол руу цутгаж байсныг шалгахад ямар ч бичиг баримтгүй, Дуламханд гэх захиралтай, Хятадын зургаан иргэн байсан. Бид зургийг нь авсан боловч харамсалтай нь голд живэхдээ камер, дрон, утас гэх мэт бүх хэрэгслээ усанд живүүлсэн. Цөөхөн хэдэн баримт л үлдсэн.

Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаа явуулж байгаа талбай /солбилцлын цэг N 49 22 498, E 107 08 586/ нь ой болон усан сан бүхий газар юм. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтэст энэхүү мэдээллээ өгөхөд шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарган үйл ажиллагааг нь зогсоосон.

Замд 4-5 экскаватортой нутгийн хэдэн хүнтэй таарахад зарим нь ажиллаад зарим нь ажиллаагүй байсан. Үүнийг тодруулахад, “Бугант тосгоны байгаль орчны улсын байцаагч Алтанбагана гэх хүнд хахууль өгсөн зарим нь үйл ажиллагаагаа явуулж, өгөөгүйнх нь тоног төхөөрөмжийг хураан авч ажиллуулдаггүй. Төв замын хажууханд хууль бусаар олборлолт хийж байгаа компанийг мэдэхгүй байна гэдэг юу л бол” гэж байсан. Үүнийг нутгийн иргэд ч гэсэн баталж байсан” хэмээн ярьсан юм.

Тус ТББ-ын хувьд өөрсдөө голдуу зардлаа гаргадаг. Мөн гадаадад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-аас тусалж дэмжих тохиолдол байдаг байна. Хийж байгаа ажлыг нь дэмжсэн хувь хүмүүс ч мөн туслалцаа үзүүлдэг аж.

“Бид хэрэв авлига авдаг бол аль хэдийнэ баригдаад шорон оронд орчих байсан. Сэтгүүлчид баримтжуулаад хамтран ажиллаж цуг явж болно” хэмээн тэдний зүгээс мэдэгдэж байсан юм.

У. УРАНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *