Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: Төрсөн сум, өссөн газар, төгссөн сургуульдаа тусалдаг болчихвол хүн болж төрсний хэрэг тэр

Үндэсний бөхийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж явсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Рэгжийбуугийн Нямдоржтой нийгмийн гэгээрлийн талаар хөөрөлдлөө.


-Нийгмийн гэгээрлийн холбоо байгууллаа гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Нийгмийн гэгээрлийн ажлыг Данзан бид хоёр 2005-2006 оны үеэс эхэлсэн юм. Тэр үеийн баримт гэвэл “Нийгмийн гэгээрлийн төлөө” уриатай “Жин” гээд сэтгүүл байна. Таван ч дугаар гарсан. Анхны 2006 оны есдүгээр сарын дугаарын хавтсан дээр гэхэд ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай заларч байлаа. Бөхийн холбоог 2006 онд өгчихөөд нийгмийн гэгээрлийн ажлаа хийе гэсэн бодолтой байсан ч хурал хуралдаж өгөхгүй хойшлоод байсан. Данзан бид хоёрыг сүүлийн хориод жил бөх барилдуулчихсан болохоор бөхийн спортын улс гээд ойлгочихсон. Бид хоёр чинь МУиС-ийн физикийн ангийг хамт төгсөөд Данзан тэндээ багшлаад, би хуулийн салбарт багшлахын тулд хуулийн анги төгсөн, тэндээ 15 жил ажиллахдаа лабораторийн эрхлэгч, багш, деканы алба хашиж явсан улс. “Амьдрал таньсан хүний үг” гэдэг номыг 2007 онд гаргасан. Монголын 12 алдартнаас өмнө нь аваагүй сэдвээр ярилцсан.

-Хэн хэний яриа орсон ном билээ?

-Хөдөлмөрийн баатар Д.лувсаншарав, Пүрэвдорж, Ж.Хайрулла, ардын жүжигчин Цогзолмаа, Жаргалсайхан, төрийн шагналт зохиолч Д.Гармаа, Д.Батбаяр, Долгорын нямаа, ардын уран зохиолч Д.Цоодол, төр нийгмийн зүтгэлтэн Ц.лоохууз, Шагдарсүрэн багш нарын ярилцлага орсон. нийгмийн олон төрлийн авьяастай эрдэмжчихсэн энэ хүмүүсээс хүний амьдралын утга учир, хүн бэрхшээлийг хэрхэн давж туулах ёстой вэ, яаж амьдрахыг зөв гэж үзэх вэ гэсэн асуултуудад хариу авсан юм. ийм ажлуудыг бид тухайн үедээ “Нийгмийн гэгээрэл сан” төрийн бус байгууллагын нэрээр хийж эхэлсэн. одоо бид үүнийгээ “Нийгмийн гэгээрлийн холбоо” болгоод ажиллаж байна.

-Нийгмийн гэгээрлийн ажил гэж юуг хэлээд байна?

-Хамгийн товчоор хүнд зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл бий болгоход чиглэнэ. Энэ бүхэн хүмүүст түгээмэл ойлголт л доо. Арай том сэтгэгчдийн үзэж буйгаар бол зөв үзэл гэдэгт энэрэн нигүүлсэхүй сэтгэл орох юм байна. Зөв бодол гэхээр шунахын сэтгэлгээнээс ангижрахыг хэлж буй юм. Зөв тэмүүлэл гэхээр үйлдэл, амьдрал үйлээ зөв үзэл, зөв бодолд тулгуурлаж явуулах юм байна л даа, хүн төрөлхтний хувьд бол. Өнөөдөр хүмүүс юуг зөв, юуг буруу гэж ойлгож байна гэхээр хулгай хийх, худлаа ярих буруу гэж ойлгож байгаа. Бидний хувьд нийгмийн гэгээрлийн ажлаа дөрвөн чиглэлд тодорхойлсон.

-Ямар дөрвөн чиглэл тодорхойлов?

-Нэн түрүүнд, Монголын ирээдүй хойч үед Монголоо дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлнэ. ямар ч хүнээс “Та Монголоо дээдэлдэг үү” гэхээр “Дээдэлдэг” л гэдэг. “Та юуг нь дээдэлдэг вэ” гэхээр онгон дагшин байгалаа ч юм уу, Чингис хаанаа дээдэлнэ гэж ганц хоёрхон юм хэлдэг. Монголоо дээдлэх үзлийг яаж хүнд бий болгох вэ гэсэн нэгдмэл цогц ойлголт тогтоогүй байгаа. Үүнийг хүн бүхний тархинд суулгах учиртай. Монголоо дээдлэх үзэлтэй болохын үр дагавар Монголоо дорд үзэх үзэлгүй болж төлөвшинө. Удаах нь, эх орондоо туслах сэтгэлгээг хүн болгонд бий болгож амьдралд нэвтрүүлье гэж байгаа юм. одоогийн нийгмийн араншин ч юм уу, хүмүүс хүнээс, эх орноос юу авах вэ л гэдэг сэтгэлгээтэй болчихсон. Хүн өөрөө төрснөө бодоод хүн тодорхой эцэг эх, нутагт харьяалагддаг шиг утга агуулгаа бодвол хүн байгальдаа, бусдадаа тусалж байх ёстой. Өгч байх ёстой.

-Хариутай бол бариутай гэдгийг л эергээр хэрэгжүүлэх нь байна шүү дээ?

-Тийм. Хүн хаа нэг газар төрөөд, бас хаана ч юм өсдөг юм байна. Хүн бүхэн аль нэг сургууль төгсдөг юм байна. Төрсөн сум, өссөн газар, төгссөн сургууль гэж хүн болгонд бий. Хүн болгон ядуу, баянаас үл хамааран төрсөн сум, өссөн газар, төгссөн сургуульдаа хүн бүхэн тусалъя л даа. Тийм биз дээ. Хүн яаж туслах юм бэ гэдэгт “Нутаг-100” гэсэн хөтөлбөрийг боловсрууллаа.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын жишээ байна. Туслах ажлыг тэр нутгаас төрсөн баян хүн заавал хийнэ гэсэн утгаар биш, ерөөсөө л тухайн нутагт төрсөн хүн бүхэн амь олсон газартаа төлбөр төл, заяа хайрласан нутагтаа тус бол гэсэн аргачлалыг бид боловсруулсан. “Олны олон таван цэн” гэдэг төслөөр л нутаг орон маань хөгжиж цэцэглэнэ.

-Эх орон сумаас эхэлдэг гэдэг ч сайхан үг шүү. Хүн бүхэн ийм л сэтгэлээр хандвал ч болоод явчих байх шүү?

-Туслах ажлын санхүүжилтийг босгоход тухайн нутгаас бизнес хийж байгаа хүнээс хэдэн сая төгрөг авъя гэхээс илүүтэй тухайн нутагт төрж, өссөн боломжийн 100 хүнээс сард 50 мянган төгрөг авахад л тэр нь жилд 600 мянган төгрөг болно оо доо. Энэ хагас тэрбум төгрөгөөр улсаас, төр засгийн хийж чадахгүй байгаа мөртлөө тэр нутагт аж төрж буй хүмүүсийн тавлаг, эрүүл амьдрах боломжийг хангаж өгөх зүйлд зарцуулбал эх орондоо тусалж буй хэрэг мөн өө дөө. Ямар ч хүн сум, дүүрэг, хороо гээд харьяалагдахгүй газар үгүйеэ дээ. Манай Чандманийнхан гэхэд зуун хүн яг ийм байдлаар ажиллаж байна. Энэ зуун хүнээ “Мөнхийн дурсгал” гэсэн байгууламж барьж мөнхөлнө. Өнөөдөр арван хэдтэй миний ач, зээ одоогийн биднээс насаар ах болсон ч үр удмаа дагуулж очихдоо дээд өвгөөрөө бахархах болно оо доо. “Чандмань-100” хөтөлбөрт гэхэд 15 бүлэгт хуваагдах зуун ажил тусгагдсан. Энэ хөтөлбөр Монголын 335 суманд хөдөлгөөн болж өрнөвөл Монголын ард түмэн эх орондоо тусалдаг уламжлал тогтоно. Би үүнд ач нараа хүртэл багтааж хамруулсан. Манайхан сумынхаа сургуулийг их сайхан тохижуулсан. Говь-Алтайд, Монголд тийм сайхан газарзүй, дуу хөгжмийн танхимтай сургууль өөр байхгүй.

-Гурав дахь ажил тань юу билээ?

-Хүн хүндээ туслах хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэн дадуулах ажил байна. Энэ угаасаа монголчуудад байсан чанар л даа. Монгол хүний бусад үндэстнээс илүү ялгарч байгаа зүйл нь ах дүүс, амраг саднаа гэсэн халуун сэтгэл. Бид Япон, Германд ажиллаж, амьдарч байсан улсаас нэлээд судалгаа явуулсан. Герман хүн монголчуудын юуг сонирхож байна вэ гэхээр “Яаж танайхан шиг ах дүүсээ гэдэг сэтгэлтэй болох вэ” гэж гайхширч байна гэж байгаа. Хүн хүндээ тусалдаг халуун сэтгэл Монголд байж байгаа. Бараа таваар экспортолно гэдэг шиг Монгол дэлхийд юу зааж өгөх вэ гэвэл нэг брэнд нь халуун сэтгэл юм. Энийг өнөөгийн хөрөнгө хөөсөн нийгэмд байнга дадуулж, сануулж байх юм. Өөрийг чинь ирэхээс өмнөхөн би “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш нарт лекц уншаад ирсэн.

-Дөрөв дэх нь юу байх бол?

-Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийг иргэн бүрт төлөвшүүлмээр байна. Ойлголт зөв бол үйлдэл зөв гэсэн логик байхгүй юу. Юмыг хэрхэн ойлгосноос үйлдэл нь тийм болчих учраас нийгмээрээ зөв ойлголттой болчихмоор байна. Жишээлбэл, нам гэдгийг Монголын ард түмэнд туйлшруулаад ойлгуулчихсан. Намд аав, ээжээсээ илүү хайртай болгочихсон шүү дээ. Нам гэдэг тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, тэр үзэл санааг нийгэмд хэрэглэх үү, үгүй юу гэдэг институтици. Намыг дагахгүй бол амьдрал сүйрчих юм шиг, ах дүүс хоорондоо муудах үзэл санааг Монголд тогтоочихсон. Жаргалыг гэхэд бас л буруу ойлгуулчихсан. Жаргал гэж ухаандаа Богд уул шиг юм байгаад тэр өөд авирах юм шиг л бодоод байгаа. Жаргал гэж юу юм бэ гэхээр сэтгэл санаа амгалантай байх мөч болгон л юм. Чи бид хоёр сайхан хөөрөлдөөд сууж байгаа чинь жаргаж байгаа байхгүй юу. Түүнээс биш эд хөрөнгө, байшин сав барихад жаргалын мөн чанар оршихгүй. Сэтгэлийн амар амгалан жаргал юм бол эхнэр нөхөр хоёр хэрэлдэх гэж байснаа болих хэрэгтэй. Энэ бүхнээс зөв ойлголт зөвдөөд явах жишээтэй юм. Нийгмийн гэгээрлийн зорилго үүнд чиглэнэ.

-Та бүхэн нийгмийн гэгээрлийн ямар ажлууд хийж байна?

-Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийн төлөөх нийгмийн гэгээрлийн хөтөлбөр гээд арван хоёр жилийн хөтөлбөр гаргалаа. Эхнийх нь “Эрдэмт хүн-улсын баялаг” гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. ШУА-ийн жинхэнэ гишүүн 16 академич оролцсон. Эднээс “Хүний амьдралын утга учир юу вэ” гэсэн асуултад хариу аваад бүтэн нэвтрүүлэг бэлтгэж байна. Үүнийгээ бид телевизийн шинэ контент гэж үзэж байгаа. Оюун санаа нь хөгжчихсөн хүмүүсээс амьдралын алтан мөрдлөгүүдийг мэдэж авна гэсэн үг. Бүтэн жилд хорин нэвтрүүлэг явна. Удаахь нь “Үгийг тань сонсъё” нэвтрүүлэгт Монгол Улсын ардын болон гавьяат багш нар оролцож байгаа. Нэвтрүүлэг “ТВ-5” сувгаар гарна. Монголын залуучуудын олзуурхууштай зан чанарын тухай, багш хүний эзэмшвэл зохих гурван чухал зүйлийг яриулж байна. Мөн л хорин дугаар явна. Нийгмийн гэгээрлийн сэдвээр онцгой ойлголт тогтоочихсон хүмүүсийн яриа ч орно. Эмч Шагдарсүрэн гэхэд “Болих сэтгэлгээ”-ний тухай ярьдаг. Болих сэтгэлгээ дэлхийд ид хүчээ авч байгаа юм билээ. Бусдаас авах сэтгэлгээ, бэлэнчлэх сэтгэлгээг л хазаарлахыг хэлээд байна шүү дээ. “Эх орондоо тусалъя” нэвтрүүлэг энэ оны намраас “TВ-5” сувгаар цацагдана. Мөн “Ухаарлын номууд” цувралаар “Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг”, “Монголоо дээдэлье”, “Яаж жаргах вэ”, “Зөв явахыг зүйр үгээс асуу”, “Дэлхий Монголоос суралцагтун” гэсэн тус бүр нь наян нүүр бүхий найман ном бүтээнэ. Энэ ном хэний ч амьдралд хариултаа хүлээж байдаг бэрхшээлийг яаж даван туулах вэ, хүний амьдралын утга учир, амжилт гаргахад, амьдрахад ач тусаа өгдөг ямар зан чанар байдаг вэ гэх мэт арван асуулт хариултаас бүрдэж байгаа.

-Үнэхээр өгөөжтэй л гэгээн үйл болж дээ?

-Энэ номын уншигч арван хүний зуун хариултыг уншина. Зуун хариултыг уншсаны дараа өөрийн бодол эргэцүүллээр шинэ хариулт гарган номонд байгаа “Таны хувилбар” гэсэн зориулалтын зайд гараараа бичих юм. Бичсэн хариулт нь тухайн хүний цаашдаа мөрдөх үзэл баримтлал болохын зэрэгцээ уг номоор дамжин үр хүүхэд, ач зээ нарт нь өвлөгдөн үлдсэнээр хойч үеийнхэн маань амьдралын тодорхой асуудлаар зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэлтэй болж сайн нийгэм төлөвшихөд нөлөө үзүүлэх юм. Энэ ном бол залуу үеийг амьдралд бэлтгэхэд чиглэгдсэн, урьд өмнө хаана ч гарч байгаагүй, хамгийн амархан уншигдах, хамгийн өгөөжтэй бүтээл болсон. Тиймээс энэ бүтээлийг айл бүхэнд хүргэх учиртай. Үр хүүхдэдээ хар буруу санадаг хүн орчлонд нэг ч байдаггүй болохоор эцэг эхийн үг хүнд маш үнэтэй. Тиймээс аавынх нь гараараа бичсэн арван асуултын хариу хожим хойно асар их үнэ цэнтэй алтан өв болж хадгалагдана. Манай Нийгмийн гэгээрлийн зорилго ийм гэгээн төсөл боловсрууллаа. Аливаа оюуны удирдагч гэдэг чинь оюуны тодорхой өндөр түвшинд гарчихсан улс байдаг. Эрдэм мэдлэг, авьяас чадварыг өндөр үнэлдэг нийгэмтэй болчихсон байхад Монгол Улсын маань ирээдүй ямар сайхан гэрэл гэгээтэй болно гээч.

-Та бүхний нийгмийн гэгээрлийн үйл хэрэг чинь Томас Морын “Наран хот” зохиолд гардаг шиг сайхан нийгмийг цогцлоох гэсэн хэт утопи мөрөөдөл юм биш үү?

-Ер нь одоо бидний шилжин орсон нийгэм бол эд хөрөнгө, материаллаг баялгийг сайтар бий болгодог гэдэг нь дэлхийд батлагдчихсан. Хамгийн гол нь хүн чанар, ёс суртахууныг их доошлуулдаг гэдэг нь амьдрал дээр ч харагдаж байгаа. Өмнө нь ч хүмүүс мэдэрч байсан юм билээ. Жишээлбэл, Английн ерөнхий сайд У.Черчиль “Энэ нийгэм бол тийм ч төгс мундаг тогтолцоо биш. Гэхдээ энэнээс сайн нийгмийн тогтолцоог хүн төрөлхтөн бодож олоогүй байгаа учраас бид түүнийг сайжруулж хөгжүүлэн зохицож аж төрөхөөс өөр аргагүй” гэж хэлсэн байдаг. Манай Монголд айлчилж ирсэн гадны хөгжилтэй улсын эрхэм дээд ханхүү “Энэ нийгэм бол эд зүйлийг бий болгоно. Энэ нийгэм ёс суртахууныг үрж балладаг нийгэм” гэж хэлсэн. Монголчуудад дэлхийд гайхуулах юм их байна. Тэрний нэг нь халуун дулаан сэтгэл. Японд арван долоон жил уулзаагүй ах дүү хоёр байна гэж байгаа. Надад их ойрхон жишээ ч байна. Ама Бямбадоржийн ойрын нэг чинээлэг япон хүн байгаа. Бидэнтэй хамт хоол унд идээд явдаг. Тэр баян Амад “Би танай гэр бүлээс хүн яаж амьдрах ёстойг ойлгосон. Тиймээс би энд тэнд тарсан хүүхдүүдээ цуглуулж, өөрийн компанидаа авчирсан” гэж хэлсэн байгаа юм. Энэ чинь тэр өндөр хөгжилтэй орны иргэн биднээс суралцаж байгаагийн нэг жишээ мөн биз. Монголын уламжлалт анагаахын шинжлэх ухааны академич Болд юу гэж ярив гэхээр Германд нэг хүн ээжийнх нь нас барсан тухай бичиг асрамжийн газраас ирснийг мэдэлгүй ажилдаа улайран халаасалчихаад оршуулсных нь дараа л мэдээд харамссан тухай юм. Болд академич юу захиж байна гэхээр “Монголчуудынхаа энэ халуун дулаан сэтгэлийг хадгалж үлдмээр байна. Асрамжийн газрыг Монголд олноор бий болгомооргүй байна. Эцэг эхээ хайрладаг ёсоо уландаа гишгэлгүй явах сан” гэж бидний нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан. Дэлхийд монголчуудаас сурах зүйл тэгэхээр их байгаа биз.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *