Газрын теннист нэгэн цагт найдвар төрүүлж овоо дээгүүр тоглох магадлалтай хэмээн үнэлэгдэж явсан канад бүсгүй Эжени Бушар гэгч бий. 2014 оны хавьцаа газрын теннисний талбайд гялалзаж “Их Дуулга”-ын хоёр ч тэмцээний финальд шалгаран цойлон гарч ирэхдээ хорь ч хүрээгүй явсан Бушар тэр цагаас хойш амжилт нь уруудсаар одоо рейтингээрээ шилдэг зуун теннисчдийн эгнээнд ч багтахааргүй болсон. Хэдий цохиур бариад гүйх авьяас нь нэгхэн жилийн хугацаатай үргэлжлээд унтарсан бол мөнгө олох авьяас нь харин ч улам сайжирсаар байгаа шүү. Жилийн өмнөх Forbes сэтгүүлийн судалгаагаар хамгийн өндөр орлоготой арван тамирчин бүсгүйн есдүгээр байранд нь дээрх канад бүсгүй бичигдсэн байна лээ. Теннисчин, боксчин, сагсан бөмбөгч гээд бүх төрлийн спортын эмэгтэйчүүдийг багтаасан үзүүлэлтэд шүү дээ. Жаахан авьяас нэмэх нь үзэсгэлэн гоо байхад теннисний талбайд муужирч унатлаа хөлс дуслуулаад гүйх хэрэггүй гэдэг зарчимыг анх нээсэн Анна Курниковагийн(Энрике Иглесиасын эхнэр) замыг улам боловсронгуй болгоод орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа эмэгтэйн талаар нэгэн эрхэм хэлэхдээ “Канадад теннис сүүлийн үед хүчээ авч байна. Раонич, Шаповалов эрэгтэйчүүдийн ангилалд дээгүүр бичигдэн Андреску 18-хан насандаа эмэгтэйчүүдийн ангилалд 23-т ороод ирлээ шүү дээ. Харин Бушар инстаграмдаа хатан хаан” гээд л атаархчихсан байх. Жиннигийн инстаграмын дагагчид нь аль хэдийнэ хоёр саяыг давж зарим нэг хорон үгтэй нь “би теннисчинтэй холбогдоод байна уу, топ модельтэй харилцаад байна уу” гэсэн асуулт хүртэл асуухад “Хоёулантай нь зэрэг холбогдоод байна” гээд хариулчихсан байх жишээний. Бие бялдар, тэвчээр хатуужлаас гадна тэмцээний үеэр халуун наранд хоёр гурван цагаар хүчээ шавхан тоглодог уг спортын бүсгүйчүүд тэр бүр төгс харагддаггүй дутагдалтай агаад түүнийг нь Бушар овжин ашиглажээ. Олигтой амжилт байхгүй мөртлөө теннисний ертөнцөд Серена, Шарапова, Федерер, Надаль, Жоковичийн дараа “олны анхааралд орших теннисчин” хэмээн үнэлэгдэх хүртлээ өндийсөн Эжени Бушарын инстаграм дахь идэвхтэй амьдрал, тэгш бие, үзэсгэлэнт царай зүс зэрэг нь түүнийг зар сурталчилгааны жинхэнэ “мангас” болгон хувиргасан гэлтэй. Олны анхааралд мөнхийн багтаж байхын тулд байн байн ямар нэгэн шуугианыг “шидэж” байх ёстой юм гэнэ. Жишээ нь, Эжени Бушар тээр жилийн Супер боулийн үеэр “Нью-Ингленд Пэтриотс” –“Атланта Фэлконс” багуудын тоглолтын үеэр Атлантаг дэмжиж сэтгэгдлээ твиттерт үлдээх үед түүний дагагч бооцоо тавин эсрэг багийг нь дэмжсэн адал явдал бий. Эцэстээ уг залуу ялж Бушар амласан ёсоороо түүнийг болзоонд урьсан үйл явдал тухайн үедээ Канадын хамгийн шуугиантай мэдээллээр тодорч байсан бол удахгүй Холливуд тэр түүхээр кино хийнэ гэчихсэн гүйж байна шүү дээ.
Гэхдээ тэр “үндсэн ажил” теннисээ мартаагүй. 2019 он гараад Оклендын тэмцээний хосын төрөлд түрүүлээд жаахан шуугиулчихсан. Тиймээс дөрвөн сар гараад “хэсэг хугацаанд завсарлага авч теннис тоглохоо болилоо” гэж зарлаад загварынхаа ертөнц рүү шургаад орчихож байгаа юм. Ийм нэг зальжин бүсгүй спорт ба загварын ертөнцийг хослон шуугиулж, энэ цагийн харилцааны гол хэрэглүүр инстаграм,твиттерийг бүрэн ашиглаад амьдарч явна.
Д.БАТ-ЭРДЭНЭ