Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Еврей, Монгол хоёр

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Еврей хүний олон гойд шинжийн нэг нь юмыг бусдаас дор хийдэггүйд байдаг гэлцдэг. Энэ ахул домог туульсад нь гардаг шиг Бурхнаас заяасан гагц хувь зохиол төдий биш, еврей үндэстний хоёр мянга хол гаруй жилийн түмэн зовлонт түүхийнх нь сургамжаас ч бас учир сурвалжтай л болов уу даа.

Би вээр хэрээ мэдэхгүй увайгүй нэгэн болохоороо аль залуу загдан цагаасаа л, Буддагийн шашин соёлын эх орон Буурал Жагарын газар, Иудей, Загалмайт, Лал гурван шашин иргэншлийн өлгий Эрес-Израиль нутагт очиж нэг үзэх юмсан гэж мөрөөддөг байсан ч сохор зоосгүй охор сэхээтэн мөрөөдлөөсөө цааш гарч яахин чадах билээ. Тэгсэн чинь,“Санаж байвал бүтнэ. Сажилж явбал хүрнэ” гэгч болж, би саяхан Израильд очиж арав хоноод ирлээ. Өчүүхэн бичээч би хоёр ч романыхаа зарим гол гол дүрийг еврей хүмүүсээр гаргасан минь далд чинадаа бас ч учир начиртай…

…Оросд сургуульд сурч байхад ч хожим бас энд тэнд явж байхад ч таарч уулзаж байсан эрдэм номтой еврей нар Монгол Улсад найрсаг аядуу, монгол хүнд нөхөрсөг элгэмсүү ханддагийг би мэддэг болсоон. Израилийн ерөнхий сайд асан генерал Ариел Шарон гэх мэт энэ улсын төрийн зүгтэлтэн нар Чингис хааныг өндөр үнэлж хүндэтгэдгийг сайн мэддэг, ойр дотнын хүмүүсээс нь дуулж байсан. “Айн-Жалуутын байлдаанд танай Монголын цэрэг ялсан бол Араб ертөнцийн түүх тэс ондоогоор эргэж, манай еврей үндэстний хувь заяанд ихэд сайнаар тусах байсан” хэмээх үгийг эрдэм номын еврей хүмүүсийн амнаас нэг бус удаа дуулсан юм даг. Сая ч бас сонсож л явлаа. Айн-Жалуутын байлдаан гэж манай Хүлүг хааны, Хэтбух ноёны захирсан нэгэн хэсэг монгол цэрэг Араб дахиныг дагуулан оруулж явахдаа өдгөөгийн Сири улсыг эзлээд Дамаск хүрээг нь байлдаангүйгээр буулгаж аваад тэр цагийн Эрес-Исраиль газрыг хураахаар одох зуураа Мисир гүрний султан (Эзэн хаан) Кутуз, цэргийн эмир Бейбарс хоёрын захирсан, арилжааны боол мамлюкаас бүрэлдсэн цэрэг лүгээ Айн-Жалуут гэгчийн хаяанд загалмайтны он тооллын 1260 оны есдүгээр сарын 1-нд учиран тулалдаад дийлдсэнийг хэлж буй хэрэг юм. Тэд еврей нарын бодлоор монгол цэрэг дийлсэн ахул еврей угсаатныг хөөн зайлуулсан заналт дайсан Мисир гүрний эзэрхийлэл эцэс болж, Эрэс-Израиль Монгол гүрний эзэмшил дор орсноор, урьд нь тарж бутарсан еврей түмэн эх нутагтаа эгэн ирэх боломжтой болох асан хэмээж буй нь энэ. Чухам хэмээвээс, Чингис хааны Монгол гүрэн байлдан дагуулсан улс газрынхаа хүмүүн зоны шашин шүтлэг, соёл иргэншлийг хөнөөж устгадаггүй, цагдаж хорьдоггүй, зөнд нь орхиж, гагцхүү даргач нараа тохоон мэдүүлээд алба гувчуурыг л татдаг асан болохоор хөөгдөж туугдаж тарж сарниж одсон мөнөөх олон еврей нар элгэн нутагтаа эгэн ирж, цуглан нутаглаж болох сан гэх санаа юмсан уу? Тийн аятай сайн болох асан үгүй алийг өдгөө хэн хэрхэн мэдэх…

Нэгэн бяцхан агаад сонин тохиол: Израилийн ерөнхий сайдын зөвлөхөөр олоон жил ажиллаж асан, өдгөө Израиль дахь Монгол Улсын өргөмжит консул Амичай Оркаби бээр охиноо монгол хөх тэмдэгтэй гарсныг ихэд бэлгэшээн яриад инээмсэглэж байв. Ийн бээр, Оркаби еврей эрхэмийн Аяала охин Оор мэнгэтэй төрсөн аж л. Тийм ээ, бөмбөрцгийн энчээ тэнчээд маний Оор мэнгэтэн өдгөө ч мэр сэр гардаг л юм гэсээн…

Хэдийвээр Монголын Тэнгэризм еврейн Иудеизм хоёр шашин шүтлэгийн хувьд эрс ялгаатай ч философи сэтгэлгээний тухайтад төстэй тал байдаг. Монгол еврей хоёр угсаатан балар эртийн түүхээсээ малчин нүүдэлчин гарвальтан болохоор тэр болов уу? Энэ хоёр соёл иргэншлийн учрыг тайлж хэлэлцэх нь яггүй ярвигтай хийгээд нэн урт яриа болох учир энэхүү удаад ингэсхийгээд азная…

Еврей, Монгол хоёрын тасарч салж, тарж сарнисан гашуун хувь заяа төстэй. Еврей нар мянга мянган оноор, монголууд зуу зуун жилээр. Боолын хатавчинд мөлхөж, босгоны шороо зөөсөн минь ч, адлуулж чичлүүлж, алуулж хядуулсан минь ч, борви тэнийлгэж босож өндийсөн минь ч бас. Сэрж сэхээрч сэргэн мандахуйн үзэл аль алинд минь байсаан. Еврей нарт сионизм монгол бидэнд нармай монгол үзэл гэж. Нармай монгол ч юу байх вэ дээ оросууд л эзэрхэн эзэгнэх санаагаараа “Панмонголизм” гэж хочилж хачилж, харааж зүхсэнийг нармай монгол үзэл гэж орчуулсан хэрэг. Заавал …изм болгох гэвэл монголизм л гэж болох. Сионизм Иудеизмээс, Монголизм Тэнгэризмээс язгуур сурвалжтай. Сионизм, монголизм аль аль нь хэн нэгэнд ямар ч гай гамшиг учруулах аюул түйтгэр огоот бус, салж хагацсан нэгэн угсаатан өвөр зуураа элгэмсэн нийлж, нэгэн дээвэр дор аж төрөх гэсэн заяамал совин, ариун мөрөөдөл, энэрэлт санаа л байсан бөлгөө. Жишээ нь, 10 сая монгол нийллээ гэхэд тэр цагийн 900 сая хятад, 200 сая оросыг эзлэн боолчилж чадах байсан уу? Мөн л 10 сая еврей нэгдээд хөгшин Европыг залгих байсан гэж үү? Ер нь тийм, солио галзуу санаа хэний толгойд байсан юм бэ?. “Хар зуутан” мэтс эзэрхийлэх шуналдаа галзуурах шахсан хэнээтнүүд л тэгж дэмийрдэг байсан байж магадгүй. Тэд солиотон “Сионы мэргэдийн тэмдэглэл” гэгч олхиогүй дорд, эрээ цээргүй худал хуурмаг бичлэг хүртэл эрээчин гаргаж, түмэн олныг мэхлэн мунхруулах гэж хүртэл оролдсон байдаг. Шал худлааг нь даяар орчлон аль эрт нэгэнт мэдээд ёстой л “Хүн тоохгүй, нохой шиншихгүй” болсон хойно нь тэр эрээн цаасыг манайд орчуулмар болж гаргасан байна билээ. “Хүмүүн төрөлхтний ном бичгийн соёлын арвин их хөмрөг сангаас энэнээс олигтойхон юм олж чадаагүй юм болов уу даа, чааваас” гэмээр. Гэхдээ, “Таарсан таар шуудай” гэх монгол ёж үг бас байдаг аа.

…Чингээд, өдгөө еврей нар Иудеизмын соёл иргэншилдээ дулуйдсан сионизмийн үзлээ үйл хэрэг болгож, элгэн нутагтаа эгэн ирээд нийлчихсэн байхад монгол бид харийн соёл иргэншлийн түрэмгийлэл дор дуулгавартай автан дагаж, Тэнгэризмээ ламаизм, социализм мэтчилэн харийн номлол суртлаар угсруулан сольж үгүй хийсний уршгаар өөрийн гэх язгуурын онол ухаангүй, санаа зориггүй болж хоцроод хав хагархай, тав тасархай хэвээрээ, Монголизм үзлээ таг мартчихсан, цавиндаа хошуугаа шааж цагираглаад, юм л бол, “Хоёр их хөршөө гомдоож болохгүй” гэж улиглан долигонож, боол царайлж байх. Еврей санасандаа хүрч чаддаг, монгол чаддаггүйн түүхэн том баримт энэ яах аргагүй мөнөөсөө мөн…

…Өдгөө үзэхүл, манай нутагтай дүйцүүлэхэд тун ч уйтанхан элсэн цөл, элгэн цулгуй нутагтаа ам бүл цөөн еврей нар хэнээс ч дутахааргүй, дажгүй сайхан аж төрдөг юм байнаа. Бусдынхаас тэс ондоо, учрыг нь олж, хужрыг нь тунгаахад бэрх гоц гойд, сод сонин юм еврей угсаатны түүхнээ олон байдаг. Хэнд ч хэзээ ч ямар ч гэм нүгэл хийгээгүй атлаа Элгэн халуун (Оросоор “Земля обетованная гэж дээдэлдэг) газар нутгаасаа даанч шударга бус, харгис хэрцгийгээр хөөгдөн одож, салж хагацаж, сарниж тарж, хоёр мянга гаруй он жилийн турш орох оронгүй, оочих аягагүй гэнгэж тэнэж, ад үзэгдэж алуулж хядуулж явсан ард түмэн шүү дээ. Чингэж, ёстой л ийм “Амьдын там”-ыг туулсан үндэстэн ястан энэ бөөрөнхий дэлхий дээр еврей угсаатнаас өөр хэд байгаа бол?! Ийм аллага хядлага, аюул сүйрэл, гай түйтгэр, гаслан зовлонг тэвчиж гэтэлж, тэсэж үлдээд улам чинагш уугуул ус суугуул нутгаа бэдэрч тэмцэж, эгэж ирээд улс гэрээ байгуулан төвхнүүлж улсын дайтай улс болгочихоод эзэгнэнхэн сууж байгаа нь, үнэндээ гэхүл хүмүүн төрөлхтний түүхнээ, ухаан санаанд багтамгүй, ургуулж сэтгэж боломгүй, ер бусын сод гоц хэрэг үйл биш гэж үү?! Зуун жилийн өмнө еврейн ийм улс буй болно гэж хэн нэгэн хэлсэн ахул тэр хөөрхийг “Битгий сэрүүн зүүдэл” гэж эрүүдэх байсан биз ээ. Тийм түүхийг туулж, ийм үйлсийг бүтээсэн үндэстэн болохоор нь л ам бүл буурай ч еврей нарыг аугаа их ард түмэн гэж дэлхий даяарт нэрлэдэг буй за. Еврейн энэхүү гайхамшгаас мань мэт цөөн буурай, хагархай бутархай зарим нь жишиг сургамж авбаас нэн ч гэмгүй мэт ээ.

Еврей түмний өдгөөгийн аж төрлийн олон олон гайхалтай сайн жишиг сургамжаас хоёрхон баримтыг дурдан өөрсдийнхтэйгөө дүйлгэн бодоод үзье л дээ. Израиль улсын, эрдэм ном сургахуй буюу албаны хэлээр боловсролын чанар дэлхийн бөмбөрцөг дээр тэргүүлдэг гэж Дэлхийн Соёл Боловсорлын байгууллага цэгнэн дүгнэсэн гэнээ. Тийн, Нэг хэмээвээс, Израилийн их, дээд сургуульд ном эрдэм сурах гэж дэлхийн газар газраас залуу хүмүүс ирцгээж энэ улсад чамгүй их мөнгө зоос оруулдаг. Хоёр гэхүл, Израильд эрдэм сурсан хүн энэ дэлхийн хаана л бол хаана түвэггүй ажил олж хийж, сайхан аж төрдөг. Гурав гэвээс, Израилийн оюун ухааны бүтээл туурвил дэлхийд үнэд ихэд хүрч үтэр зуур борлож, мөнгө зоос нааш нь гулдан татдаг аж. Америк, Франц, Герман гэх мэт олон улсын том том корпораци Израилийн технологийн бүтээлийг дуртайяа худалдаж авч хэрэглэдэг гэнэ. Найдвартай ч байдаг юм байх. Ер нь, Израиль улс оюун эрдмийн бүтээлээ л арилжиж хөгжиж байгаа орон юм байна.

Израиль улс хүн нь өндөр насалдгаар дэлхийд тэргүүлдэг аж. Израилийн иргэний дундаж нас 84, бүсгүй хүнийх нь 86, эрчүүлийнх нь 82 аж. Энэ нь зэрвэсхэн харахад л мэдэгдэж байлаа. Хот гудмаар нь явж байхад бага үд болохоос арай өмнөхөн л цэцэрлэг талбай, усан оргилуурын газарт настан буурлууд олшроод ирж байх. Таяг тулсан, цахилгаан хийгээд түрдэг тэргэнцэр гэх мэт янз янзын унаа хөсөгтөй буурлууд зарим нь хэсэг хэсгээрээ элдэв наадгай тоглож, зарим нь тагтаа шувуу хооллож байх энд тэнгүй дайралдана. Усан оргилуурын хажууд, модны сүүдэрт тэргэнцэр дээрээ ном уншиж суух нь цөөн бус. Тэр ч бүү хэл тэргэнцэрээ түрдэг хүнээрээ ном уншуулаад нүдээ анин сонсож байх нь ч бий. Нэгэнтээ тийм нэгэн буурлыг хараад би хэрэгт дурлан уулзаж ярилцлаа. Ашгүй оросоор бага сага ярьдаг хүн байлаа. Польшийн еврей гэнэ. 1948 онд энд ирсэн хүн байна. Израиль улсын анхны иргэдийн нэгэн байх нь. Нас сүүдэр 96 зооглож яваа, хараа нь муудаж өөрөө уншиж чадахгүй болоод хөлсний асрагчаараа номоо уншуулдаг аж. Ном уншихгүй амьд явж яахин чадах гэнэ. Ямар ном уншуулж байгааг нь лавлаваас Амос Озын нэг роман гарсныг мэдэнгүүтээ авахуулаад уншуулж сонсож байна гэв. Амос Оз гэдэг нь Израилийн орчин цагийн нэр цууд гарсан зохиолч гэж би гадарлах юм. Саявтархан таалал төгсөв гэж дуулсан. Зарим нэг зохиолыг нь оросоор уншиж байсан удаатай. Ийн мэдэхээ хэлээд залуудаа би Озын “Бүсгүйг таних нь” ч билүү нэгэн романыг нь шохоорхон уншсанаа дурсваас мань өвгөн тэргүүн өчүүхэн гэгээд “Бүсгүйг таних нь ч арай биш ээ” гээд хоромхон бодолхийлснээ “Бүсгүй хүнийг мэдэх нь” гэж байх юм аа. Юу билээ гэсхийн бодвоос нээрээ л “Познать женщину” гэсэн орос үгс нүдэнд харагдаад ирж байна шүү, өгөр чинь. Номын нэрийг би мартаж, ах өвгөн санаж байх нь тэр ээ. Ийн бээр, ерэн зургаатай сохор еврейд мад тавиулчихаад би саяхьдаа урт насалж удаан жаргахыг ерөөгөөд шалавхан цааш явлаа. Явахгүй гээд яах юм бэ? Ямар, тэндээ боож үхэлтэй нь биш.

Израиль улс одоо жилд хэвлэж борлуулдаг номынхоо тоогоор дэлхийд Америкийн дараа хоёрт ордогт нь үнэмшимээргүй. Наймхан сая хүнтэй улс тэрбум хэдэн зуун сая хүнтэй Хятад, Энэтхэг, зуун дөчин сая хүнтэй, ном их уншдагаараа алдартай Орос, дал наян сая хүнтэй Герман, Япон, Польш гэх мэт аварга том орноос илүү олон ном хэвлэж худалдаж байдаг гэхээр. Гэлээ ч энэ үнэн аж. Еврей нар ном их уншдаг заншилтай бололтой. Уншиж байсан номынхоо хуудсыг тэмдэглээд өмнөө тавьчихсан жолоочийг би таксинд суухдаа хэд хэдэнтээ харсан шүү. Их, дээд сургууль, номын сангууд нь номыг маш олон хувиар худалдаж авдаг гэнэ. Энэ нь нэр төрийн хэрэг, соёлын нэгэн зүйл үзүүлэлт, заншил юм байх. Оюутан нартаа ном маш их уншуулдаг. Тэд хөөрхийс сургуулийнхаа номын сангаас л авч уншихаас өөр арга байдаггүй. Учир нь Израильд ном хамгийн их үнэтэй юмны нэг гэдгийг би турсгаараа мэдсэн. Орос хэлний номын дэлгүүрээс, нимгэн хавтастай хэвлэсэн Тора, Коран хоёрыг, хөрвүүлж бодвол 164 доллараар авчихаад ёстой л

“Өвөртөх бэлээ дотроо тооцож,

Өег байдал гадаа үзүүлээд”(Бэгзийн Явуухулан) л гарсан даа,

Еврей хүн ном хоёрын холбоо бүхүй бас нэгэн сонин баримт: Еврей нар элгэн нутагтаа эгэн цуглаж, туурга тусаар улс гэрээ үүтгэхүйд оюун эрдэм, соёл иргэншлийн нийлэмж санаа нэн чухаг гэж ухаараад Еврейн Их сургууль байгуулах санааг гаргажихуй. Энэ үйл хэргийг Цви-Герман Шапиро, Патрик Геддес гэх мэт эрхэмүүд сэдэж, хандив мөнгө цуглууж, Их эрдэмтэн Альберт Эйнштейн, Сизинмунд Фрейд, Мартин Бубер тэргүүтэн үүсгэн байгуулсан түүхтэй. Тийн бээр, Израиль улсаа байгуулахаас 22 жилийн урьд Еврейн Их сургуулийг энэхүү угсаатны түүхэн өлгий Иерусалим хотод байгуулсан аж. Чингэхдээ хамгийн эхлээд их сургуулийнхаа номын сангийн барилгыг эхэлж барьчихаад 10 жилийн дараа жинхэнэ их сургуулиа барьж нээсэн байдаг. Тэгвэл Монгол Улс Их сургуулийнхаа 75 насан дээр нь сая нэг юм номын сангийн байшин барьж өгөв үү дээ. Үгүй яах вэ, нүүр улайхааргүй, дажгүй юм барьчихсан байгаа шүү. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” л болчихгүй бол..

Би Еврейн Их сургуулийн мөнөөх сонин түүхтэй номын санд нь очиж, дорно дахиныг судлаач мэргэдтэй нь уулзаж ярилцаж явлаа, сая. Азийн бараг бүх улсын дотроос ганцхан монгол судлалын тасаг л энэ их сургуульд мөнөөхөндөө байхгүй юм байна. Гэхдээ, Монголын түүхийг судалдаг Михал Биран, Рүвен Амитай нарын хоёр гурван ч профессор байна билээ шүү…

Еврей хүний олон гойд шинжийн нэг нь юмыг бусдаас дор хийдэггүйд байдаг гэлцдэг. Энэ ахул домог туульсд нь гардаг шиг Бурхнаас заяасан гагц хувь зохиол төдий биш, еврей үндэстний хоёр мянга хол гаруй жилийн түмэн зовлонт түүхийн нь сургамжаас ч бас учир сурвалжтай л болов уу даа? “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэх нэгэн монгол мэргэн үг байдаг биз дээ?! Ерөөс, хүмүүн төрөлхтний түүх тэр чигээрээ зовлон тарчлангийн түүх гэвээс еврей нарынх хамгийн гаслантай нь яах аргагүй мөн. Чухам хэмээвээс, еврей нар “Хал үзэж, хат суусан” угсаатан түмэн. Хүмүүний ертөнц ч гэсэн мөнөөх л Дарвины байгалийн шалгарлаас хайшаа ч зайлах аргагүй юмсан уу даа гэх бодол хааяа хааяа санаанд минь буудаг. Байгалийн жам нийгмийн ёсон хоёр шал ондоон гэж ирээд л заримууд намайг зандрах л байлгүй. Тэр надад падгүй хэрэг. Би, хоёр мөрнийхөө хооронд муу ч сайн ч өөрийн гэх бөндгөртэй. Тийм болохоор еврей угсаатны гайхамшигтай агаад гайхалтай түүх заяаны учирт ч би өөрийн гэх бодолтой. Тэр маань хэн нэгний санаанд таарах, эс таарах огоот хамаагүй. Байгалийн шалгарлаас үүдэлтэй, еврей түмний увдис оюун, суу заль хожмоо харин гарваль сандаа удамшсан байхыг үгүй гэх газаргүй ээ. Тэрнээс биш, еврей түмний түүхэн хувь заяа гэвээс мөнөөх дээд Бурхан гэгч нь Синайн уулын оргил дээр морилон бууж залраад еврей Моисейд айлдсан гэрээсийн л буян хишиг гэж би үнэмшдэггүй ээ. Хэрэв зэ, тийм асан ахул еврей нар тэрхүү гэрээсээсээ өөрийг бодохгүй, юу ч хийхгүй мөнөөхөө л бясалгаад, дээд Бурхандаа залбираад буяныг нь эдлээд зовлон зүдүүрийг огоот үзэхгүй жаргаад хэвтэж байх байсан буй за.

Тора хэмээх их туурвилд эртний еврей хэл бичгээр мөнхрөн үлдсэн Тавал номын ёсон буюу Иудеизмын агуу их соёл иргэншил нь еврей угсаатны хувь заяаны язгуур сурвалж нь гэдгийг би эрхбиш гадарлалгүй яах вэ. Хэрэгт дурлан шохоорч, Моисейн таван ном гэгч энэ их хөлгөнийг ухаж ухаарч чадан ядан уншсан юмдаг. Мэдээж хэрэг, оросоор. Монгол хэлээр байхгүй. Ялдар хэлвээс, өдгөөгийн еврей нар хоёр мянган жилийн тэртээд мөхөж үлдсэн еврей бичгээ чухамхүү Библийн “Хуучин гэрээс” гэх энэ номоос улбаалан авч сэргээн төгөлдөржүүлээд төрийн бичиг болгоод хэрэглэж байгаа юм шүү дээ. Тэгвэл, монголууд бид нар 50-иад жилийн өмнө өөрснөө нам засгийн тогтоол гаргаж устгасан төгс сайхан аугаа их бичгээ эгүүлэн хэрэглэх гэж 30-аад жил ноцолдоод барахгүй зогсож байгаа биз дээ? Тэрбум хол гаруй үй түмэн хятадын доторх өцөөхөн хэдэн өвөр монгол минь харин бичгээ алдчихгүй хадгалж чадаад байхад шүү. Ингэж орчлонгийн гутамшиг болж, өгөр царайлж байх ч гэж дээ, бид нар!!! Ингээд л бодоод байхад бид нар удахгүй өөрснөө гүйж очиж өрөөлийн боол болохоо сийхгүй л улс даа…?!

Иудеизм аваас хүмүүн төрөлхтний хамгийн эртний шашин ном, соёл иргэншлийн нэг гэдгийг даяар дэлхий мэднэ. Ялдар хэлэх аваас, Залмайтны шашин ч лалын шашин ч үнэндээ Иудейн шашнаас л үүдэл аван гарсан байдаг. Тэгээд эргэж тэрсэлдсэн. Ёстой л мөнөөх, “Ишиг эврээ ургахаар эхээ мөргөв” гэгчээр. Иудейн шашин Загалмайтны шашин хоёр бүр нэг Дээд Бурхантайг нь яана. Оросоор “Всевышный” гэдэг. Иудейн шашин, Загалмайтны шашин, Лалын шашин гурав өдгөө ч, анх үүссэн уугуул газар-Израиль улсын нутагт зэрэгцэн оршсоор байгааг би сая нүдээрээ үзлээ. Жишээ нь: түүх дурсгалын онцгой учир начиртай Вефлеемд Иудейн синагог, Загалмайтны католики хийгээд үнэн алдрын сүм, Лалын мечет хаяа хатавч хатган оршиж, ном сургаалаа уншиж, найрал дуугаа дуулж, эргэл мөргөлөө үйлдэж байх юм. Түүх уламжлалын зөрчил сөргөлдөөн бүхүй гурван шашны сүм хийдийг Еврейн нийгэм өвөр зуурт нь самуун дажин гаргуулчихгүй эв зүйг нь олоод л байдаг аж. Чухам л “Еврейн улсад еврей хийгээд бусад үндэс угсаатан хүмүүс амар тайван, эрх тэгш аж төрөн суух ёстой” хэмээсэн мөнөөх Сионизмын нь цөм зарчим (Теодор Герцелийн дэвшүүлсэн) хэрэгжиж байгаа нь энэ бололтой.

Еврей угсаатан Иудеизм гэгч чухамхүү тэр уламжит шашин номлол, соёл иргэншлийнхээ эрчим увдис дор оюун ухаан, үзэл санаа, сэтгэл зүрхээрээ элгэмсэн нэгдэж чадсан байгаа юм. Өдгөөгийн сэргэн мандахуйн нь үүдэн учир ч тэрчлэн үүнд байгааг үгүй гэх газаргүй буй за. Энэ учирт олон баримт сэлт гарган нотолж ярьж болох авч ингээд амаа татъя.

Еврей нар нүгэлт энэ хорвоод үгүйрэл хоосрол, үхэл зовлонг ч үзсэн, үлдэн тэсэхүй хийгээд үйлдэн бүтээхүйн үлгэр жишгийн эд хавыг ч үзүүлсэн. Тэд вээр хүмүүний орчлонд сайн үйлийн ихээхэн хувь хандив оруулсан нь маргаангүй. Бусад олон үндэс угсаатнаас хавьгүй илүү юү л гэхээс яавч дутуугүй нь лавтай. Энэ нь тэдний эрдэм оюун, эрчим чадлын ч үр бас мөн. Ийм угсаатныг бас л аугаа гэхээс өөр юү гэхсэн билээ?!

Еврей үндэстэн хүмүүн төрөлхтөнд хайрласан хамгийн том бэлэг хандив хэмээвээс олон олон ухаант мэргэдийг төрүүлж өгсөн явдал бөлгөө. Цөөхөн жишээ татъя: Дээд Бурхан хэмээгчийг Синайн уулын оргил дээр морилон буухад нь угтан золгож, сургааль гэрээсийг нь сонсож, хүмүүн төрөлхтөнд түүчээлэн хүртээх эрхэм үйлсийг анх залгамж авсан гэх домгийн эзэн, Иудейн шашин номлол, соёл иргэншлийн их мэргэн бошигч Моисей, Загалмайтны шашны Бурхан(?) Иишуа (Иисус), эртний Нанхиадын их сэтгэгч Күнз(?), Монголын эртний түүхийн нэгэн хөлгөнийг туурвисан их эрдэмтэн Аршид-Аддин Фазлаллух, Европын их Өргүн ухаанч(философич) Барух Спиноза, их эрдэмтэн Альберт Эйнштейн, Нильс Бор, Лев Ландау, Юлиан Швингер (Монголын их сургуульд номын сангаа гэрээсэлж бэлэглэсэн), Герг Кантер, их зохиолч Хенрих Хейне, Осип Мандельштам, Альбер Камю, Франц Кавка, Владимир Набоков, Стефен Цвейг, Борис Пастернак, Марсель Пруст, Василий Гросман, Станислав Лем, Иосиф Бротский, Лион Фейхтмангер, Шалом Алейхем, урлаг соёлын нэр цуут зүтгэлтэн Людвиг Минкус, Жорж Бизе, Иоган Штраус,Чарли Чаплин, Михаил Ромм, Сергей Эйзенштейн, Марк Шагал, Фанна Раневская, Владимир Этуш, Юрий Башмет, Альфред Шнитке,Оскар Фельцман, Ян Френктль, Исаак Дунаевский, Владимир Шаинский, Владимир Высоцкий, Элина Быстрицкая, Леонид Утёсов, Майкл Дуглас, Селевестер Сталон,Стивен Сигал(Еврей монгол хольмог гарвальт?), Аркадий Райкин, нийгэм улс төрийн нэрд гарсан зүтгэлтэн Шимон Перес, Борис Немцов, коммунизмын онолч, удирдагч Карл Маркс, Владимир Ленин (Еврей монгол хольмог гарвальт?), сэтгэл зүйч Сизигмунд Фрейд, мэргэн совинч Мишель Нострадамус, Вольф Месенг гэхчлэн сод ухаант, суу билигт, авьяас увдист еврей өчнөөн төчнөөнийг нэрлэн тоочиж болно. Хагас дутуухан тоолж үзвээс, дэлхийн шинжлэх ухааны хийгээд уран зохиолын дээд соёрхол-Нобелийн шагналыг 55 физикч, 49 эмч-физиологич, 36 химич, 13 зохиолч, есөн нийгмийн зүтгэлтэн гээд нийт 162 еврей хүртсэн нь нийт энэ шагналтны 20 гаруй хувь нь ажээ. Мөхөс миний л гүймэгхээн мөшгөж тоолсноор шүү дээ. Нарийн судалбаас энэнээс хавьгүй олон байгаа нь гарцаагүй. Дэлхийн долоон тэрбум 700 сая хүний доторх арван сая хүрэхтэй үгүйтэй еврейгээс шүү. Даяар дэлхийн эрдэм оюун, соёл иргэншлийн ертөнцөд еврей нарын оруулсан хувь хандивыг үнэлж баршгүй бөлгөө. Хоёр мянга гаруй он цагаар атаархаж хорсож, ад үзэж, хөөж тууж, алж хядаж байсны хариуг еврей угсаатан хүмүүн төрөлхтөнд ийм л үйл бүтээж, буян үйлдэж барьсан байдаг даа. “Алтан нарыг алгаар хааж болдоггүй” нь яах аргагүй үнэн бөлгөө.

Тэгвэл мөн л арав орчим сая монгол хүнээс Нобелийн шагналтан бий билүү? Монгол угсаатан бид уг нь, Тэнгэризм хэмээх, язгуурын агуу их соёл иргэншилтэйсэн билээ л. Тэр их соёлоо бид нар өдгөө ухааран мэдэж, эрхэмлэн дээдэлж, хувь заяа, үйл хэрэгтээ баримтлан сахиж явж чадаж байгаа билүү?! Еврей нар Иудеизмаа эрхэмлэн барьдаг шиг. Үнэнийг хэлэх ахул үгүй шүү дээ. Чингэсний гайгаар алдсан минь хожсоноосоо даанч их ээ. Чухам үүний л гайгаар Их Чингис хааныхаа гэрээст тусаар туургаа хүртэл хахууль зоосоор харьд арилжиж байсан нүгэл гутамшигаа хайш нь хийж, хаанаа нуултай?! Хожимхон нь бас л харийн боол(Вассал) болж, өөрийн толгой мэдэлгүй өгөр царайлж явснаа яалтай?!

Еврей нар харин хоёр мянган жил санаж сарвайж явсандаа хүрч, халуун элгэн нутагтаа харьж ирээд улс гэрээ үүтгэн төвхнүүлэхдээ бусдын эрхэн дор бөхийж, мэдэл эрхээ алдчихгүй арга чаргыг нь олж толгой мэдэлтэй явж чадаад байгаа нь монголчууд бидэнд жишиг сургамж болох учиртай бус уу?! Еврей нарын угаас Монголд талтай байдаг хийгээд нөхөрсөг зочломтгой заншилд нь дулдуйдан эртний соёлт энэ нутгаар бидан гэнгэх зуураа мөхөс молхи бичээч би вээр иймэрхүү л юмыг харж үзэж,санаж санааширч явлаа л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *