Categories
мэдээ цаг-үе

Эв нэгдэлтэй ангийнхан

1987-1997 онд Улсын тэргүүний 14 дүгээр сургуульд суралцаж төгссөн 1б ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буланд оролцууллаа. Тэд наймдугаар анги хүртлээ суралцсан байна. Тухайн үед сургуулийн багш нар нь цалингаа нэмүүлэхээр дөрвөн сар ажил хаясан гэнэ. Энэ хугацаанд 1 б-гээс шилжих нь шилжиж, есдүгээр ангид цуглахдаа 8б, 8в хоёр нэг анги болж нийлжээ. Ингээд есдүгээр ангид олон хөвгүүдтэй, цөөн охидтой сахилгагүй ангийнхан байжээ. Ангийнхныхаа хөгтэй, хөгжилтэй дурсамжийг ярихаар Б.Чулуунтамир, П.Энхжаргал, Гантөмөр, М.Батмандах, Б.Саруул, Б.Доржсүрэн, Б.Энхгэрэл, О.Энхтайван нар ирэв. Тэд сургуулийн гадна талд том стадионтой, хоккейн талбайтай байснаа дурслаа. Тухайн үедээ улсын хэмжээнд гадаа талбайтай шилдэг сургууль байсан гэнэ. Тэр үед шилжилтийн үе байсан учраас хоёр сургуулийн нэрэмжит тэмцээн уралдаан, арга хэмжээ их болдог байсан аж. Ангийн охин П.Энхжаргал Бүлгэмийн зөвлөлийн дарга болж, пионерийн удирдагчаар оролцдог байсан аж. Тэрээр сургуулийн дунд зохион явуулсан тэмцээн уралдаанд идэвх санаачилгатай оролцож, гимнастикийн дугуйланд явдаг байжээ.

Эдний ангийг Хөдөлмөр зусланд зургадугаар ангиа төгсөнгүүт нь явуулжээ. Зуны ээлжээр тус зусланд зургаа, долоо, наймдугаар ангийнхан зэрлэг зулгаадаг ажилтай байж. Харин ес, аравдугаар ангийнхан намар очиж, ургац хураадаг байсан гэдгийг дурслаа. Хөдөлмөр зусланд эдний ангийн хөгжилтэй, хөөртэй, дурсамжтай сайхан мөчүүд их өнгөрсөн гэж ангийнхан дурслаа. 1987 онд анх Өөдөн багш 1б ангийг, Цэвэлмаа багш 1в ангийг тус тус дааж авсан. Дөрөвдүгээр ангид Энхмаа багш дааж авч, дунд сургуулиа төгсөж байжээ. Ангийнхан бага ангиасаа эхлэн амь нэгтэй байжээ. Өөдөн, Энхмаа багш нар маань их олон зүйлийг зааж, сургасан гэж ярилаа. Хичээл заахаас гадна амьдралын үнэн бодит ухаарлын талаар илүүтэй зааж сургаж байлаа гэдгийг ангийнхан нэгэн дуугаар хэлсэн юм. Тухайлбал, ангийн цэвэрлэгээ, бие даах арга барил дээр зарчимч байдлаар их зүйлийг зааж, зөвлөж, сургасан гэнэ. Тухайн үед багш нар нь хатуу чанга ханддаг байж. Энэ нь одоо ангийнхны өдий зэрэгтэй амжилттай яваагийн илрэл байх гэдгийг ч хэллээ. Сурагчдын эцэг эхчүүд нь багшид “Манай хүү үгэнд ордоггүй, та сургаад өгнө үү” гэдэг байжээ. Энэ нь нэг ёсондоо алганы амт үзүүлээд өгнө үү гэсэн утгатай юм шүү дээ гэж ярилцаж, ангийнхан инээлдэв. Б.Энхгэрэл ярихдаа багш нар маань “Үг даах, хатуужилтай болгох арга барилыг маш сайн бий болгож өгсөн” гэв. Өөдөн багш ангийнхныхаа дунд долоо хоног бүр “Тайлан уншилт” явуулж, аварга шалгаруулдаг байж. Мөн эцэг эхийн зөвлөлийг цуглуулж, талархал дурсгалын зүйл гардуулдаг байжээ. Түүнчлэн цэвэр бичгийн аварга ч шалгаруулдаг байж. Шилдэг хүүхдүүд гялалзсан, боронзон талархлын бичиг авдаг байсан аж. Урлагийн үзлэгт ангийнхан бүгд оролцоно. Энхбаатар, Эрхэмбаяр нар шүлэг уншина. Өөдөн, Цэвэлмээ, багш хоёр сургуулийн үлгэр жишээ, мундаг багш нар гэнэ. Одоо ч эдгээр багш нар улсдаа хувь нэмрээ оруулсаар яваа гэж байлаа. Ангийн Б.Энхгэрэл урлагийн авьяастай. Одоо СУИС-д багшилж байгаа аж. Тэрээр аравдугаар анги төгсөхөд төгсөлтийн арга хэмжээний найруулгад оролцож байжээ. Тэрхүү төгсөлтийн арга хэмжээнд оролцох хүүхдүүд шөнөжин хонож бэлтгэл хийдэг байсан гэнэ.

Эдний ангийнхан сурлага, урлаг спортоороо тэргүүлэгч байсан гэнэ. Сургуулийн арга хэмжээ болоход бид хамгийн түрүүнд очдог. 2017 онд төгсөлтийн хорин жилийн ойгоороо гурван анги нийлж уулзжээ. Тэд нэг ангийнхан гэсэн групптэй болсон байна.

Энэ жил сургуулийнх нь 70 жилийн ойн арга хэмжээ болох юм байна. Тиймээс ангийнхан их, санаачилгатай, идэвхтэй байгаагаа ярилаа.

Дунд ангиас нь эхлэн Э.Баярмаа ангийн дарга байжээ. Тэрээр зарчимч, ангийнхныгаа их нэгтгэж, хичээлээ сайн хийж, цэвэрч байх талаар хэлдэг байсан. Бага ангийн дарга П.Энхжаргал ангийнхныгаа их сайн чиглүүлж, хичээлээ хийхийг хэлдэг байсан тухай ярилаа.

Ангийн онц сурлагатангууд Э.Эрхэмбаяр, Д.Сайнзаяа нар, урлагийн тэргүүн Б.Энхгэрэл байсан гэнэ. Спортоор Энхтайван ангийнхныгаа манлайлж байж. Тэрээр хүндийн өргөлтийн нийслэлийн аварга болж байжээ. Ангиас Б.Доржсүрэн, Б.Болормаа нар гэр бүл болж, гурван охин, нэг хүүтэй болсон гэнэ. Энэ жил 14 дүгээр сургуулийн 70 жилийн ой болж байгаатай холбогдуулан олон арга хэмжээ болж байгаа аж. Энэ хүрээнд сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд бүх төгсөгчдөө он оноор нь хүлээн авч уулзжээ. Волейволын тэмцээн зохион явуулсан. Ангийнхан тус арга хэмжээнд 1997 оны төгсөлт гэж оролцож, шилдэг хөгжөөн дэмжигчид гэсэн шагналыг авсан аж. Үүгээрээ төгсөлтийнхөн дундаа хамгийн үлгэр жишээ, эв нэгдэлтэй анги гэдгээ харуулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *