Б.Сэр-Одын шагналт зохиолч, яруу найрагч Д.ГАНСАРУУЛ
НОЯА
До, Си хоёрт тохиолдсон түүхийг өгүүлэгч бивээр уншигч та нарт эхлээд өөрийгөө зурс ч болтугай танилцуулах нь зүйтэй байх. Намайг хүмүүс хатагтай Нояа гэж товчлон дууддаг. Нүүе, Нооя, Нуяа гээд очсон газрынхан нутгийн аялгаараа өөр өөрөөр нэрлэнэ. Нэг хот, нэг газартаа жил гаран, заримдаа хагас жил л ажилладаг. Гэхдээ тухайн газрынхан номонд хэр дуртай, хүүхдүүд нь номын сан руу ирдэг үү гэдгээс хамаарч тэнд хэдэн сар саатахаа шийддэг. Явуулын номын сан ажиллуулдаг эмэгтэй. Номын санд зорьж очдог нас, үе гэж бий л дээ. Зарим нь албан шаардлагаар номын санг зорих нь бий. Би явуулын номын сангаа тухайн хот дотор долоо хоног тутам нүүлгэдэг. Дараачийн хот руу нүүж очихдоо хамгийн түрүүнд хотын захиргааны байранд нь очиж хотын захирагч, дарга зэрэг албан тушаалтнуудтай уулзаж зөвшөөрөл хүсч гар барьдаг. Гэрээ хийж бага ч болов цалин өгч, бүр зочид буудалд өрөө гарган өгч өдөр бүр хүрэлцэн ирж мэнд мэддэг хотын удирдлага байхад үүдэндээ олон цаг хүлээлгэчихээд “Дараа ир” гэж тоомжиргүй хэлдэг нь ч байна. Тийм хүмүүстэй нэг ширээний ард сууж ажил хэрэг ярина гэдэг цаг үрсэн ажил болно биз.
Номыг чимээ багатай орчинд уншвал таатай учир номын сангаа хотын зах, эсхүл цэцэрлэгт хүрээлэн бараадуулан зөөнө. Нам гүм, тайван хороололд ч бас очно. Хорь гаруй мянган номтой миний явуулын санд байхгүй ном үгүй. Том чингэлэгтэй энэ машиныг 1976 оны хуучны тэргээрээ сольж авч байлаа. Номын сандаа сар тутам шинэ ном нэмнэ. Өдөр бүр арчилж тордож, хавтсыг нь засч сэлбэж, хэн хэнд ямар ном өгснөө бичдэг тэмдэглэлээ шалгана. Явуулын номын сан ажиллуулсан хорь гаруй жилийн түүхэндээ би нэг ч номоо гээгээгүй. Зорьж ирж ном түрээсэлдэг хүмүүс жинхэнэ уншигчид байдаг юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байрласан үед уншигч ном аваад моддын дор, зүлгэн дээр сууж уншиж байгаад буцаагаад өгнө. Маргааш нь ирээд үргэлжлүүлж уншдаг уншигч олон. Ажлынхаа тухай яривал яриад л баймаар. Хүмүүс номын сангаар минь шагайгаад хамгийн түрүүнд “Та энэ номуудыг бүгдийг нь уншсан уу” гэж гайхаж асууна. Бүгдийг нь биш юм аа гэхэд хоёр мянгыг лав уншсан л байх.
НИЛНОРТФУРДС
Ингээд До, Сид тохиолдсон түүхээ эхлүүлье. Хоёр жилийн өмнө болсон явдал л даа. Тэр хотоос нүүгээд замдаа далайн эргийн хотод найман сар саатаад одоо байгаа энэ хотод ирээд хагас жил болж байна. Том хотуудаас аль болох зайлсхийж, аялал жуулчлал хөгжсөн, том үйлдвэр юм уу уурхай түшиглэсэн, байгалийн үзэсгэлэн дунд оршдог жижгэвтэр хотуудад очих нь миний хүсэл. Тэр дагуу Нилнортфурдс хотод хөл тавилаа. Ой дунд байгуулагдсан энэ хотынхон өглөө унадаг дугуйгаа жийгээд хөнгөн тэргээ бариад ажилдаа гарцгаана. Алт олборлох уурхай хотын хойморт байдаг Блиурок уулнаас зүүн тийшээ арван бээрийн алсад. Орой арван есөн цагт өдрийн ээлжийнхэн ажилчдын автобуснаас буухад зөрөөд шөнийн ээлжийнхэн сууна. Хотын хөл хөдөлгөөн үүрээр л намддаг ч өглөө зургаан цагт уурхайн шөнийн ээлжнийнхэн ирнэ. Энэ хотын амьдрал уурхайн ажилчдын ээлж солигдох мөчөөр л хэмжигддэг мэт. Хот хэдийгээр алтны уурхайг түшиглэсэн ч байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнгээрээ дотоодын жуулчдыг татдаг бүс нутаг гэдгийг хотын даамал хэлж байсан билээ.
Ийм л хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс нь амгалан хэрнээ завгүй хотод До, Си гэх хоёр охин амьдардаг.
ДО
До гэдэг нь нэр нь биш л дээ. Ширэлдсэн тас хар үсээ үргэлж задгай тавьж, нүднийхээ давхрааг хараар сүүдэрлэж, уруулаа хар бараан өнгөөр будна. Арван зургаан нас хүрсэн өдрөөр эцэг нь түүнд моторт дугуй бэлэглэж “Болгоомжтой байдаг юм шүү” гэхэд эх нь “Чи нагац ах Финолтагаа санаж байгаа биз дээ” хэмээн гонгиножээ. Финолта одоо энэ хотод шатахуун түгээгүүрт ажилладаг тэргэнцэртэй нэгэн. До ханцуйг нь шуусан савхин хүрэм өмсөж, хамгаалалтын дуулгаа хаа ч явсан сугавчилна. Эцэг Дуниэл нь уурхайд арван долоотойгоосоо ажиллаж, дөрвөн жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Харин ээж нь хотын ахлах сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад томоохон төсөл хэрэгжүүлж өөрийн гэсэн хүлэмжтэй болсон сүйхээтэй нэгэн. Хүлэмжиндээ турк гаралтай гэр бүл болох Алхашгептийнхнийг ажиллуулдаг. До арван зургаан нас хүрээд хотын нөгөө зах дахь зоогийн газарт ажилд оржээ. Байнга шахуу шөнийн ээлжинд ажиллана. Өглөөгүүр орж ирээд шүршүүрт зогсож байгаад гарч ирэхээр эх нь “Охин минь, өглөөний мэнд” гэхэд “Өглөөний мэнд!” гэж эвшээлгэн хэлээд өрөө рүүгээ явж одно. Охин нь өдөр ирэх бүр эцэг эхээсээ хөндийрч байгааг Дуниэл оройн хоолны дараа эхнэртээ хэлэхэд цаадах нь чимээгүй л толгой дохиж “Үргэлжлүүлж сурахгүй, ажил хийнэ гэж зөрүүдэлснийхээ горыг амсаж байгаа биз. Ажиллая гэвэл бэлэн хүлэмж байна. Гэтэл хотын нөгөө талд очиж зоогийн газарт зөөгч хийж шигддэг нь утгагүй” хэмээн байнга хэлдэг хэдэн үгээ давтав. До эршүүд нь дэндсэн охин. Дуу хоолой нь ч бүдүүн, баргил. Явдал гишгээ нь ширүүн дориун.
СИ
Си бол Бүүл, Жесика хоёрын өргөмөл охин. Насаараа үр хүүхэдгүй байсан эднийд Си цас шиг бударч, бороо шиг шаагиж ирсэн үр нь. До, Си хоёр дотночлон нөхөрлөнө. Яагаад гэвэл Бүүл, Дуниэл хоёр багын найзууд. Баяр ёслол, амралтын өдрүүд, сүмийн мөргөлд энэ хоёр гэр бүл байнга хамт ирцгээдэг.
До бүдүүн дуутай бол Си хоолойгоо шахаж ярьж байгаа мэт хахирган дуу хоолойтой. Хотынхон үүнийг нь шоглож до, ре, ми, фа, соль, ля, си, до гэсэн өнгөний хамгийн дээд, доод өнгөөр охидыг хочилсон нь энэ. Дог Бэлла, Сиг Тэтитэнифа гэдэг, уг нь.
ЗАХИДАЛ
Си манай номын сангаас үлгэрийн ном, “Дэрсэн хөлт охины явдал” зурагт цувралыг авч уншина. Бүүл, Жесика хоёр үрийн зулай үнэрлэх гэж алдартай эмч нарт хандсан ч тусыг олоогүй. Си гэх энэ жижигхэн охин 12 настайгаасаа Жесика руу захидал бичдэг байжээ. Төрөхдөө л үс, хөмсөггүй мэндэлсэн болохоор эх нь нэг настайд нь голж орхиод асрамжийн газарт авчирчээ. Голно ч гэж дээ, Герман гаралтай эрийг дагаад гадагшаа явчихаж. Асрамжийн газрын хүүхдүүдийн азтай нь аав, ээжтэй болдог бол Си мэтийн хүүхдүүд жинхэнээсээ гологдоод үлдсээр 16 нас хүрнэ. Тиймээс асрамжийн газрынхан сүмийн номлогчтой хамтраад “Хайрын захиа” нэртэй аян зохиож, үр хүүхэдгүй гэр бүл, ганцаараа амьдардаг хөгшчүүд рүү асрамжийн газрын хүүхдүүдийг захидал бичүүлдэг болжээ. Сид Нилнортфурдс хотын Бүүлийн гэр бүл таарчээ. Си анх захидал бичихдээ л энэ аян өөрт нь таалагдахгүй байгааг, танихгүй хүмүүстэй захидлаар харилцах нь албадлагын маягтайг ний нуугүй бичжээ. Мөн өөрийн өвчин, гадаад төрхийг ч дүрсэлжээ. Жесика захидал бүртээ Сиг харахыг хүсч байгаагаа илэрхийлэхэд “Цаг нь болохоор би тан дээр очно” гэдэг байжээ. Жесика нөхрөөсөө дөрвөн насаар дүү ч гэлээ түүнээс ч овор багатай харагддаг, нуруулаг сайхан эмэгтэй. Нуруугаа дагасан урт үсээ үргэлж ороож, даашинз өмсөнө. Өөрөө үр хүүхэдгүй болохоор бусдын хүүхдэд чин сэтгэлээсээ ханддаг. Ялангуяа найз Дуниэлийн охин Дод хачин их хайртай. Эхийн хэвлийд байхаас нь өнөөдрийг хүртэлх бүхий л амьдралыг нь эх шиг нь мэднэ. До арван нэгэн настайдаа дугуйнаас унаад толгойдоо гэмтэл авч эмнэлэгт хэвтэхэд Жесика сахиж, бүр цусаа өгсөн ачтан. Сувилагч нар Дог “Жесикагийн охин” хэмээхэд Жесика хязгааргүй баярлажээ. Тэр жилийн Зул сарын баярын өмнөх орой Бүүлийнхэн уламжлал ёсоор Дуниэлийнд ирж баяраа тэмдэглэжээ. Гэрийн эзэгтэй Францаас ирсэн 1963 оны усан үзмийн дарс гаргаж ирж зочдоо дайлж. Балга дарсанд л нүүр нь улайж, толгой нь эргэдэг Жесика ном уншиж хэвтсэн Догийн дэргэд очиж суужээ. Жесика Догийн гарыг үнэрлэж, үсийг илбэж өөрт нь ямар их хайртайгаа, байнга хамт байх хүсэлтэйгээ, өөр шиг нь охинтой болохсон гэж мөрөөддөг тухайгаа хэлэхэд “Та Санта Клауст захидал бич. Би маргааш их дэлгүүр орохдоо аваачиж өгье. Миний бичсэн бүх хүслийг тэр биелүүлсэн” гэжээ. Жесика нулимсаа арчин инээж “Тэгье” гэжээ.
ХҮСЭЛ
Жесикагийн хүсэл тээсэн захидлыг До маргааш нь их дэлгүүр орж Сантад өгчээ. Гуравдугаар сарын сүүлээр бороо, цас холилдсон, дулаахан өглөө Бүүлийнд шуудан ирсэн нь Сигийн захидал байжээ.
Тэр өдрөөс эхнэр нь огт өөр хүн болж өдөр бүр хоолны жорны ном эргүүлж, орой очиход шинэ хоолоор дайлах болжээ. Нөхрөөсөө “Шинэ кино иржээ. Парк явъя. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхъя. Нохой авч өгөөч” гэдэг хүсэлт тавьж, тэр бүгдийг нь биелүүлэхдээ ч Бүүл жаргалтай байжээ. Си гэх охин энэ айлд гэрэл нэмжээ. Гурван жилийн турш захидлаар харилцахад хэн хэн нь хугацаа хождуулаагүй байна. Си арван зургаан насны төрсөн өдрөөрөө бялуу үлээж буй зургаа Жесика руу илгээжээ. Халзан толгойтой, хөмсөггүй ч харц нь ихэд танил байжээ. Жесика тэр зургийг нь олшруулаад унтлагын орны толгой, толь, хөргөгчний хаалган дээрээ наажээ.
УУЛЗАЛТ
Си зургаа илгээснээс хойш гурван сарын дараа Бүүлийнд иржээ. Хонх дарчихаад тэвдэн зогссон Сиг Жесика танингуутаа мөрөөр нь тэврээд уйлжээ. Си сандарч Жесикаг бас тэврэхэд тайвшрах шиг болжээ. Явуулын цоожтой чемодан, үүргэвчтэй ирсэн Сид зориулж хоёр давхарт том гэгчийн өрөөг тохижуулжсан байлаа. Түүний дуртай тоорын ягаан өнгөөр бүхнийг хослуулсан өрөө Сид ордон мэт санагджээ. Угталтын зоогийн ширээний ард гурвуулаа суухад Бүүл “Си, миний охин. Сургуульд үргэлжлүүлэн сурч, дуртай дугуйландаа элсэх үү. Эсвэл гэрээр багш авсан ч болно” гэжээ. Си гэрээр багш авч, орой нь цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг болов. Си “Би олон жил ганцаараа амьдарсан болохоор ганцаараа алхах нь намайг тайвшруулдаг. Тэглээ ч би ном унших дуртай. Явуулын номын сангийн Нояа эелдэг эмэгтэй” гэжээ. Си оройн хоолны дараа өрөөндөө орж залбирал уншина.
Удахгүй Си орчиндоо дасаж, бүр Дуниэлийн охин Дотой нийлж явган аяллаар явдаг болжээ. Охидоо нөхөрлөж байгаад эцэг эхчүүд нь бурхандаа баярлаж, талархдаг байжээ. Си “Би бүтэн сайны мөргөлд явахгүй. Гэртээ байя. Орой болгон мөргөл үйлддэг надад тэр бол илүү” гэснийг нь Жесика, Бүүл хоёр ёсоор болгожээ.
Си өдөржингөө цэцэрлэгт хүрээлэнд сууж ном уншиж байгаад оройн хоолны дараа иржээ. Тэгээд “Би энд маш их жаргалтай найман сарыг өнгөрүүллээ. Багаасаа би том хотод амьдрах мөрөөдөлтэй байсан. Ажил хийж мөнгө хуримтлуулаад хагалгаанд орно. Үс, хөмсөг суулгуулж гоё болоод ирье” гэжээ. Энэ үгийг сонсоод Жесика дуугаа хураагаад өрөөнөөс гарч одоход Бүүл араас нь явжээ. Өглөө нь Си ширээн дээр “Номын сан явлаа” гэсэн зурвас үлдээсэн байв. Бүүл эртнээс л эхнэртээ хэлье гэж бодоод тэвчиж байснаа хэлэв. Бүүл “Бид Сид тийм ч их итгээд хэрэггүй болов уу. Сайн судалъя. Асрамжийн газар руу нь утасдаж, бичиг баримтыг нь харъя. Хагалгааны мөнгө нэхэж байна шүү дээ. Чамд энэ бүхэн ямар нэг зорилготой юм шиг санагдаж байна уу” гэжээ. Жесика ихэд уурлаж “Битгий донгод” гэжээ. Жесика гудамж руу гарч цэцэрлэгт хүрээлэн рүү алхаж байхдаа “Муу мулгуу. Миний охиныг доромжлох эрх байхгүй” хэмээн үглэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэж нөхөртөө гомдов. Цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрласан чингэлэгт номын санд очлоо. Нояа “Хатагтай, Жесика! Өдрийн мэнд. Охин тань өнөөх цувралаа аваад явсан. Цаагуур тань суугаа байх. Эсвэл Фамилягийн кафед ч очсон байж мэднэ” гээд инээмсэглэжээ. Жесика охиноо олсонгүй. Гэртээ ирээд өрөөнд нь ороход Бүүл Сигийн цоожтой чемоданыг хөшөөд онгойлгочихож. Тэгээд буцаагаад хэвэнд нь оруулах гээд алх, бахь хажуудаа тавьсан байлаа. Жесика уйлан хашгирч “Чи эндээс зайл” гэжээ. Сигийн хувцас, До, Жесикатай хамт авахуулсан зураг, Улаан өндөгний баяраар Сид авч өгсөн үнэртэй ус зэрэг нь л чемоданд нь байжээ. Бүүл буцан ирж босгон дээр зогсоод “Ямар ч баримт бичиг байхгүй байна” гэв. Жесика өдөржингөө буйдан дээр хэвтсэн ч дугхийсэнгүй. Оройн хоолны өмнөхөн Си орж ирэхэд Жесика угтан тосоод “Аавыгаа уучлаарай, тэр чамд бүрэн итгэхийг хүсчээ. Харин би чамд өөрөөсөө ч илүү итгэдэг. Охин минь, аавыгаа уучил” гэж гарыг нь зөөлөн атгаж гуйв. Бүүл хоолны ширээний ард юу ч ярьсангүй. Жесика охин, нөхөр хоёрынхоо нүүр лүү ээлжин харж, ямар нэг юм бүү болоосой гэж түгшсэн нь нүүрэн дээр нь ил байлаа.
Си өрөөндөө орж ирэхэд хуучин чемоданыг нь суллажээ. Жесика араас нь орж ирж бүхнийг тайлбарлах гэхэд Си Жесикаг тэвэрч “Би аавдаа хайртай. Та битгий ай. Юу ч болохгүй” хэмээгээд “Би Дотой долоон хоногийн явган аяллаар явах гэж байгаа” гэв.
ДО
До Нояа дээр ирж түрээсэлж авсан номнуудаа үүргэвчнээсээ гаргаж ирээд “Яахаа мэдэхээ байлаа” гэхэд Нояа түүнийг дагуулаад хойд жижиг өрөөндөө оруулав.
Хотын ерөнхий архитектор Гупэр ирж хонх дарав. Нояа арын өрөөнөөсөө гарч ирээд “Ноён Гупэр! Оройн мэнд. Танд санал болгох шинэ ном бий шүү” гэлээ. Гупер “Нилсоны номнууд байна уу” хэмээгээд “Ээлжийн амралтаараа унших хэдэн номны жагсаалт гаргасан” гээд цаасан дээр бичсэн жагсаалт үзүүлэв. Нояа жагсаалтыг гүйлгэж уншаад “Ноёнтоон, та маргааш өглөө ирэхэд би бэлэн болгочихъё” гэв.
ӨГЛӨӨ
Өглөө нь Гупер ирж захисан номнуудаа авч явахад Си зөрж орж ирлээ. Зурагт номнуудаа нэхсэнгүй. “Нояа авхай. Надад гарц хэрэгтэй байна” гэж аяархан хэлэхэд бас л арын өрөө рүүгээ дагуулж орлоо. Тэгтэл гучаад хормын дараа Жесика номын санд ирээд Сиг сураглахад “Хатагтай охин тань өнөөдөр зурагт номоо аваагүй. Аяллын ном…бас бас…за би тэмдэглэлээ хараадахъя. За тэр “Майхан барих аргачлал” авсан байна. Танайх аяллаар явах нь уу” гэлээ. Жесика уруулаа үл мэдэг хөдөлгөн инээмсэглэх дүр үзүүлснээ “До, Си хоёр явган аялалд явахаар зэхэж байгаа” хэмээн явдал дундаа хэлснээ баяртай ч гэлгүй гараад явчихав. Нояа арын өрөө рүүгээ буцан орлоо.
БҮҮЛ
Дуниэл мод бэлтгэлийн баазад очиж Ричардсаас зээлсэн мөнгөө нэхэв. Цаадах нь “Долоо хоногийн дараа өгнө. Тэгэхэд хүрээд ир” гээд үдэж гаргав. Машин руугаа алхаж явтал Бүүл айсуй. Түүнтэй уулзав. Бүүл “Жесикагийн өнөө их жаргал үгүй боллоо. Сиг би сэжиглээд байгаа. Бид хоёроос мөнгө салгах санаатай юм шиг ээ. Чемоданыг нь эвдэж эд юмсыг нь онгичиход ямар ч бичиг баримт гарч ирээгүй. Жесикагийн захидлууд л байсан. Би түүний байсан асрамжийн газар руу холбоо барихад тэнд Тэтитэнифа гэж хүүхэд огт байгаагүй гэсэн. Шуудангийн хайрцагны хаягийг нь бүхэл бүтэн дөрвөн жилийн турш ашигласан байна. Жесикагийн захидал тэр асрамжийн газарт очиход замаас нь аваад манай хот руу илгээдэг байсныг тэндхийн шуудангийнхан өнөө өглөө хэллээ. Үүнийг Жесикад хичнээн хэлэхийг хүссэн ч намайг сонсохыг хүсэхгүй байна” гэж аяга шар айрагны хойно хэлэв.
ЯВГАН АЯЛАЛ
Хоёр охиноо явган аяллаар явж байгаад Бүүл, Дуниэлийнхэн баярлаж байлаа. Бүүл эхнэртэйгээ Сигийн тухай дахиж ярихгүй байхаар тохиров. Бямба гаригийн орой Дуниэлийнд оройн зоог барьцгаав. Жесика охинтой болсноосоо хойш ингэж өөртөө цаг гаргаж, дотны найзуудтайгаа үдшийг аятай өнгөрүүлээгүй удсанаа мэдлээ. Дарс түүнийг согтоож, хөгжмийн аянд аз жаргалтайгаар бүжлээ. Догийн ээж “Би бүр охинтойгоо ойлголцохоо байгаад удаж байна. Танайх руу хамт явъя гэхэд илтэд дургүйцдэг болсон. Чамайг охинтой болчихоор өөрийг нь тоохоо байсанд гомддог бололтой муу чөтгөр. Зоогийн газарт ажиллаад өөрийгөө тэжээх бодолтой юм байх аа. Коллежид орох бодолгүй хүн бололтой. Гутлын тосоор уруулаа буддаг болсон” гээд тасхийтэл инээхэд Жесика ч инээв. Үнэхээр ч тэгжээ. Жесика Сиг ирснээс хойш Дотой ганц удаа л тааралдахад цаадах нь 1980-аад оны рок хамтлагийн гоцлол дуучинг санагдуулам төрхтэй болсныг санав.
Жесика, Бүүл хоёр машинаа үлдээгээд дуудлагын тэргээр үдэш гэртээ ирэв. Өглөө нь Бүүл гүйж ирээд шуудангийн хайрцганд нь хоёр захидал, нисэх онгоцны загварын сэтгүүл ирснийг аваад дотогш орлоо. Нэг дугтуйнд нь Бүүлийн төрсөн өдөрт зориулан холын хамаатных нь илгээсэн ил захидал байлаа. Нөгөө захидал нь Тойргийн шуудан харилцааны албанаас ирсэн тодруулга байв. Жесикагийн асрамжийн газар руу бичсэн захидлыг тэр дор нь Нилнордфордсын баруун хэсэг, 17 дугаар өргөн чөлөөний 1012 руу яаралтай илгээж байх онцгой гэрээний хуулбарыг хавсаргажээ. Энэ бол Дуниэлийн гэрийн хаяг билээ. Бүүл сэтгүүлийн ширээний ард сууж уг гэрээг нэг бүрчлэн харав. Гэрээний доод талд “Авралын зарын тунхаг-Хайрын зарч нийгэмлэг” гэсэн хаяг байхыг харлаа.
НОМЫН САН
Явуулын номын сангийн маань чингэлэг зайтай учир хамгийн ард нь жижиг өрөө гаргасан билээ. Энд би гэр бүлийн цомог, хамгийн нандин гэсэн болгоноо хадгалдаг. Шалаар нь хивс дэлгэж, жижиг буйдан, ажлын ширээ байрлуулсан. Бүгдийг нь шал, ханатай нь бэхэлж, номны дайтай жижиг салхивч гаргасан болохоор эндээ амьдарсан ч болдог. Номын сан дотор цай чанаж болохоос биш хоол хийж яавч зохихгүй. Ном, тэр дундаа хуучны ном үнэрийг гойд шингээдэг. Номнуудын эдэлгээг сайжруулахын тулд уур гаргагч ажиллуулна. Тоосны харшлаас сэргийлж, агаар сэлгэлт ч хийнэ. Энэ явуулын номын сан бол миний ганц өв хөрөнгө. Олон жил ингэж явуулаар амьдрахаар нэг газраа удаан тогтохоо байж, энэ муу чингэлэгтэй ачааны машинаа бариад л дуртай газраа очоод буучихна. Энэ номнууд миний бүх юм, үйлчлүүлэгч, номонд дуртай хүүхдүүд миний гэр бүл болчихсон. До бол сайхан сэтгэлийн эх булаг болсон охин. Надад гоньдтой шөл, бин, шарсан тахиа авчирч, эрдэнэшишийн боовоор дайлж халуун цай хандалж өгдөг халамжит хүүхэд билээ. Нилнортфурдст ирээд дөрөв л хонож байхдаа Дотой танилцсан. Охины ямар нинжин сэтгэлтэйг түүний надад ярьсан түүхээс мэдээд чин үнэнээр түүнийг биширсэн юм.
АЯЛЛААС ИРСЭН НЬ
До арван долоон цагийн үед гэртээ ирэв. Эх нь тосч аваад “Чи долоо хоноод ирнэ гэсэн. Яагаад хоёр хоногийн өмнө ирэв, юу болов. Эцэг чинь чамайг хүлээж байгаа. Чи тайлбар хийх болох нь дээ” гэлээ. До цүнхээ үүдэнд орхиод ээжээсээ холдохын тулд гал тогоо руу зүглэхэд “Чи Жесикатай Сигийн өмнөөс захидал бичдэг байсан уу. Чи яах гэж айлын амьдралд оролцдог юм. Чи өөрийгөө ямар үзээрийн болоод байгаагаа толинд харсан уу” гэж үргэлжлүүлэн үглэсээр дагав. До хамаг нууц нь задарч, ээж нь зах зухаас нь цухуйлгаж байгааг мэдэв. Дуниэл шатаар бууж ирээд Дог буйдан дээр суу гэж дохив. Ээж нь үглэхээ зогсоосонгүй. До буйдангаас огло харайн босоод “Явлаа, ажил руугаа” гээд гарч одов.
Си оройхон гэртээ ирэхэд Жесика тэвэрч аваад хоёр хацрыг нь ээлжлэн үнсэж “Миний охин чи ажил хийхгүй. Ээж нь мөнгийг нь өгнө. Хоёулаа хамт явж хагалгаанд оръё. Хайрт охин минь” гэж зөөлөн шивнэхэд Бүүл “Тэгж ярихгүй шүү” гэлээ. Си гартаа барьсан цүнхээ унагав. “Чи хаанаас ирсэн хэн гэдгээ хэл. Чиний амьдардаг байсан асрамжийн газар руу ярьсан, энэ хар” гээд баахан бичиг цаас сарвайснаа Си рүү шидэв. Си “Аав аа” гэж өнөө гонгиносон хоолойгоор өрөвдмөөр дуугарахад “Би чиний аав биш. Чи бол залилагч” гэв. Си тэр шөнөө унтаж чадсангүй. Өглөө эрт Жесикагийн дэрний хажууд зурвас үлдээгээд гарч иржээ.
“Ээж ээ, намайг уучлаарай. Би тантай өөрөө холбоо барина. Сайн сайхан цаг ирнэ. Та хоёр надаас болж муудалцаж болохгүй. Хэрэв тэгвэл би өөрийгөө буруутгана. Си” гэж бичжээ. Сиг ээж нь хайж, мэдээж над дээр ирсэн. Би Сигийн хэл гэснийг хэлсэн. “Битгий хай. Би өөрөө тан дээр ирнэ. Хоолоо сайн идэж, бөх нойрсож байгаарай” гэснийг нь дамжуулав.
ДАРАА НЬ
Хүмүүсээс сонсох нь ээ, Жесика охиноо зугтсанд нөхрөө буруутгаагүй бөгөөд удахгүй ирнэ гэдэгт итгэжээ. Бүүлийн гомдлын дагуу цагдаа нар хэрэг мөрдөж, Си гэж хүүхэд огт байгаагүйг нотолж, энэ хэрэгт Дог буруутгав. Учир нь Жесикад бичдэг байсан захидлуудын бичгийн хэв Догийнхтой таарчээ. Бүр захидлууд дээрх хурууны хээ нь түүнийх болохыг шинжээч гаргаж иржээ. Хот даяар шуугиан дэгдэж Си охиныг До цааш харуулсан тухай яриа гарч. Хөөрхий До буюу Бэлла эцгийгээ дагаж цагдаагийн газарт тайлбар өгчээ. Энэ хэрэг тэгсхийгээд намдаж, Бэллаг шүүгчийн захирамжаар сургуульд нь буцаан оруулж, хотын нийгмийн асуудал эрхэлсэн ажилтнууд Дуниэлийнд долоо хоног тутам очиж, зөвлөгөө өгдөг болжээ. Жесика Бэллатай уулзан “Миний охин ирнэ. Би итгэж байгаа. Чамайг охины минь өмнөөс захидал бичдэг байсанд баярлалаа. Чи бол охин бид хоёрын хамгийн сайн найз” гэжээ.
Бэлла хичээлээ тараад манай номын санд ирнэ. “Дэрсэн хөлт охины явдал” зурагт цувралыг уншиж байгаад яваад өгнө. Дахиад нэг ирэхэд нь явуулын номын сангаа Зүүн эргийн жижиг хот руу нүүлгэх гэж байгаагаа хэлэв. Бэлла надтай хамт номнуудыг минь цэгцэлж, түрээсээр авч одсон номнуудыг олж авчирч тусаллаа. Маргааш өглөө нь намайг машинаа хөдөлгөн тэндээс явахад Бэлла л гар даллан хоцорсон билээ.
ДАЛАЙН ЭРГИЙН ХОТ
Далайн эргийн хот жижигхэн. Тосгон ч гэж хэлж болно. Тэнд би удаагүй, найман сар болсон гэдгээ эхэнд хэлсэн шүү дээ. Номнуудаа хангалттай чийгтэй байлгахын тулд Нилнортфурдсээс гараад давхисаар чийглэг газарт очсон нь тэр.
Харин одоо байгаа энэ хотод дахиад хоёр сар болоод дараагийн товлосон хотдоо очно. Хэдийгээр би Нилнортфурдсээс гараад бараг хоёр жил болж байгаа ч Бэлла хэзээ ч санаанаас гардаггүй. Түүний ярьсан түүхээр Нояа би яриагаа өндөрлөе.
НИНЖИН СЭТГЭЛ
Бэлла хэдий арван нэгэн настай ч ээжээс нь өөрцгүй өөрийг нь хайрладаг сайхан сэтгэлт Жесикаг өрөвддөг байжээ. Зул сараар гэрт нь ирж, өөрийг нь тэвэрч уйлахад түүнд туслахсан гэж хүсчээ. Маргааш нь их дэлгүүрт очиж Сантад захидлыг нь өгчихөөд сүм орж санваартантай уулзаж Жесикад тусалж, сэтгэлийн шаналлыг нь түр ч атугай арилгахыг гуйжээ. Сарын дараа санваартантай бүтэн сайны мөргөлийн дараа уулзахад Хайрын зарч нийгэмлэг өнчин, ядуу, үр хүүхдээ алдсан хүмүүст сэтгэлийн дэм үзүүлж, захидлаар харилцдаг болохыг хэлж, энэ шугамаар Жесикатай асрамжийн газрын хүүхдийн дүрээр захидлаар харилцах боломж бийг хэлжээ. Жесика ээжээс нь илүү хайр халамж үзүүлж, баяр болгоноор ил захидал илгээдэг нь Бэллагийн түүнд туслахсан гэдэг сэтгэлийг бадраажээ. Бэлла эхэн үедээ захидал бичиж чадахгүй, санваартнаас зөвлөгөө авдаг байжээ. Гурван жил гаруй хугацаанд Жесикатай захидлаар харилцахад Тэтитэнифатай уулзах чин хүсэлтэйгээ Жесика байнга илэрхийлэх болжээ. Ингээд Бэлла зориглож Тэтитэнифа буюу Сиг Жесикатай уулзуулах талаар бодож эхэлжээ. Яг энэ үед нь би Бэллатай танилцаж энэ бүх хуйвалдаанд оролцсон юм. Үнэндээ Тэтитэнифа буюу Си гэж огт байхгүй, Бэлла гэж л байсан. Жесика руу явуулсан Сигийн тэр халзан толгой, хөмсөггүй зураг бол миний санаа байсан юм. Номын сангийн арын өрөөндөө л бялуун дээр лаа асаагаад Тэтитэнифагийн төрсөн өдрийн баярын зураг хэмээн Жесика руу илгээсэн хэрэг. Бэлла хэзээ ч хотын нөгөө захын зоогийн газарт зөөгчөөр ажиллалаагүй. Ажилдаа явлаа гэж хэлээд манай номын санд ирнэ. Арын өрөөнд орж уруул, нүдний будгаа арилгаж хиймэл үсээ тайлаад Сигийн дүрд хувилаад гарч ирнэ. Бэллагийн үс хоёр хоноход л сөөсийгөөд ургадаг учир би өдөр бүр үс, хөмсгийг нь хусч өгдөг байлаа. До угаас бүдүүн хоолойтой учир сэжиг авахуулахгүйн тулд хоолойгоо шахаж байгаа мэт нарийн эвгүй өнгөөр ярьж Сигийн дуу хоолойг гаргасан билээ. Си өглөө эрт салхинд гарч, номын сан орно гэж хэлээд над дээр ирж хувцасаа сольж, хиймэл үс зүүж, уруул, нүдээ будаад номын сангийн дор нуусан моторт дугуйгаа асаагаад гэр рүүгээ яарна. Зарим өдөр Бэлла До, Сигийн дүрд гурван ч удаа хувилж байсан тохиолдол бий. Олон сарын турш өдөр болгон шахуу үс, хөмсөгөө хусуулаад байтал сүүлдээ Бэллагийн үс, хөмсөг хурдан ургахаа больж билээ. Явган аяллаар До, Си хоёр үе үе явлаа гэдэг ч үнэндээ Бэлла манай арын өрөөнд орж амардаг байсан юм. Би энэ бүгдэд яагаад холбогдов гэхээр Бэллагийн сайхан сэтгэлээс л улбаалж тэр шүү дээ. Энэ хугацаанд Бэлла хамгийн их зүдэрч бүхнийг хурдан дуусгахыг хичээж байлаа. Харин би хэзээ илчлэгдэж, Бэллатай хамт цагдаагийн газарт очиж, Жесика ухаан алдаж унах бол гэдгээс айдаг байлаа. Энэ бол залилан, хууран мэхлэлт, хүний сэтгэл санаанд нөхөж болшгүй хохирол учруулсан хэрэг гэдгийг би анхнаас нь мэдсэн ч Бэллаг ойлгоод бүгдийг умартсан.
Жесика охиноо ирнэ гэж хүлээдэг бөгөөд нөхөртөө охин үрчилж авах талаар ярих болжээ. Харин Бэлла коллежид орж зуны амралтаар над дээр ирнэ гэв.
Номын сангийн арын өрөөнд том хайрцагт Догийн савхин хүрэм, нүүрний будаг сэлт цөм бий. Бас Сигийн хувцаснууд ч байгаа.
2019 он