Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нийгмийн шаардлага

УИХ-ын чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиар батлаад 27 жил болжээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөгөө хангахын тулд өөрчлөлт хэрэгтэй болжээ. Улс төрийн намын санхүүжилт, ил тод байдал хангалтгүй, байгалийн баялгийн алс хэтрийг харсан бодлого залгамж муутай, улс төрийн нөлөөллөөс шалтгаалан төрийн тогтвортой байдал алдагдсан, нутгийн удирдлагын тогтолцоо зохих ёсоор хэрэгжээгүй гэж үзэж байна. Үндсэн хууль өөрчлөлт оруулах нийгмийн захиалаг бий болоод байгааг олон нийт хэлж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг 2016, 2017 онд судаллаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын саналыг нягтлан тусгасан. Ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах шүүх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор өөрчлөлт орууллаа. Ингэхдээ Үндсэн хуулийн зарчмаа агштал баримталсныг онцлох байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийснээр Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтийг засч, УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангана. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болно. УИХ-ын нэр бүхий 63 гишүүн хамтран боловсруулж, өргөн мэдүүлж байна. УИХ-ын дарга аа, эрхэм гишүүд ээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн шийдвэрлүүлж өгнө үү хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдрийн цагаан морин сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барж барьж байна. Долоо хэмжиж, нэг огтлох журмаар энэ хуулийн төслийг боловсруулсан. Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг маргах аргагүй.

Гэхдээ бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Эцсийн дүндээ энэ өөрчлөлт нийгмийн зайлшгүй шаардлага. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлнэ. Эвлэрэл, зөвшилцлийг эрхэм болгож, нийгмийн шаардлагыг хангаж ажиллахыг уриалж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *