Монголын кино институтаас долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд тодорлоо. Энэ жилийн Алтан хальс олон улсын кино наадмын уралдаант хэсэгт 38 богино хэмжээний кино бүтээл шалгарлаа. Уралдаант хэсэгт Монголын болон Олон улсын нийт 64 орны 480 кино хүлээн авсан. Монгол уралдаант хэсэгт 31 бүтээл бүртгүүлснээс хүүрнэлт, эксперименталь төрлийн кино давамгайлжээ.
Монгол уралдаант хэсэгт 31 бүтээлээс 19 кино шалгарсан юм. Мөн энэ хэсэгт уг кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ ирүүлсэн 10 уран бүтээлчээс гадна шинээр есөн уран бүтээлч бүтээлээрээ шалгарсан нь онцлог боллоо.
Харин Олон улсын уралдаант хэсэгт 449 бүтээлээс 19 бүтээл шалгарсан. Улс орноор нь авч үзвэл 88 бүтээл бүртгүүлснээрээ АНУ тэргүүлж байна. Олон улсын уралдаант хэсэгт Америкийн дөрөв, Швейцарийн гурав, Германы хоёр, Францын мөн адил хоёр бүтээл шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын бүтээлүүд шалгарсаныг дуулгая.
Энэ удаад Монголын баримтат богино кино төрөлд нэг л бүтээл уралдаант хэсэгт шалгарсан тул шилдэг Монгол баримтат киноны шагнал олгогдохгүй ажээ. Гэсэн ч шалгарсан “Отор” хэмээх баримтат кино нь Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын төлөө өрсөлдөж буй юм.
“Алтан хальс” олон улсын кино наадам ирэх зургадугаар сарын 4-8-нд “iCinema” кино театрт зохион байгуулагдана.