С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдаж байна. Түр хорооны хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд энэ хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн гэсэн. Мөн манай түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Тиймээс ТЕГ-т тэрхүү мэдээллийг түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй” гэв. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж түр хорооны үйл ажиллагааг шуурхай явуулах, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай танилцах шаардлагатай гэсэн санал гаргалаа. Улмаар хэлэлцэх асуудалдаа орох үед УИХ-ын гишүүн Л.Болд хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргалаа. Түүний саналын дагуу түр хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна.