МҮИС болон Чусонь Их Сургууль хамтран өнгөрөгч 5-р сарын 3, 4-ны өдрүүдэд Монголын сувилахуйн судалгааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс SPSS статистик програм хэрэглээний сургалт семинарыг зохион байгуулав.
Энэ удаагийн сургалт нь өнгөрсөн 2017 онд БНСУ-ын Боловсролын яам болон Солонгос судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” юм. Уг төслийн нэг хэсэг болох “Монголын сувилахуйн сургалтын чадварыг нэмэгдүүлэх болон хорт хавдарын эцсийн шатандаа орсон өвчтөнийг гэрээр асрахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
“Сувилахуйн судалгаанд зориулсан статистик дүгнэлт шинжилгээ” сэдвээр энэ удаагийн сургалт семинарыг улсын болон хувийн их дээд сургуулиудын сувилахуйн тэнхимийн профессор багш нар мөн сувилахуйн салбарын удирдах албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулав. Лекцийг БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт үнэлгээний хорооны туслах судлаач Хань Син Жинь, Сөүл Сонму эмнэлгийн судлаач Ким Гён Жү нар хамтран явуулав.
Сургалт семинарт хамрагдсан МҮИС-ийн Сувилахуйн хөтөлбөрийн багийн ахлагч Э.Сувд-Эрдэнэ “Энэ удаагийн сургалт семинарт хамрагдсанаар цуглуулсан датад анализ хийх суурь ойлголтыг эзэмшиж, цаашид сувилахуйн судалгааг бодитоор явуулахад хэрэгцээтэй статистик аргачлалыг суралцах боломжтой болсон.” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцав.
“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” нь БНСУ-ын Чусоны их сургуулийн нөөц бололцоо болон туршлагыг ашиглан МҮИС-т шаардлагатай тэнхимийг байгуулах болон сургалтын үйл ажиллагааг сайжруулах, тухайн нутаг дэвсгэрийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг төсөл юм.
Энэ удаагийн сургалт семинарыг Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тусламжтайгаар зохион байгуулсан бөгөөд цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн Монголын сувилахуйн салбарын хөгжилд хамтран зүтгэхээ амалсан.