АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп төрийн айлчлал хийхээр өнгөрсөн бямба гаригт Японд хүрэлцэн очжээ. Тус улсад хийх түүний айлчлал дөрөв хоног үргэлжлэх юм. Юуны өмнө тэрээр бизнесийн төлөөллүүдтэй уулзаж ярилцжээ. Харин өчигдөр Японы ерөнхий сайд Ш.Абэтай яриа хэлэлцээ хийсэн байна. Энэ талаар Д.Трамп өмнө нь жиргэхдээ Японы гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй цэргийн болон худалдааны асуудлыг хөндөнө гэж байв. Үүний дараа тэд Токио хотоос зүүн зүгт байрлах “Mobara Country Club”-ын талбайд хамтдаа гольф тогложээ. Ш.Абэ “Өнөөдөр их сайхан өдөр байна. Би Рэйвагийн эринд хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийг хүсч байна” хэмээн онцолжээ. Тэд гольфын талбайд нисдэг тэргээр буусан тухай NHK телевиз мэдээлэв. Абэ, Трамп нар гольфын хорхойтнууд агаад энэ нь тэдний тав дахь удаагийн тоглолт юм байна. Дашрамд хэлэхэд, Ш.Абэ гурван жилийн өмнө АНУ-д айлчлахдаа Д.Трампад гольфын цохиур бэлэглэж байж. Хариуд нь Д.Трамп түүнд поло болон бусад хэрэгслүүдийг бэлэг болгон барьсан аж. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолсноор тэд Японы гольфчин 76 настай Ишао Аокиг хүндэт зочны хувиар урьжээ. Ишао Аоки 1985 онд гольфын аварга шалгаруулах Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байж. Дэлхийн гольфын алдрын танхимд багтсан түүнийг 2017 онд Д.Трампыг Японд айлчлах үеэр мөн урьж байжээ. Гольф тоглосны дараа Д.Трамп гэргий Меланиягийн хамтаар ордонд сумо бөхийн тавдугаар сарын барилдааны сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхжээ. Тэрбээр түрүүлсэн бөхөд АНУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар бүтээсэн цомыг гардуулан өгөх талаар мэдээлсэн юм. Д.Трампын айлчлалын гол хөтөлбөр өнөөдөр эхлэх юм. Тэрээр Ш.Абэтэй хоёр орны асуудлаар хэлэлцэх бөгөөд дараа нь тавдугаар сарын 1-нд Хаан сэнтийд заларсан шинэ хаан Нарухитод бараалхах юм. Харин маргааш тэрбээр Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Кага” хөлөг онгоцон дээр зочилно. Йокошү к а баазад байрладаг уг хөлөг онгоцыг нисэх онгоцыг тээгч болгон хувиргахаар төлөвлөж байгаа юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР