Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ хүрээнд Олон улсын музейн өдрийг “Музей-нийгмийн соёлын төв: Уламжлалаа ирээдуйд” уриатайгаар энэ онд тэмдэглэхээр зөвлөмжийг орон даяар хүргүүлсэн.
Монгол Улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэж ирсэн уламжлалтай.Олон улсын музейн зөвлөлийг Монголын Үндэсний хороо 2003 онд байгуулсанаар энэ өдрийг албан ёсоор 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.
ОУМЗ жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэж иржээ. Тус үйл ажиллагааны зорилго нь соёлоор харилцах, соёлыг улам хүртээмжтэй болгох, дэлхий дахины хүмүүсийг харилцан ойлголцож, тайван амгалан хамтаараа аж төрөхөд музейн үүрэг ач холбогдлыг чухалчлахад оршино гэжээ.
Дэлхийн музейнүүд энэ өдрийг угтаж тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
Төв аймгийн музей энэ өдрийг угтаж, 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 6 дугаар сар хүртэл тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэ ажлынхаа хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумаас гаралтай Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан тэдний алдрыг мөнхжүүлэн “Алдартны танхим”-ыг шинээр байгуулж, гэрэл зургийн цомог болон бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.
Музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгад түшиглэн “Гүйлгээний зоос, мөнгөн тэмдэгт” сэдэвт үзэсгэлэнг 5 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах аж. Мөн Зуунмод сумын ЕБС-уудын 10-11 ангийн сурагчдын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулж, сурагчдаас гаргасан шинэ санаачилгыг дэмжиж ажиллахаар төлөвлөжээ.
2018 онд 152 орны 40000 музей Олон улсын музейн өдрийн арга хэмжээнд оролцжээ.
Олон улсын музейн өдөр Улаанбаатар хотын музей, “Зориг” сангийн залуу манлайлагч хөтөлбөрийн “Улаанбаатар музей төсөл”, “1vs100 Label” байгууллага хамтран “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэ өдөрт зориулан “Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлагчид төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулангаа музейн хамт олонтой хамтран сонирхолтой хэлбэрээр боловсролын хөтөлбөрүүд, уран бүтээлчдийн үзүүлбэрүүд, бас хөгжмийн шоу зохион байгуулах юм. Үүнээс гадна “Монгол-Америк” хүүхдүүдийн зургийн хэцний үзэсгэлэнг үзэж, зургийн агуулга, өгүүлэмж, зурсан арга барил, зохиомж, дүрслэл зэргийг боловсролын ажлаар хийсэн бүтээлтэйгээ харьцуулан үзэх боломжтой юм.
Энэ арга хэмжээний чухал хэсэг болох “Би хотын иргэн” боловсролын ажлын талаар товч танилцуулъя. Улаанбаатар хотын музейгээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Би хотын иргэн” боловсролын ажлын хөтөлбөрийг 2014 онд боловсруулж, одоогийн байдлаар 26 ерөнхий боловсролын сургуулийн 3100 гаруй хүүхдийг хамруулаад байна.
Энэхүү боловсролын ажлын гол зорилго нь хүүхдүүдэд Улаанбаатар хотын түүх, соёлын талаарх мэдлэг, мэдээллийг танин мэдэхүйн сонирхолтой, хөгжөөнт байдлаар олгох бөгөөд дотроо Улаанбаатар хотын түүх, соёл, бүтээн байгуулалт, бусад гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг.
Олон Улсын музейн өдөрт зориулсан “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээний нэг хэсэг болсон “Би хотын иргэн” боловсролын ажлыг хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, нээлттэй гэсэн дөрвөн чиглэлээр тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
Боловсролын ажилд хэрэглэгдэх бүх материалуудыг музейгээс урьдчилан бэлтгэсэн бөгөөд уншигч та хүүхэд, гэр бүлээ дагуулан ирж, Улаанбаатар хотын тухай өөрсдийн төсөөллөө бүтээл болгон хувиргах боломжтой аж.
Хамтран ажиллах “Зориг” сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн залуус “Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд залуу манлайлагчид төслийнхөө хүрээнд музейн засварын санхүүжилтийг босгох ажил хийхийн сацуу олон нийтэд хотынхоо музейг, түүх соёлыг таниулахаар ажиллаж байна.