Өчигдрийн Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг нэр дэвшүүлэх саналд олонх нэгдэж саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Харин ЕТГ-аас нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт илгээсэн байна.
Нэр дэвшигч Х.Батсүрэн нь Дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Монголын шүүчдийн холбооны тэргүүн. Өмнө нь тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч татгалзсан байна. Иймд дахин хурал хийж, нэр дэвшигчийг тодруулжээ.
2019 оны гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтийг харгалзан зарлиг гаргаснаар ажлаа өгсөн тул дараагийн шүүгчийг томилох гэж байгаа юм.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд:
- Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
- Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана гэж заажээ.