“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн сурвалжлага Хүннү молл их дэлгүүрээс эхэллээ. 2-8 насныхан тоглох боломжтой тоглоомын төвийн үүдэнд урт дараалал үүсчээ. Залуус кино үзэхээр олноороо ирцгээжээ. Кино театрынх нь тасалбар түгээх цэг, хүлээлгийн танхимд нь бум бужигнаж байв. Зуны цагт ажилладаг ганц мөсөн гулгалтын талбай нь Хүннү моллд байдаг. Тус коток мөн олны хөлд дарагджээ. Багачууд томчуудынхаа дунд учраа олохгүй уйлж, царайчлан зогсох нь харагдана. Котокд саатах хорин минутад гурван ч хүүхэд эцэг эхээсээ төөрсөн юм. Энэ тухай чанга яригчаар зарлаж байв. Тэндээс Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорихоор нийтийн тээвэрт суулаа. Төв замыг хэсэгчлэн хаасан учир 120 мянгатын автобусны буудлаас цааш нийтийн тээвэр явахгүй гэж жолооч нь зарлаж байлаа. Үд дунд болоод ч тэр үү, замын түгжрэл гэж битүү. 120 мянгатаас хоёр цаг түгжирч байж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж байна гэж жолооч нар хэлж байв. Паркийн үүдээр ороход машин тавих зогсоол харагдсангүй. Зогсоол хүлээн дугаарласан машинууд дүүрэн. Машины зогсоолын үнийг ч нэмжээ. Хүүхдээ тоглуулахаар яваа Баянзүрх дүүргийн иргэн Д.Ганзориг “Манайхан баяр ёслолоор үйлчилгээний үнээ нэмдэг байдлаасаа салахгүй юм. Харин ч илүү шуурхай үйлчлэх талаар анхаармаар санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн машины зогсоол цагийн 1000 төгрөг байдаг бол энэ өдөр 1500 болсон байв. Паркийн үүдээр ороход 15000 төгрөгний багцын тоглоомын тасалбар зарах цэг байна. 4-5 мянган төгрөгийн үнэтэй тоглоомууд тус багцад оржээ. Дуртай таван тоглоомоо сонгон тоглох юм байна. Харин түүнээс дээш үнэтэй тоглоомууд 20-30 мянгын багцад орж. Хүүхдүүдийн үзэх дуртай “Маамуу” хүүхэлдэйн киноны асар энд байрлажээ. Ами, Тами нэвтрүүлгийг хөтөлдөг Амина, Тамираа гээд Маамуутай холбоотой бүхэн энд байна. 15 мянгаар тасалбар худалдаж аваад тоглолт үзэх ба тоглолт өдөрт гурван удаа 11:00, 14:00, 17:00 цагуудаас тоглогджээ. Асар нь 500 хүний багтаамжтай. Зогсоогоор 700 хүртэлх хүн орно гэж зохион байгуулагчид хэллээ.
“Галзуу хурд” буюу жижиг моторт машинаар уралдах тоглоом дээр өвсөр насныхан тоглож харагдана. Хоёр л машин байх учир нэг ээлжинд хоёр хүн суух юм. Дараалал нь 100-гаад метр хүрчээ. Энэ тоглоомны үнэ нь 5000. Суух ээлж нь болсон нэгэн үйлчлүүлэгчээс хэдэн цаг хүлээснийг тодруулахад бараг хоёр цаг дугаарлажээ. Сүйх тэргэнд суухыг хүссэн багачууд эцэг эхчүүд урт дараалалд зогсоцгоож байлаа. Том хүн 3000, хүүхэд 2000 төгрөгөөр сүйх тэргэнд сууж паркийн баруун жигүүрийн хэсгийг нэг удаа тойрох юм байна. Хоол үйлчилгээний газруудад ч урт дараалал үүсчээ. Нэг ширхэг хуушуур 1500 төгрөгөөр зарагдаж байна. Хүүхдийн тоглоом, бэлэн хувцас, сүү сүүн бүтээгдэхүүн гээд хүүхдүүдэд зориулсан худалдааны цэгүүд байршуулжээ. Гэвч ганц л газар хүүхдийн номын худалдаа гарчээ. Хүүхдийн өсөлтийг дэмжсэн витаминыг нэг л цэгээр борлуулж байв. Тоглоомын худалдаа эрхэлж байгаа газруудад үзээд өгье гэсэн ч хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, сурлага боловсролд нь хэрэгтэй тоглоом харагдсангүй. Алсыг харагчийн дараалал бол бараг өдөржин дугаарлаад ч тоглож чадахааргүй урт оочер үүсгэжээ. Алсыг харагч дээр суух дугаар нь нэлээн дөхсөн нэгэн гэр бүлээс хэзээ ирснийг нь тодруулахад өдрийн 12:00 цагаас эхэлжээ. 15:00 цаг өнгөрч байхад ердөө л ганц л тоглоомон дээр хүүхдээ тоглуулсан гэнэ. 15 мянган төгрөгний таван тоглоомын багц худалдан авсан. Энэ гэр бүлийн эзэн “Таван тоглоомон дээрээ сууж амжихгүй орой болох юм шиг байна” гэсэн юм. Хүүхдүүдийг олноор цуглуулж буй газар нь паркийн төв хэсэгт зассан тайз байлаа. Нас насаар нь дуу дуулуулж, бүжиг бүжиглүүлэн шалгаруулж, эхний байрт орсон хүүхдүүдэд гарын бэлэг өгч байлаа. 3-5 насны хүүхдүүдийн хооронд бүжгийн тэмцээн зохиож байх үеэр нь очлоо. 20-иод хүүхэд хоорондоо өрсөлдөж эхний гурван байрт бэлэг гардуулав. Бэлэг авч чадаагүй хүүхдүүд гоё бүжиглэж байхад бэлэг өгсөнгүй гэж ээж аавдаа гоморхоно. “Цөөхөн хүүхэд өрсөлдүүлж байж бүгдэд нь урам өгч, чихэр тараж болно шүү дээ” гэх эцэг эх цөөнгүй таарав. Цаг гаруй явахад хоёр хүүхэд эцэг эхээсээ төөрсөн хэмээн чанга яригчаар зарласан юм.
Паркаас гараад хойш чиглэн төв талбайг зорилоо. Зам хаасан учир түгжрэл такси олдохгүй баахан алхав. Зам дагуу гар өргөсөн хүмүүс нэлээд олон таарлаа. Улсын төв номын сангаас хойш зам хаасан хэсэг эхэллээ. Дугуй унаж, рольк унасан хүүхдүүд хаа сайгүй. Энд тоглох тоглоом бараг алга. Хэдэн хоолны худалдааны цэг, тоглоом бараа худалдааны лангуунууд эгнэжээ. Гэсэн ч хүмүүсийн хөл хөдөлгөөн их. 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн шалгаруулах тэмцээн болж байхтай таарав. Тоглолтууд зургадугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Хүүхдийн баярын өдрөөр үндэстнүүдийн аваргын тэмцээн болж байсан бол өнөөдрөөс 3х3 дэлхийн аваргын тэмцээн эхэлнэ. 40 орны багуудын хооронд өрсөлдөөн болно. Залуус уг тоглолтыг үзэхээр олноороо ирсэн байв. Гэвч орох боломжгүй гадуур нь хашлага татжээ. Хашлаганы гадуур зогсон тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс их байв. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдөр бэртэж гэмтсэн хүүхдүүд, осол аваар, төөрсөн хүүхдүүдийн талаар сонирхов. Хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол гурав бүртгэгджээ. Хоёр хүүхэд явганаар, нэг хүүхэд машинтай замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртжээ. Харин энэ өдөр нийт 106 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн гэв. Төв талбай дээр Нийслэлийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албанаас хүүдүүдэд эцэг эхийн утасны дугаарыг нь бичиж, гарын бугуйвч тарааснаар 103 хүүхдийг эцэг эх, асран халамжлагчид нь хүлээлгэн өгсөн бол хоёр хүүхдийг хүүхдийн мэдээлийн төв 108 утасны хамт олонд, нэг хүүхдийг дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн төвд хүлээлгэн өгсөн гэх мэдээллийг өгөв.
Ялалтын талбай буюу хүмүүсийн ярьж заншсанаар Тэнгисийн өмнөх талбайд харин Д.Сүхбаатарын талбайг бодвол нэлээн олон тоглоомтой юм. Чингэлтэй дүүргийн хүүхдүүд энэ цэгт цугларч, тоглох баярлах боломжтой байв. Сонгинохайрхан дүүргийн хувьд Хүй долоон худаг дээр 1000 хүүхдийн баяр болно хэмээн зарлаж цуглах цэгийг тогтоосон ч нийтийн тээврийн үйлчилгээгүй учраас цөөн хүн очжээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН