Categories
мэдээ цаг-үе

Н.Ариунболд: “Буйд нутаг” бол энэ нийгэмд, яг одоо үгүйлэгдэж байгаа агаар юм болов уу

Хятадын зохиолч Цао Юй-гийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийг “Шинэ үе” продакшны уран бүтээлчид тайзнаа амилуулжээ. Тус жүжгийн продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболдтой цөөн хором хөөрөлдлөө.


-“Буйд нутаг” жүжгийг үзсэний дараа хүн сэтгэлээ чөлөөлж байх ёстой юм байна гэж бодогдлоо. Ер нь яагаад энэ жүжгийг сонгож авсан бэ?

-Цао Юй-гийн зохиолыг монголчууд маань нэлээн мэддэг болсон. “Аянгын бороо” жүжгээр нь анх танилцсан байх. “Буйд нутаг”-гийг бид цаг үе нь болсон юм болов уу гэж сонгосон. Өнөөдрийн өнгө мөнгөний нийгэмд хүмүүс хоорондын бие биедээ хандаж байгаа харилцаа нь дайсагнасан, ашиг орлого, өнгө мөнгөний араас хөөцөлдсөн, хуурсан байдалтай байна. Дээр нь сошиал ертөнцийн байдал, улс төрийн өшөө авалт гээд маш олон зүйл болж байна. Тиймээс юу тарина түүнийгээ хураана гэдэг үгийг бодож, “Буйд нутаг” бол энэ нийгэмд, яг одоо үгүйлэгдэж байгаа агаар юм болов уу, бусдад санаа өгөх байх гэж л сонгож авсан. Зохиолоор дамжуулж хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай, үйлийн үр гэж байдаг юм шүү гэдгийг харуулах гэж оролдсон. Мэдээж, таны хэлдгээр өөрийгөө чөлөөл, сэтгэлээ чөлөөл гэдэг санаа байгаа. Манай жүжгийг үзсэн хүмүүс гэртээ хариад ч оройжин ярилаа гэж байна. Үзсэний дараа хэд хоног санаанаас гаралгүй бодогдлоо гэж ярьж байгаа. Тиймээс бид хүмүүст өнөөдөр агаар, ус мэт хэрэгтэй байгаа зохиолыг сонгож аваад, ажиллаж чаджээ гэж бодож байна.

-Магадгүй, таныг гол дүрд тоглох байх гэж бодож байсан юм. Дүрийн сонголт дээр таны бодол…

-Би өөрөө продюсерээр энэ жүжигт ажилласан. Жүжгийн дүрүүд маань насны хязгаартай. Хайр дурлалт хосын дүрд залуучууд тоглох ёстой. Би бол өнөөдөр дурлалт хосын дүрд тоглоход насны хувьд өнгөрчихсөн байна. Хорь гаруй насны залуус, ахимаг насны хүмүүсийн дүр байгаа учраас би насны хувьд яг завсар нь байгаа байхгүй юу. Жүжигчин хүн аль ч дүрд хувирах ёстой гэдэг. Би өөрөө хошин урлагийн төрөл жанраар нэлээн олон жил ажилласан хүн.

“Буйд нутаг” бол их хүнд жүжиг. “Рембо” киноны тэр их байлдаан дунд хайр дурлал гарч, үнсэлдэж байж зөөллөж хүмүүсийг амраадаг шиг энэ жүжгийг Цао Юй бичихдээ бас нэг хэсэг үзэгчдийг амраах боломжийг олгосон юм болов уу гэж бодсон. Тэр нь миний дүр “Тэнэг Бай” юм. Тэнэг Бай бол нийгмийн төлөөллийн нэг хэсэг. Хүмүүсийг тодорхой хэмжээгээр инээлгэж, хөгжөөж байгаа ч эцсийн бүлэгт бүх зүйлийг мэдэж байдаг хамгийн айхавтар хүн, гэрч болж үлдэж байгаа юм.

-Нээрэн ч “Тэнэг Бай”-г гараад ирэхээр сэтгэл амраад, үзэгчид инээлдэж байсан…

-Үзэгчид үйл явдалд оролцож, биеэ барьсан маш түгшүүртэй байдалд орж, үнэхээр энэ жүжгээр амьсгалж, амьдарч байдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд үзэгчдээ тайвшруулж, амраах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ их аймаар өрсөлдөөн, маргаан, бужигнаантай үйл явдал дунд үзэгчдийн зүрх дийлэхгүй. Дундуур нь амралт өгч байгаа хэрэг.

-Их том бүтээл байна. Хэр удаан бэлдсэн бэ?

-Хоёр гурван сар бэлдсэн. Орчуулгаа хийж гар дээрээс авснаас хойш уншлага нэлээн удаан үргэлжилсэн. Гаднаас жүжигчид урьж тоглуулж байгаа учраас тэднийхээ цаг завыг зохицуулж, нэлээн урт хугацаанд ажилласан. Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, ардын жүжигчин С.Сарантуяа болон Бат-Ундралыгаа урьсан.

Судалгааны ажлаас гадна зураач, оёдолчид, эсгүүлчид гээд маш олон хүний хүч хөдөлмөр орлоо. Зарим эд хэрэглэлийг урдаас авчирсан. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Хятадын соёлын төвөөс бидэнд энэ жүжгийг тоглох албан ёсны эрх олгосон.

-Дараагийн уран бүтээл юу байх вэ?

-Энэ зундаа сайхан амарна. Бид инээдмийн шоу тоглолтыг жилд 1-2 удаа хийдэг. Мөн 2-3 жилдээ “Шинэ үе” продакшн бодлогоор, нийгэмдээ санаа өгьегэх үүднээс заавал нэг томхон бүтээл хийдэг. “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” гэж сурагчдын үерхэл нөхөрлөлийн талаар жүжиг хийж байсан. Английн зохиолчийн “Бүгд унтаж байхад” гээд инээдмийн жүжиг тоглож байлаа. “Галзуу дурлалт залуу” гээд жүжиг тавьж байсан. “Буйд нутаг” бол манай дөрөв дэх жүжиг. Энэ сарын 26 хүртэл тоглоод түр хаана. Намар үргэлжлүүлэн тоглоно.

Д.ОЮУ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *