Энэ долоо хоногт буюу 2019.04.30-2019.05.02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нь нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон ба орон нутагт бүртгэгдсэн 5 ноцтой зам тээврийн ослын улмаас 7 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
Мөн ослын улмаас амь нас нь хохирсон, гэмтсэн хүний 12 нь бага насны хүүхэд байна. Хүүхэд өртсөн ослыг судлахад дийлэнх нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр, 1 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- 2019.05.02-ны 18.25 минутын орчим Налайх дүүрэг 3-р хороо Нарангийн 24-р гудамжны задгай хашаанд H.Accent маркын автомашины жолооч Б нь тус задгай хашаанд оршин суудаг 2 настай М-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг Багахангайн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч илрүүлэн саатуулж шалгаж байна.
- Мөн 2019.04.30-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Монгол зоог” гэх газрын урд замд Kia Granbird маркын автобусны жолооч нь явган зорчигч 45 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.
Машины ард болон доогуур хүүхэд байгаа нь жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй. Жолооч ухрах хөдөлгөөнийг маш хянуур болгоомжтой хийж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүүхдийг байнга анхаарч байвал зохино.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 25 осол, мөргөлдөх хэлбэрээр 33 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол, мөн зорчигч унагааж гэмтээсэн 2 осол тус тус бүртгэгдсэн байна.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 192 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3,2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 8 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56 хувиар тус тус өссөн байна.
НИЙТИЙН ТЭЭВЭР ЗОРЧИГЧ УНАГАЖ ГЭМТЭЭСЭН 8 ОСОЛ БҮРТГЭГДСЭН
2019 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл буюу автобус зорчигч унагаж гэмтээсэн 8 осол бүртгэгдсэний дийлэнх нь сууж, буух үед нь хөдлөсөн, огцом тоормослож зорчигч унагаж гэмтээсэн ослууд эзэлж байна.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны зам “МТ” ШТС-ын хойд замд зорчигч тээврийн автобусны жолооч нь огцом тоормослож, зорчигч 62 настай Т гэмтсэн, мөн ЧД-ийн нутаг Бага тойруугын замд Aero city маркын автобусны жолооч нь огцом тоормослож зорчигч 23 настай Ц гэмтсэн хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.