Categories
мэдээ нийгэм

Парламентчдын Хүний эрхийн хорооны төлөөлөгчид манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн хамтаар өнөөдөр /2019.06.05/ Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков болон тус хорооны гишүүн Али Аларади нарыг хүлээн авч уулзлаа.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллахаар ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд, урьдчилж ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн, өнгөрсөн тавдугаар сарын 27-28 ны өдрүүдэд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатарт амжилттай болж өнгөрсөн талаар болон уг чуулганыг зохион байгуулахад ОУПХ өндөр түвшиний дэмжлэг үзүүлж ажилласан талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр мөн, Катар Улсын Доха хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд УИХ-ын гишүүдийн хамтаар оролцоод ирснийх нь дараахан УИХ-д ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг судлах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулсан, уг Түр хороо нэлээд эрчимтэй ажиллаж байгаа талаар танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад ажиллаж, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар буюу хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрхзүйн орчны талаар дүгнэлт гаргаж ажилласан талаар мөн мэдээлэл өгөв.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков томилолтынхоо хугацаанд хэрхэн ажиллах талаараа танилцуулаад, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн холбогдолтой асуудлаар өмнө нь парламентад ажлын хэсэг ажиллаж байсан бол эдүгээ Түр хороо байгуулан идэвхтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр мөн, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж, хэрэг хүлээлгэж буй бичлэгийг үзэх боломжоор хангаж өгөхийг хүсэхийн зэрэгцээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон гэр бүлийнхнээс нь тавьсан хүсэлтийн дагуу өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахаа тэмдэглэв.

Төгсгөлд нь, хатагтай Александра Жерков ирэх аравдугаар сард Бүгд найрамдах Серби улсад болох ОУПХ-ны 141 дүгээр чуулганыг Улаанбаатар хотноо болсон ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаас дутахааргүй амжилттай зохион байгуулахаар ажиллаж байна хэмээсэн юм.

Хатагтай Александра Жерков Бүгд найрамдах Серби улсын Үндэсний Ассамблейн гишүүн бол ноён Али Аларади Бахрайн улсын парламентын гишүүн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *