Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Эрдэнэцогт: Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталбал Засгийн газрын шийдвэрийн 100-ны 98 хувь шүүхийн хяналтаас гарна

Захиргааны ерөнхий хуулийн талаар МУИС-ын профессор, Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын чуулганаар яригдаж байна. Уг хуулийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуульд зааж өгснөөр хүний эрх баталгааждаггүй. Хүний эрх, эрх чөлөөг хангах процедур буюу үйл ажиллагааных нь баталгааг хангасан хуулийг баталж байж хүний үндсэн эрх баталгаатай хангагддаг гэдгийг ардчилал хөгжсөн улс орнуудын түүх харуулдаг. Хүний өмч, амь насыг захиргааны байгууллагаас хамгаалсан процедурын баталгааг хангасан тусгайлсан дэг журам тогтоосон хууль батлахгүй бол хүний эрх аяндаа зөрчигддөг. Тиймээс АНУ-д 1946 онд Захиргааны процедурын хууль анх батлагдсан байдаг. Энэ хуулиараа иргэн хүнийхээ эрхийг захиргааны байгууллага дур зоргоороо авирлаж хязгаарладаг үйлдлээс хамгаалах процедурын баталгааг зохицуулж өгсөн. Мөн ХБНГУ-д 1976 онд Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийг баталсан байх жишээний. Энэ хуулиудын үндсэн дээр захиргааны байгууллагууд иргэн хүн рүү хандсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямар шаардлага, зарчим журмыг баримталж шийдвэрээ гаргах вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ нь нэг ёсондоо хүний эрх, эрх чөлөөг хангах хүн төрөлхтний үнэт зүйл юм. Энэ чухал үнэт зүйл Монгол Улсад 2015 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар хангагдсан юм. Ингэснээр захиргааны байгууллагыг иргэн хүний амь нас, хувийн өмчид дур зоргоороо халдах боломжгүй болгож өгсөн. Манай Улс эрх зүйт төрийн хөгжүүлэгч болох маш том алхамыг хийсэн гэсэн үг. Монголд иргэн хүн захиргааны байгууллагын дур зоргын золиос болохгүй, захиргааны байгууллага нь иргэн хүний эрхийг дураараа хязгаарлахгүй болсон. Энэ хууль батлагдсанаар өмнөх тоталитар дэглэмийн үеийн захиргааны байгууллагын нэг талын хүсэл давамгайлсан дур зоргын үйл ажиллагаа үндсэн хуулиар хаагдаж байгаа гэсэн үг юм.

Захиргааны ерөнхий хуульд төр засгийн зүгээс яагаад ингэж удаа дараа халдаад байна вэ?

-Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө Монгол Улсад 2004 оноос Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ шүүхтэй холбоотой харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль зохицуулж байлаа. Уг хууль 2002 онд батлагдаж, 2016 онд Захиргааны ерөнхий хууль батлагдах хүртэл хүчин төгөлдөр байсан. Энэ хуулиар Засгийн газар, Ерөнхий сайд, яамд, төрийн захиргааны байгууллагуудын шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар жагсаасан. Энэ хуульд анх 2005 онд нэр бүхий иргэд тодорхой зорилгоор Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газрыг захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг агуулгаар өргөдөл гаргасан. Тэрийг нь Цэц хүлээн авч маргаан үүсгээд Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 02 дугаар дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтээр байж боломгүй, хүлээн зөвшөөрч болшгүй дүгнэлтийг гаргаж байлаа. Улмаар Цэц Засгийн газрыг захиргааны шүүх хянах ёсгүй, Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн гурвыг зөрчсөн гэж үндэслэсэн. Энэ заалт бол Захиргааны хэргийн шүүхтэй ямар ч хамааралгүй заалт. Цэцийн энэ дүгнэлт буруу байсан гэдэг сүүлд практикаар батлагдсан. Ингэж Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргасан байдаг. Үүнээс хойш Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаан шүүх дээр тасраагүй. Тиймээс энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх ёстой гэх дүгнэлт гарсан. Гэтэл Цэц хувь хүний эрх, өмч, газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэггүй. Тиймээс эдгээр маргаануудыг иргэний хэргийн шүүх 2016 он хүртэл хянасаар ирсэн.

-Засгийн газар захиргааны байгууллага мөн, биш гэх маргаан их явагддаг?

-2016 онд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээр тус хуулийн тавдугаар зүйлээр Захиргааны байгууллага гэдгийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн, захирамжилсан шийдвэр гаргадаг байгууллагыг захиргааны байгууллага гэнэ гэж тодорхойлсон байдаг. Энэ заалтад үндэслэвэл Засгийн газар захиргааны байгууллага мөн. Энэ байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүдийг Захиргааны шүүх хянах ёстой. Тиймээс Засгийн газар 2016 онд Захиргааны шүүхийн хяналтад буцаж орсон. Үүнийг Засгийн газар буруутгаж Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэх гол үндэслэлээ нөгөөх 2005 оны Цэцийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэл болгоод гаргаж ирсэн. Гэтэл энэ дүгнэлт өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтад үндэслэн гарсан. Нэг ёсондоо одоогийн хуульд тэр заалт байхгүй. Харин Захиргааны ерөнхий хуулийн захиргааны байгууллагыг тодорхойлсон заалтад одоогийн байдлаар ямар нэг маргаан болон Цэцийн дүгнэлт гараагүй. Тиймээс хүчингүй болсон хуулийг барьж, ямар нэг маргаангүй хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гэж ярих нь үндэслэлгүй юм. Тиймээс үүнтэй холбогдуулан Засгийн газар захиргааны байгууллага мөн үү гэх асуулт тавигдана. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн хоёрт Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй нийгэм соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй гэдгийг зааж өгсөн. Нийтийн захиргааны байгууллага гэх ойлголт нь гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн хуулийн этгээд рүү захирамжилсан шийдвэр гаргах эрх олгогдсон байгууллагыг хэлдэг. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд Засгийн газар нийтийн захиргааны байгууллага мөн. Тиймээс Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл биш юм. Энэ захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянадаг маш чухал хуульд үндэслэлгүй халдах нь байж болохгүй асуудал.

-Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн онд анх Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан байдаг. Өргөн барьснаас хойш өнөөдрийг хүртэл гурван өөр янзын нэмэлт өөрчлөлтийн хувилбарыг оруулж ирсэн байдаг. Энэ нь Засгийн газар уг хуульд өөрчлөлт оруулах талаар тогтсон үзэл баримтлалгүйгээр муйхарлан дайрч байгаагийн шинж. Түүнчлэн тогтсон үзэл баримтлал нь ороо бусгаа, нэг хувилбараас нөгөө хувилбар руу үсчсэн ийм байдалтай байна. Анх өргөн барьсан хувилбар нь 3.1.7-д Засгийн газрын гаргасан шийдвэр Захиргааны хэргийн шүүхээр орохгүй гэх агуулгатай оруулж ирсэн. Одоогийн нэмэлт өөрчлөлт нь энэ заалтаа бүрэн өөрчилж, УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрүүд болох гадаад бодлогын талаарх шийдвэр, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлыг захиргааны хэргийн шүүхээр оруулахгүй байх өөрчлөлт оруулж ирж байгаа юм. Яахав анх өргөн барьснаа бодвол ухралт хийсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар захиргааны байгууллага мөн юм аа гэдэгтэй дуртай дургүй санал нийлсэн. Гэхдээ анх гаргасан санаагаа тавихгүйгээр өрмийг нь хамах гэгчээр Засгийн газрын хуулийн этгээдийн эрх зүйн байдалд холбогдох хамгийн гол чиглэлүүд болох өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага гэхчлэнгийн асуудлаар гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй ээ гэдэг ийм алагчлал гаргаж ирсэн. Үүнийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа бол алагчилсан заалт гаргах ёсгүй. Засгийн газрын шийдвэрийг сорчлоод хуулиа баталлаа гэхэд үүний гадна үлдэж байгаа зүйл байхгүй. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд дунд үлдэж байгаа юм байхгүй. Энэ хууль батлагдсаны дараа Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн хуулиар оруулж ирье гэвэл цөөн хэдэн томилгоотой холбоотой шийдвэрүүд л үлдэж байгаа. Тэр томилгооны ихэнх нь улс төрийн албан хаагчтай холбоотой учраас захиргааны хэргийн шүүх хянахгүй. Агентлагийн дарга, орлогч гэх мэтийг хянах асуудал л Захиргааны шүүхэд үлдж байх шиг байна. Үүнийг харахад хумигдчихсан гэж ярьж байгаа боловч бодит байдал дээрээ Засгийн газрын шийдвэрийн 100-ны 98 хувийг шүүхийн хяналтаас гаргачихлаа гэж үзэж болно. Тиймээс санал нийлэх боломж алга.

-УИХ-ын гишүүдийн байр суурь бол Захиргааны ерөнхий хууль Засгийн газрын үйл ажиллагааг хумьж байна гэж яриад байна?

-Засгийн газраас гаргаж байгаа өмч хувьчлалын шийдвэрүүд дээр л маргаан гардаг шүү дээ. Ашигт малтмал, байгалийн нөөцийг ашиглахтай холбоотой энэ шийдвэрүүд чинь хувийн өмч, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөх гол асуудлууд. Энэ асуудлууд дээр үүсч байгаа шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүх хянахгүй юм бол өөр юуг хянах юм бэ. Түүнчлэн уг хуулийн 3.1.7-гийн тайлбар байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Улс төрийн шийдвэр гэдэг хувь хүний ашиг сонирхолтой холбоогүй, хувь хүний ашиг сонирхлыг хөндөөгүй тийм шийдвэр үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь 3.1.7 дахь заалтаараа хангагдчихаад байгаа. Гэтэл үүнийг хуулийн тайлбар дээрээ ямар ч шалгуургүй болгоод өөрчлөөд хаячихсан. Энэ заалт хэвээрээ үлдэх юм бол Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд шүүхээр хянагдахгүй гэх агуулгатай болчихож байгаа юм. Тэр байтугай тайлбарт нь Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын шийдвэрүүд гээд өргөжүүлчихсэн байгаа. Энэ бол улс төрийн шийдвэр гэдэг ойлголттой огт хамаагүй. Ерөөсөө УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын шийдвэр байвал шүүхээр хянахгүй. Тэр байтугай харьяа байгууллагынх нь ч шийдвэр хянагдахгүй. Тэгэхээр 3.1.7-гийн эхний заалтаа өргөсгөөд заачихаар энэ хууль батлагдахаар хууль шүүхийн практикт зөрчил үүснэ. Ойлголтын зөрүү гарна. Энэ хууль дээр эцэс төгсгөлгүй маргаан үүснэ.

-Тус нэмэлт, өөрчлөлт энэ хэвээрээ батлагдчихвал яах вэ?

-Цаашдаа өмч хувьчлалын талаар УИХ болон Засгийн газраас гаргаж байгаа, хувь хүнтэй холбоотой тогтоол шийдвэрүүд бүгд шүүхийн хяналтаас гарна. Өмч хувьчлал, ашигт малтмалтай холбоотой, байгалийн нөөцийн удирдлага гэсэн асуудлуудтай холбоотой Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хяналтгүй болно. Тэр байтугай тайлбараараа яам, агентлагийн шийдвэрүүд ч УИХ-ын шийдвэрийг биелүүлж байгаа гэдэг малгай дор шүүхийн хяналтгүй болох ийм л нөхцөл үүссэн гэсэн үг. Ийм байдлаар хуулийг томьёолж болохгүй.

-Бусад улс орнуудад Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлыг яаж шийддэг юм бэ?

-Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хянах агуулгыг хоёр чиглэлээр хуульчилсан байдаг. Нэгдүгээрт, улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй гэж томьёолсон ганц нэг улс орон бий. Нөгөө талдаа эх газрын нөлөө бүхий улс орнууд Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа байвал Засгийн газрын Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа Захиргааны шүүхэд хамаарахгүй гэж заасан байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *