Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид дээрмийн хэрэг хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Улаанбаатарт дөрөвдүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамж руу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг гурван этгээдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилсан байна.
Бүлэг этгээд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдэлж байгаад 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т нар аж. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.