Дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлчихсэн юм. Энэ үнэнийг ойлгоход бидний хуучин мэдлэг садаа болж байгаа. Танин мэдэхүйн хамгийн том садаа бол өмнөх мэдлэг, туршлага байдаг гэж гүн ухаантнууд зүгээр нэг сургаагүй. Мэдлэг өөрөө мэдлэгийг хаадаг. Догм болж үгширсэн мэдлэг шиг том садаа танин мэдэхүйн замд тааралдахгүй. Ийм учраас, дорнын мэргэд “Мэдсэн бүхэн чинь үнэнд хүргэхгүй, харин “эргэлзээ” л чиний нүдийг ямагт нээсээр байх болно” гэдгийг захиж сургасаар иржээ. Төөрөгдөл гэдэг бол үнэн хэрэгтээ эргэлзэх чадвараа алдсан танин мэдэхүй гэдгийн учир ч энэ.
Нэгэнт эхэлсэн дэлхийн III дайныг ухаарч ойлгоход дайны тухай бидний ойлголт, өнгөрсөн их дайнуудын туршлага мэдлэг садаа болж байгаа юм. Бидний туршлага мэдлэг юу билээ, ингэхэд.
Дэлхийн нэгдүгээр дайныг хоёроосоо илүү “шударга” байсан гэж зарим нь хэлдэг. Тэд, дайн тулаан ерөнхийдээ фронтын шугам дээр ар талаасаа заагтай өрнөж, цэрэг эрс хоорондоо байлддаг байсныг эш татан санаагаа зөвтгөдөг. Үнэхээр ч дэлхийн II дайнд технологийн шинэ эрэмбэд өрнөж, жишээлэхэд нисэх хүчин идэвхтэй оролцох болсноор ар тал фронтын ялгаа бага болж, энгийн номхон иргэд үйл олноороо хэлмэгдэх болжээ.
Нөгөө зарим нь дэлхийн II дайн өмнөхөө бодвол хамаагүй дүрэмтэй өрнөсөн гэж мэтгэдэг. Дэлхийн I дайнд химийн зэвсэг хэрэглэж хэрэглэж байсан бол II дайнд дайсагнагч талууд “үйл олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүй” дүрмээ барьж байсан. Тэр ч байтугаа хүний түүхийн хамгийн том “махчин” хэмээгдсэн Гитлер ч энд хамаарна гэдэг. Бөөнөөр хорих лагер, хийгээр утан цаазлах энээ тэрээ бол өөр сэдэв.
Дэлхийн II дайны үеэс л фронтын шугамыг давсан дайн улмаар цэрэг арми, хил хязгаар, орон зайн хязгаарыг ч нэгэнт алгасчээ. Дэлхий хавтгай, тэгш болсон гэдэг шиг дайн хүчирхийлэл өөрөө хил хязгааргүй болж хавтгайран, тэгширсэн ажгуу.
Үнэн хэрэгтээ дайн бол дайн, “арай гайгүй дайн”, харьцангуй хүнлэг дайн” гэж байхгүй. Дайн бол асуудлыг хамгийн шударга бусаар шийдвэрлэх хувилбар болсон хүчирхийллийн арга билээ. Өнгөрсөн үеийн энэ мэдлэг туршлага нь бидний урьдынхаас илүү аймшигтай бөгөөд үй олноор нь хөнөөдөг зэвсэг, төсөөлшгүй олон хүний амийг авах аллага, хядлагаар шинэ дайныг төсөөлүүлэх болсон.
Хүний түүхийн бүхий л “Энх тайван” дайнаас дайны хооронд л оршин тогтнож ирсэн нь бас үнэн. Дэлхийн II дайны дараагаар түр зуур амсхийсэн хүн төрөлхтөн үнэн хэрэгтээ III дайндаа шуурхай бэлтгэж эхэлсэн. Учир нь энх тайван амьдрал нь яван явсаар дайнд л хүргэнэ гэдгийг хүн төрөлхтөн зөнгөөрөө мэдэрч байсан байх л даа. Төрсний эцэст үхэх нь амьдралын жам гэлээ гэдэг шиг ямар ч энх тайван дайнаар дуусдгийг хүн төрөлхтний түүх сургасаар ирсэн болохоор буруу ч юу байх вэ?
Бас дайнд зөвхөн ялагч тал л зөвддөг учраас бүгд л шинэ дайнд нойр хоолгүй бэлдсэн гэж ч болно. Энэ утгаараа хүний түүхийг “дайтсан болон дайнд бэлтгэсэн” хэмээн хоёр хуваасан ч бас болно.
Хүн төрөлхтөн шинэ дайнаа янз бүрээр л төсөөлж ирсэн. Хүчирхэг гүрнүүд энхтайвныг хамгаалах нэрийн дор бүтээсэн цөмийн зэвсгээ хэрэглэж, дэлхий сүйрнэ гэдэг бол хамгийн түгсэн төсөөлөл. Улмаар, дэлхийн III дайны үр дүнд цэрэг зэвсгийн хүчээр нэг нь нөгөөгийнхөө нутаг орныг булаан эзэлж, дэглэмээ тогтоосноор манай гаригийн улс төрийн зураг өөрчлөгдөнө гэдэг бол мөн л өнгөрсөн үеийн мэдлэгээс ургасан төсөөлөл.
Томоохон гүрнүүд цэргийн хүчээр өөр нэг орон руу довтолж, түүнд нь хавь орчин, дэлхий даяараа татагдан орсноор глобаль дайн эхэлж, төгсгөлд нь улс орнуудын хил өөрчлөн зурагддаг тухай итгэл үнэмшил нь бас л бидний өнгөрсөн үеийн мэдлэг туршлага.
Өнгөрсөн үеийн мэдлэг туршлагын хүлээсэнд орсон хүн төрөлхтөн “Нэг өглөө Америкийн, эсвэл Оросын арми өргөн фронтоор довтолгоо эхлэх маягтайгаар дэлхийн III дайны хонх цохино” гэж хүлээсээр иржээ.
Гэтэл, дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлчихсэн, бид хүссэн хүсээгүй түүнд татагдан орчихсон явж байдаг.
Дайны зорилго нь нэг орон нөгөөгөө алан хядах, бөмбөгдөн сүйтгэх замаар эдийн засаг, санхүүгийн чадамжийг бууруулаад өөрийн улс төр эдийн засгийг нь эрхшээлдээ оруулах явдал. Зорилго нь ялагдагч орон өөрөө өөрийгөө хэвийн журмаар тэжээн тэтгэж чадахгүй болох, улмаар үндэсний баялгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй болоход л оршино. Энэ зорилгод хүрэх шалгарсан багаж нь цэрэг арми байсан болохоор хүн төрөлхтний ой тойнд “Дэлхийн дайн”-ны тухай үгширмэл ойлголт үлдсэн юм.
Хүн алж, хот балгадыг бөмбөгдөх нь дайны эцсийн зорилго биш, харин зорилгодоо хүрэх арга хэрэгслэл төдий байжээ. Дайнд заавал сая сая хүн үхэх албагүй, хот барилга балгас болон үлдэх шаардлагагүй. Хамгийн гол нь ялагдагч тал эдийн засаг, улс төрийн хараат байдлаа л алдсан байх ёстой.
Гэтэл бид, дайныг эцсийн зорилгоор нь биш, харин арга хэрэгслэлээр нь төсөөлөн үлдсэн учраас хилээ хамгаалах, байлдаанд бэлэн байхыг л чухалчлан төсөөлсөөр, хятад ч юмуу, оросууд довтлоод ирвэл байлдаад ялчих юм шиг төлөвлөөд л суугаа.
Буун дуу, танкны чимээ хүлээн нуувчиндаа хэвтэх зуур дэлхийн шинэ дайн биднийг нөмрөн аваад, байлдаанд татан оруулчихсан байна.Орчин үеийн техникийн дэвшил, технологийн орчин нь шинэ дайны шинэ дүр төрх, орчныг бий болгож.
Америкийн болон Европын сонгууль, Брекситийн санал асуулгад Орос улс хөндлөнгөөс нөлөөлж чадсан. Жишээ нь, Британийн арал, далайн чанадад байлдахын тулд заавал десант буулгаж, диверсантууд илгээх хэрэггүй гэдгийг хэлээд өгч байна. Америк-Хятадын худалдааны дайн заавал цэрэг илгээхгүйгээр бие биеийнхээ эдийн засаг довтолж, бодлогоор бөмбөгдөж болдог болсныг хэлээд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн III дайны гал өмнөд хөршид дүрэлзэж байнга гэсэн үг.Оросын эсрэг барууны хоригууд чангарсаар байгаа нь умарт хөрш дэлхийн III дайнд аль хэдийнэ татагдан орсныг харуулж байгаа хэрэг.
Манайх ч ялгаагүй, барууны хөрөнгө оруулагчдыг хөөж, бие биенээ ар өврөөс нь “хутгалах” ажил оргил дээрээ гарсан нь дэлхийн шинэ дайнд аль хэдийнэ хамрагдан орж, Монгол оронд шинэ цагийн дайны утаагүй гал дүрэлзэж байгаагийн баталгаа.
Цаашдаа, дайн гэдэг ойлголт төсөөллөөс даван шинэчлэгдсэн шигээ тусгаар тогтнол, хил хязгаарын тодорхойлолт ч санаа савнаас халих нь гарцаагүй.
Дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлсэн, манай орон руу ч “дайсан” аль цагийн довтолсон. Байлдаж байгаа орнууд бие биедээ инээмсэглэн ёсорхож, хил хязгаар нь нээлттэй байж, иргэд нь чөлөөтэй зорчих нь дэлхийн шинэ дайны бас нэгэн шинж болж байна. Хүн алалгүйгээр дайны зорилгыг биелүүлж болдог болсон нь дэлхийн III дайны өмнөхөөсөө ялгарах онцлог гэсэн ч болно.
Манай орныг сүйртэл самрах ажлыг дайснууд цэрэг илгээн үйлдэхийн оронд биднээр өөрсдөөр нь хийлгэж байгаа.Дахин тэмдэглэхэд дайны эцсийн зорилго нь хүн алахад биш, эдийн засгийг “алах”-д оршдог. Улс төр нь байгаа учраас тэр улсын эдийн засаг байдаг юм биш, тэнд улсаа аваад яваад явчих эдийн засаг байгаа учраас улс төр, тусгаар тогтнол нь оршиж болоод байгаа. Нэмээд хэлэхэд, цэрэг байгаа учраас эх орон хамгаалагддаг юм биш, цэрэгтээ өгөх хоол, зэвсэг авах мөнгөтэй учраас л эх орон хамгаалагддаг юм.
Дайн нэгэнт эхэлсэн, бид аль хэдийнэ татагдан орсон. Харин энэ дайнд хэн ялах вэ гэж үү? Нэрлэхэд хэцүү ч нэг зүйл тодорхой байгаа нь: “Дайны тухай хуучин ойлголттой нь ялагдана”