Урин дулаан цаг ирэхэд хүн болгон хөдөө гадаа гарахыг хүсдэг. Гэвч харшилтай хүмүүс эсрэгээрээ гэртээ ч амар тайван сууж чаддаггүй билээ. Ургамлын харшлын улмаас найтаах, хамар битүүрэх, нүд улайж, загатнах, нулимс гоожих гэх мэт шинж тэмдгүүд илэрч таныг зовоож байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.
ХООЛЛОЛТ
Ургамлын гаралтай зарим хүнс нь ургамлын тоосонцрын адил харшлын урвал үүсгэж болох тул хүүхдийн хоол хүнсэнд онцгой анхаарвал зохино. Тухайлбал, зөгийн балаар харшилтай хүүхдээ тордохыг зөвлөмөөргүй байна. Хүүхэд модны тоосонд харшилтай бол: улаан лооль, киви, петрушка, хар чавга, лууван, интоор, алим, самар, тоор жимс өгч болохгүй. Зэрлэг ургамалд харшилтай бол: шийгуа, тарвас, халва, наранцэцгийн самар, майонез, гич, хүрэн манжин, хаш зэргийг хүнснээс хасна. Үрт ургамал харшилтай бол: гурил, квас, улаан буудай, манны каш, пудинг, зайрмаг, эрдэнэ шиш, хиам, кофе орлуулагч зэргээс татгалзах хэрэгтэй.
ГЭРТЭЭ БАЙГАА ХАРШИЛ ХӨДӨЛГӨГЧӨӨС ЗАЙЛСХИЙХ
Та харшлаа намдаахыг хүсэж байгаа бол гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шорооноосоо салж, гэрийн тэжээмэл амьтадаа цэвэр байлгах хэрэгтэй. Ингэснээр тоос шороо, нүдэнд үл үзэгдэх тоосонцороос хамгаалж харшил хөдөлгөх хүчин зүйлсийн нөлөөг бууруулдаг. Мөн уксус нь цонхны тавцан, чийглэг газарт мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг тул хөвөнд шингээж эдгээр газруудыг хөнгөхөн арчихад гэмгүй.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
Та харшлын эмийг хяналтгүй, дур мэдэн авч хэрэглэж болохгүй. Өөрийн биеийн онцлог, нас гэх мэт зүйлсээс хамааран эмчийн заавраар эм авч хэрэглээрэй.
ШАРИЛЖНЫ ХАРШЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭХ
Ийм төрлийн вакциныг 2-3 жил дараалж хийлгэснээр та харшилгүй болох боломжтой. Ерөнхийдөө долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийлгэх ёстой байдаг бөгөөд энэ төрлийн эмчилгээг Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг байна.
Б. САРУУЛ