Categories
мэдээ нийгэм

“Тост, Тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-өөс шаардлага гаргав

Тост, тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Коэл Транс” компанийн талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.05.15/ хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Тус хуралд “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-ийг санаачлагчид болох Ардын жүжигчин, соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй Өмнөговь аймгийн уугуул иргэд оролцож “Саусгоби коэл транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэлээ. Тэд уг газар нутагт үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Тост, Тосон бумбын нурууны хувьд хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс газар орныг нэрлэж ирсэн нэршил нь тухайн газар нутагт агуулж байгаа, орчин цагийн технологиор судлагдан батлагдсан эрдэс, баялагтай харилцан хамаарал бүхий агуулгатай юм. Энэ нь манай өвөг дээдэс чанад далдыг таньж мэдэх, үр хойчдоо өвлүүлэх гэсэн монгол ухааны гайхамшиг билээ. Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт 308 км, Гурвантэс сумаас баруун тийш 40 км, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог Говийн Алтайн нурууны салбар, Алтайн нурууны зүүн төгсгөл болох Тостын нуруу юм. Нутгийн иргэдийн үе дамжин тахиж, шүтэж ирсэн Тост, Тосон Бумбын нуруунд Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай говь хээрийн бүсэд ховорт тооцогдох баялаг нөөц, шим тэжээл бүхий нутаг юм. Дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн идээшин амьдардаг, өндөр нягтаршилтай цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын дүгнэлтээр дэлхийд цоохор ирвэсний амьдрах сүүлчийн орон зай, онцгой орчин гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Тийм ч учраас Де Нэйчэ Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийж хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна.

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байна. Үүнд ашиглалтын 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК, үлдсэн ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл бүхий 16361,72 га талбай болон хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га талбайн хамт нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК, харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг долоон ААН, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 ААН, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг нэг ААН тус тус эзэмшиж байгаа гэсэн тойм мэдээлэл энэ хурлыг зохион байгуулагчдад байгаа аж. Тус уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар ч энд багтжээ. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцдаг байгаль экологийн онцлог бүс юм. Иймээс уг нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг. Энэ бүхэн өнөөдөр уул уурхайн ашиглалтын явцад ширгэх, устаж үгүй болох бодит аюул тулгараад байгаа аж.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2016 оны 3 дугаар сарын 28-нд өргөн барьж батлан гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоон 896000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

“Харин Э.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн зааг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га байхаар тогтоосон байдаг. Уг тогтоолуудаар тус газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ нэмэгдэж байгаа гэж танилцуулж байсан юм. Засгийн газраас гарсан энэ тогтоолын үр дүнд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтад байх газар нутгийн хэмжээ өмнө тогтоосноос багассан асуудал яригдах болсоор хариултгүй өнөөг хүрлээ.

Өнөөдөр Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарч уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан бидний нүдэн дээр дайжин хорогдож байна. Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногоор манай нутаг торлогдох болов. Байгаль орчинд үүсээд байгаа энэ хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал хариулт нэхэж байна” гэв.

“Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл бидэнд байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт бий. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа боллоо. УИХ, Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтанд авагдсан Тост,Тосон бумбын нуруу орчмыг талхлан сүйтгэж байгаа гол эзэн тус компани юм. “Саусгоби коэл транс” ХХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж байна. Иймд төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэнд хандан шаардлага хүргүүлж байна” хэмээн онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *