Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адель Блох Бауэр”

Австрийн Мона Лиза гэгддэг энэ зураг бол Густав Климтийн хамгийн алдартай бүтээл. Тэрээр энэ зургаа 1907 онд туурвижээ. Дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын дөрөвдүгээрт жагсдаг уг бүтээлд мөнхөрсөн Адель бодит хүн байжээ. Энэ зураг дэлхийн шилдэг уран зургуудын нэгд тооцогдох болсон нэг шалтгаан нь зургийн түүхтэй холбоотой байж болох юм. Вень хотынхон тэр даяараа зураач Густав, Адель бүсгүйн амрагийн харилцааны талаар сэм ярьдаг байжээ. Аделийн нөхөр Блох Бауэр энэ тухай дуулаад өшөөгөө авахын тулд Густавт эхнэрийнхээ зургийг зураачид захиалахдаа 100 удаа ноороглож зурахыг шаардсан байна. Блох Бауэрийн цаад санаа нь Густав эхнэрийнх нь зургийг олон удаа дахин дахин зурахдаа эцэст нь уйдаж залхана гэж бодож байжээ. Ингээд зураг бүтээх үйл явц хэдэн жилийн турш үргэлжлэх ёстой гэсэн нөхцөл тавьж, гар таталгүй их хөлс төлжээ. Ингэж удаан зуруулснаар Адель, Климтийн холбоо замхран алга болохыг нүдээрээ үзнэ гэж тооцоолжээ. Түүний төлөвлөгөө ч биелж амрагууд холдсон байна. Зураг дөрвөн жилийн дараа дуусахад амрагуудын сэтгэл хөржээ. Харин Адель нөхөр нь өөрийнх нь нууц харилцааг мэдээд ийм арга хэрэглэснийг огт мэдээгүй байжээ. Ингэж энэ алдарт бүтээл төрөн гарсан юм байна.

Густав Климт бол XIX зууны үеийн Австрийн нөлөө бүхий зураач бөгөөд Венийн урлагийн Салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг байжээ. Климт 1862 онд Венид Моравиан гаралтай нийгмийн дунд ангийн нэгэн гэр бүлд мэндэлж. Түүний эцэг сийлбэрчин, алтны дархан хүн байсан учраас амьдралд хүрэлцэхээргүй бага хэмжээний мөнгө олж амьдралаа чадан ядан авч явдаг байсан болохоор зураачийн хүүхэд нас ядуу зүдүү амьдрал дунд өнгөрчээ. Хожим нь Климт бурхан болтлоо гэр бүлдээ санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн байдаг. 1898 онд Климт анхны томоохон хэмжээний захиалгаа хүлээн авчээ. Тэрбээр Венид амьдардаг грек худалдаачин Николаус Думбагийн харшид хөгжмийн өрөөг тохижуулан өрөөний доторх тавилга, эд зүйлсийн зохиомжийг гаргаснаас гадна “Хөгжим” болон “Шуберт төгөлдөр хуурын ард” гэсэн хоёр зураг зуржээ. Харамсалтай нь энэ хоёр зураг устаж үгүй болсон юм байна. Тэрээр тухайн үедээ “Сониа Нипсийн хөрөг”, “Серена Ледерерийн хөрөг” зэрэг алдартай бүтээлээ туурвижээ. Климт төгс дүр төрхийг гаргаж зурдаг байсан бөгөөд хөрөг зурах бүртээ хэдэн зуун ноорог зураг зурдаг байжээ. Өөрөөр хэлбэл зуруулж байгаа хүний сэтгэл нь ханатал дахин дахин зурдаг байжээ. Өөрийн олж авсан боловсрол нь Климтийг сонгодог зураг зурахад хүргэдэг байсан гэж болно.

Климт 1904 оноос 1908 оны хооронд өөрийн хөрөг зурах арга барилаараа үргэлжлүүлэн зурсаар байжээ. Түүний зурсан хөрөг зурагнуудаас дурдвал “Хермайн Галлия”, “Маргарет Стонбороу-Витгенштейн”, “Фритза Риедлер”. Энэ үед зурагдсан алтан стилийн зурагнуудад “Данае”, “Найдвар 2” болон түүний хамгийн алдартай зурагнуудын нэг болох “Үнсэлт” ордог. Австрийн нэрт зураач Густав Климт тархины цус харвалтаар 1918 онд насан өөд болсон бөгөөд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл уран бүтээлээ туурвиж байсан ч олон тооны бүтээлээ дуусгаж чадалгүй насан эцэслэжээ.

Густавын “Адель Блох Бауэр” уран зургийг 2006 онд хувийн худалдаагаар Роналд Лаудер худалдан авчээ. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн магнат Роналд Лаудер энэ бүтээлийг өөрийн болгохын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж 135 сая ам.доллараар худалдан авчээ. 138х138 см хэмжээтэй, зотон дээр алт, мөнгө, тосон будгаар зурсан уг зургийн өнөөгийн үнэ цэнэ нь 158.4 сая ам.доллар гэж тооцжээ.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *