Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Хуулийн үндэслэл, татварынхаа үндсэн утга санааг ойлгохгүй хориг тавьжээ

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ АЛДААГҮЙ, АГУУЛГЫН ХУВЬД ЗӨРЧИЛГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.


-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн жил манай улс татварын хар жагсаалтад орсон байсан. Монгол Улс татварынхаа мэдээллийг өгдөггүй, солилцдоггүй. Гаднаас татварын мэдээлэл авч чаддаггүй нөхцөлд байсан. Яагаад гэвэл татварын зохицуулалтууд нь олон улсын стандартыг хангаж, олон улсын татварын системтэй уялдаж чаддаггүй учраас маш олон зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага байсан. Манай улсын эдийн засгийн бүтэц сүүлийн 10 жилд эрс өөрчлөгдөж, уул уурхай эдийн засгийн гол салбар болчихсон байна. Гадны хөрөнгө оруулалтууд энэ салбарт түлхүү орж ирэх нь тодорхой. Гэтэл эдгээр орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдаас татвараа яаж авах вэ, цаагуураа мэдээллийг нь яаж гаргуулж авах вэ, авах ёстой татвараа авч чадаж байна уу гэдэг чиглэлээр бид өөрсдийн хуульдаа өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Татварын хуулийг өөрчлөх шаардлага үнэхээр байсан. Татварын багц хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үүнтэй уялдаад татварын ерөнхий хуулиудад өөрчлөлт орсон шүү дээ. Энэ салбарт шинэчлэл хийгдэх ёстой.

-Энэ салбарт яагаад шинэчлэл хэрэг болсон юм бэ?

-Уул уурхайн салбар давамгайлсан улсуудын хувьд бүх салбараас нэг ижил төрлийн татвар авах нь буруу. Ийм эдийн засгийн бүтэцтэй байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх татварын системийг нэвтрүүлж байж нийгмийн аливаа асуудлаа санхүүжүүлж, дундаж давхаргыг бодлогоор бий болгодог. Өөрөөр хэлбэл, байгаль дээр байгаа хязгаарлагдмал нөөцийг ашиглан өндөр орлого олж байгаа хэсгээс нь илүү татвар авч, орлого багатай хэсэгтээ төсвөөр дамжуулан нийгмийн бараа үйлчилгээг хүргэдэг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэрэг, цагдаа гээд нийтийн аливаа үйлчилгээнүүдийг санхүүжүүлнэ. Ажлын байр бий болгох ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийг шийдэх зэрэг. Түүнчлэн, уул уурхайн салбараас гадна архи, тамхи газрын тос үйлдвэрлэгч болон импортлогчид, банк санхүү болон мөнгө хүүлэгчдийн татварыг өсгөмөөр байгаа юм. Ер нь бид авах ёстой татвараа бүрэн авч чаддаггүй, тэгсэн хэрнээ төсвийн зарлагаа байнга өсгөж ирсэн байдаг. Иймд санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлогын хүрээнд ОУВСантай тохирсон хөтөлбөр дотор татварын реформ хийхээр тохирсон. Мөн Европын холбооны хар жагсаалтад орох эрсдэл бодитоор үүссэн нь саяхан л даа. Нөгөө талдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг бууруулах, татвар тайлагнах байдлыг хялбарчлах, татварын маргааныг богино хугацаанд шийддэг байх зэрэг асуудлууд байдаг. Тэр чиглэлд хангалттай өөрчлөлт татварын багц хуульд орсон гэж эдийн засагч хүнийхээ хувьд үзэж байгаа.

-Та Сангийн яаманд ажиллаж байсан шүү дээ. Япон улсын Сангийн яаманд ч энэ чиглэлээр ажиллаж байсан хүн?

-Тийм ээ, би өмнө нь татварын бодлогын асуудал хариуцдаг байсан, мөн Японд энэ чиглэлээр сурч бас ажиллаж байсан. Бидний үед олон нийттэй ийм өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж хуулиа өөрчилдөггүй байсан. Сангийн яамныхныг сайн ажиллалаа гэж харж байгаа. Ямартаа ч хуулийн төслүүд батлагдлаа. Үр дүнд нь бид хар жагсаалтаас гарч саарлаа ногоон болгох боломж бүрдлээ. Түүнчлэн татварын суурь өснө гэж бодож байгаа. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар нэг хувь болж байгаа. Хоёрдугаарт, орлого багатай ч гэсэн тэрийгээ тайлагнах гэж нягтлан авч илүү зардал гаргадаг, хүндрэл учирдаг байдлыг илүү хялбар болгож байна. Энэ бол сайн үзүүлэлт. Мөн үндэстэн дамнасан томоохон компаниудаас татвараа авах дүрмийнхээ зохицуулалтуудыг илүү сайн тусгаж өгсөн байна. Иж бүрэн шинэчлэлийг хийж байгаа үед зарим нэг шүүмжлэлтэй зүйлс байхыг үгүйсгэхгүй. Хөндлөнгөөс харахад энэ шинэчлэл уг нь бүр өмнө нь хийгдчих ёстой байсан. Ямартаа ч батлагдчихсан нь сайн. Хэрэгжээд явах нь зүйтэй.

-Энэ хуульд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Би Ерөнхийлөгчийн тамгын газрынхныг шүүмжилмээр байгаа. Өмнө нь хоёр ч удаа төсөв дээр хориг тавьж байсан. Тэгэхдээ алдаатай хориг тавьдаг байсан. Энэ удаа ч гэсэн хуулийнхаа үндэслэл, татварынхаа үндсэн утга санааг ойлгохгүй хориг тавьсан байна. Татварынхаа хуулийн нэрийг өмнөхтэй нь андуурсан нь ердөө л хариуцлагагүй байгаагийнх. Ерөнхийлөгчийн тамгын дарга нь хянаж Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулдаг. Гэтэл буруугаа ажилтнууд руугаа чихээд өөрөө хамаагүй гээд өнгөрч байгаа нь буруу жишиг. Мөн хуулийн үзэл санаа, агуулгыг ойлгохгүйгээр хориг тавигдсан байна. Нэлээд деталь асуудлууд хөндсөнөө, хуулиудыг бүхэлд нь хориглосон нь ойлгомжгүй байна. Үндэслэлээ судалгаа, тооцоонд үндэслэж ойлгомжтой гаргах хэрэгтэй. Ирээдүйд гарах сөрөг үр дүнг харахгүй байгаагаас ийм хариуцлагагүй алхам хийж татварын шинэчлэлийг хойшлуулж байна л гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн хориг дээр үнэ шилжүүлэлтийн нимгэн хөрөнгөжүүлэлтийг дордуулсан гэсэн байсан?

-Үндэстэн дамнасан корпорациудын хувьд үнийг шилжүүлдэг, татвар багатай газар хуулийн этгээдээр бүртгүүлж татвараас зугтах арга хэрэгсэл байдаг. Үүнийг зохицуулдаг дүрмүүдийн нэг л дээ. Батлагдсан хуулийг шинжлэхэд үнэ шилжүүлэлтийн нимгэн капиталжуулалтын дүрэм дээр нэмээд BEPS-ийн зөвлөмжид тусгагдсан зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг тусгаж зохицуулалтаа чангаруулсан юм билээ. Тэр нь татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг зөвлөмж гэж ойлгож болно. Тэр зохицуулалтыг илүү зөв болгож дэлгэрүүлж оруулсныг эсрэгээр нь ойлгоод бичиж дээ гэж бодсон. Тэгэхээр энэ хоригийг татварын мэргэжлийн бус хүн, эсхүл олон улсын дүрмээ сайн судлаагүй хүн бичсэн байна. Ер нь Ерөнхийлөгчийн хоригууд субьектив байдлаар гарч байгаа нь буруу. Салбарын хөгжил, шаардлагатай реформуудыг Төрийн тэргүүн маань дэмжих нь зөв биз дээ.

-Түүнчлэн хориг дээр Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, таван хувийн татвартай болгосон. Энэ нь Оюу толгойд давуу байдал олгосон гэсэн байгаа юм. Гэтэл уул уурхайн компаниудад татварын багц хууль үйлчлэхгүй гэж Сангийн сайд хэлсэн. Энэ ямар учиртай вэ?

-Оюу толгой компаниас буюу Рио тинтогийн цаад компаниас хувь нийлүүлэгчдийн зээл гэж Монголын талын 34 хувьд зээлдүүлсэн. Тэр зээлийн хүүнд нь ногдуулах ёстой татварыг бууруулсан байна, арав байсан бол тав болсон байна, тэгэхээр бид Оюу толгойгоос авах орлогоо алдах нь ээ гэдэг агуулгаар хориг дээр бичсэн байна лээ. Бодит байдал дээр нэгдүгээрт, Оюу толгой компани болон бусад ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчдэд хамаарахгүй гэж хуулийн заалтад байгаа юм билээ. Үүнийг хараагүй юм шиг байна. Хоёрдугаарт, яагаад арван хувийг таван хувь болгож байгаа вэ гэхээр манай санхүүгийн зах зээл дан ганц банкны салбараас хамаардаг. Хөрөнгийн зах зээл нь хөгждөггүй, маш сул. Даатгалын зах зээл нь сул. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг үндэс нь хэрвээ гадны иргэн манай компаниудын хувьцааг худалдаж авах, арилжаалах, үнэт цаас худалдаж авсан тохиолдолд түүний олсон хүүгийн орлого нь арав байсныг нь таван хувь болгоё гэсэн ийм л агуулгатай заалт юм. Үр дүнд нь хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө хийх хүсэл нь нэмэгдэнэ гэсэн үг. Зээлийн хүү ч буурч байна. Банк дээр мөнгө хадгалаад байх шаардлагагүй, нөгөө талдаа хөрөнгийн зах зээл рүү дотоодын нөхдүүд мөнгөө хийж эхлэх урсгал нэмэгдэх боломжтой. Хөрөнгийн зах зээл дээр аль болох гадна, дотны хөрөнгийг төвлөрүүлээд урсгалыг нэмэх нь Монгол Улсад ашигтай. Тэр агуулгаараа хуулийн төсөлд энэ заалт орсон гэж үзэж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *