Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр (2019.06.06) Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН, ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намаас УИХ, Засгийн газар шаардлага хүргүүлж буй аж. Тэд Оюутолгойн гэрээг яаралтай засах хэрэгтэй хэмээн үзэж байна.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “10 жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулахад олон хүн баярлаж байсан. Харин баярлаагүй, дургүйцэж байсан цөөхөн хүний нэг нь би. Би саад болж байсан учраас 2009 оны сонгуулиар намайг хуйвалдаж унагаагаад, 10 дугаар сард энэ гэрээг байгуулсан. Хэрэв би Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон бол одоогийн энэ гэрээ байгуулагдахгүй байсан” гэдгийг хэллээ. Тэгвэл тэр энэ Оюутолгойн гэрээг байгуулахаас татгалзаж байсан шалтгаанаа
- Монголын талын хувьцаа 34-хөн хувь байгаа нь буруу.
- Монголын өр нэмэгдэж байгаа нь буруу
- Монголын тал хэзээ ч ногдол ашиг авахгүй нь буруу гэж тайлбарлав.
Мөн тэрбээр Монголын баялгийн ашгийг хүртэж, алтан дээр суусан гуйлгачин гэсэн нэрнээс салахыг хүсч байгаа бол Оюутолгойн гэрээг яаралтай засах шаардлагатайг хэлж байна. Оюутолгойн алдагдалтай гэрээ хийснээс Монголын өр өсч, ядуурал нэмэгдсэн гэж тэрбээр үзэж буй аж.