Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Габриэла Куэвастай ярилцлаа.
-Манай улсад өнгөрөгч өдрүүдэд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулга уулзалт болж өнгөрлөө. Та Олон улсын парламентын холбооны тухай ярихгүй юу?
-Олон Улсын парламентын холбоо нь дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн олон нийтийн шинж чанартай байгууллага. Байгуулагдаад 130 орчим жил болж байгаа. Эгнээндээ 179 орны парламентыг багтаасан томоохон хэмжээний дэлхийн байгууллага юм. Монгол Улсын хувьд энэ байгууллагад элсээд 60 орчим жил болж байгаа. Монголын парламент бол Олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Манай байгууллагын гишүүн орнууд дундаа маш эрч хүчтэй парламентын тоонд зүй ёсоор багтдаг.
-Олон улсын парламентын холбооны гишүүн улсуудын хувьд манай улсаас авч хэрэгжүүлэх сайн туршлагууд байдаг уу?
-Миний хувьд 179 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн байгууллагын ерөнхийлөгч гэдэг утгаараа парламентуудыг хооронд нь харьцуулж, дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ Монголын парламентыг харахад маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж харагдаж байна. Ялангуяа Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх хоёрдугаар чуулганыг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулсныгби харж байна. Эндээс улс төрийн нам харгалзахгүйгээр аливаа асуудалд хамтарч ажиллаж чаддаг нь харагдаж байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг парламентаараа батлаад хэрэгжилт дээр нь бүх талаасаа хяналт тавиад явдаг юм байна. Үүнээс харахад миний зүгээс Монголын парламентыг өөрийнхөө хүлээсэн үүргийг хэрэгжүүлж чаддаг юм байна гэж үзэж байгаа.
-Олон улсын парламентын холбооны зүгээс манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хэргийг анхааралдаа авч ажилладаг. Энэ тухай?
-Олон улсын парламентын холбооны бүтцэд Парламентчдын хүний эрхийн хороо гэдэг байгууллага бий. Тэр хороо энэ асуудлаар дараагийн долоо хоногоос Монгол Улсад ирж ажиллах гэж байгаа. Парламентчдын хүний эрхийн хороо нь энэ асуудал дээр дагнан ажилладаг юм. Тиймээс тэд Монгол Улсад ирж ажилласны дараа илүү бодитой, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой болно байх.
Ер нь Олон улсын парламентын холбоо парламентчийн хүний эрхийн асуудалд ач холбогдол өгч ханддаг. Мэдээж бидний зүгээс энэ хэрэгт холбогдох үйл ажиллагааг явуулна. Зохих хэмжээний арга хэмжээг авна. Судалгаа, дүгнэлт, ажиглалтыг хийнэ. Гэхдээ Парламентчдын хүний эрхийн хороо бол бие даасан үйл ажиллагаа явуулдаг нэгж. Тэгэхээр тэд энэ асуудалд зохих журмынх нь дагуу ажиллана гэж найдаж байгаа.
-Манай улсын улс төрийн зүтгэлтэн, олон удаа парламентад сонгогдож байсан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнд Монгол Улсын улс төрийн хүчин болох Ардчилсан намын зүгээс Олон Улсын Парламентын Холбоог энэ асуудалд хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн. Ирэх долоо хоногт Парламентчдын хүний эрхийн хороо энэ асуудал дээр ажиллах уу?
-Монгол Улс хүний эрхэд нэлээдгүй ач холбогдол өгдөг орон. IPU буюу Олон улсын парламентын холбооны тухайд мэдээж энэ хэрэг дээр зохих ёсны буюу дүрмийнхээ хүрээнд туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ Парламентчдын хүний эрхийн хороо бол манай холбооноос тусдаа буюу бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр тэд энэ хэрэг дээр зохих арга хэмжээг авч, энэ хэргийн материалуудыг сонсч, хамтран ажиллах байх гэдэгт итгэж байгаа. Бидний зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзсан.
-Тогтвортой хөгжлийн зорилго гэдгийг тайлбарлахгүй юу?
-Тэгш бус байдал дэлхийн олон улс орны санааг зовоосон асуудал болоод байгаа. Энэ талаар бид юу хийж, ямар үр дүнд хүрч байгаагаа эргэн харах ёстой.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төрийн бодлого нь бүх хүмүүсийг хамарч, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэгддэг. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орныхоо нөхцөл байдлыг оновчтой үнэлэн дүгнэж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд парламентууд анхаарч ирсэн шүү дээ. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль, тогтоомжууд баталж, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн гээд өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна.
-Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бүс нутаг бүрт л өөр байна байх. Ази, Номхон далайн бүс нутгийн онцлог юу вэ?
-Энэ бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл нэлээд тохиож, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг амсаж байна. Онцлог гэмээр бэрхшээлүүд ч бий. Нялхсын эндэгдлийг бууруулах, сургуульд хамрагдалтын түвшнийг сайжруулах, сургууль завсардалтыг багасгах болон насанд хүрээгүй хүмүүсийн гэрлэлт санаа зовоосон асуудал. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудлаар бүс нутгийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад илүү сайн бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Амьдралын чанарыг сайжруулах, нэн ялангуяа бэрхшээлтэй байгаа бүлгийнхэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхний асуудалд энэ бүс нутаг илүү анхаарах ёстой байна.
-Эцэст нь та энэхүү чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэхүү чуулган тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулсан амьд, идэвхтэй болж өнгөрлөө. Энэ хоёр өдөр маш үр дүнтэй боллоо. Гарсан гол үр дүн бол мэдээж тогтвортой хөгжлийн зорилтуудаа ярилцсан. Энэ ярьсан хэлсэн зүйлээ хамгийн гол нь үр дүн болгох нь чухал. Тухайлбал, жендерийн тэгш байдал, нийгмийн эрх тэгш байдал, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гэх мэт анхааралдаа авч, өөрчлөлт хийх ёстой чухал сэдвүүд дээр бүс нутгийн парламентын гишүүд хоорондоо санал бодлоо хуваалцлаа. Энэхүү чуулганд оролцсон парламентын гишүүд энд хэлэлцсэн туршлагуудаас санаа авч, улс орондоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ хамгийн гол нь тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтдээ хяналт тавих нь чухал. Мөн төсөвтөө энэ хэрэгжилтийг хангахуйц төсвийг суулгаж, оруулж өгөх ёстой гэсэн ийм чухал асуудлуудыг ярилцсан байгаа.