Монгол төрийнхөө түшиг тулгуур нь болж, үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиулж, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэн ажиллахын төлөө оюун ухаанаа чилээж, цаг, нарыг умартан хөдөлмөрлөж байдаг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчид хэдэн өдөр спортоор амьсгаллаа. Спортоор хичээллэх нь тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдад нөхөрсөг орчныг бүрдүүлж, бусадтай эерэг харилцаа тогтоох, ажлын алжаалыг тайлж, бие эрүүл мэндийн хувьд чухал нөлөө үзүүлдэг гээд олон сайн талтай.
Тэр ч үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болсон тэмцээн бол энэ юм.
Өнгөрсөн жил Дотоод хэргийн их сургууль энэхүү спортын тэмцээнд чамгүй амжилт гаргаж, сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл, волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй баг мөнгө, боулингийн төрөлд хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, өнөө жил тохиож буй сургууль байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулахаар тэмцээний эрхийг авч байсан.
Ингээд энэ жилийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль 85 жилийн ойн хүрээнд 04 дүгээр сарын 26, 29, 30-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, олс таталт, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулсны зэрэгцээ яам, агентлаг, байгууллагын удирдлагууд дардас шидэлтийн тэмцээнээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан.
Тэмцээнд нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оюун ухаан, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдөв.
Жил жилийн хаварт тус яамны харьяа агентлаг, байгууллагынхан өмнөх жилийнхээ алдааг ярилцаж, энэ жилийнхээ ололт, амжилтыг төлөвлөн багийн тактикаа боловсруулан спортын бэлтгэлээ базаадаг. Аливаа уралдаан, тэмцээнд багийн ур чадвар жилээс жилд улам чанарждаг болохоор энэ жилийн багуудын бэлтгэл, чадвар өмнөх жилүүдээс сайжирсан нь тэмцээний явцад харагдаж байлаа. Оролцсон бүх баг жигд бэлтгэлээ базааж, хувийн зохион байгуулалтдаа илүү анхаарч, ач холбогдол өгч оролцсон нь тус тэмцээний үр дүнг илтгэж байлаа.
Мөн зохион байгуулалтын талаар ч хүмүүс ам сайтай байсныг энд дурсах нь зүйтэй болов уу. Спортын тэмцээний нээлтэд Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийн ойг бэлгэдэж сонсогч, суралцагчдаас бүрдсэн 85 морин хуурыг эгшиглүүлж, сургалтын онцлогт тохируулан 350 сонсогчийн гардан тулааны үзүүлэх тоглолт, зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, цэрэг бүжгийн чуулбараар тамирчдын сонорыг мялаасан юм.
Түүнчлэн тэмцээний төрөл, оролцогчдын талаар удирдамждаа тодорхой зааж, багийн гишүүдийн бичиг баримтыг нь ягштал шалгаж мандатыг олгон, спортын төрөл тус бүрийг мэргэжлийн шүүгчдэд хариуцуулж зохион байгуулсны үр дүнд баг, тамирчдын ямар нэгэн маргаан, зөрчил гарсангүй.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын баг тамирчдын тухайд ч тус тэмцээнээ хүндлэн жилээс жилд өндөр зохион байгуулалттай оролцож хэвшсэн болохоор тэмцээн өрсөлдөөнтэй, бусдадаа хүндэтгэлтэй, харилцан уялдаатай, нөхөрсөг болж өндөрлөн төрөл тус бүрт шилдгүүдийг тодрууллаа.
Ингээд тэмцээний шатрын төрөлд тэргүүн байрт Дотоод хэргийн их сургууль, дэд байрт Улсын бүртгэлийн ерөнхий газар, гуравдугаар байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг шалгарч, олс таталтын тэмцээнд тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулав.
Мөн волейболын эмэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Архивын ерөнхий газар, мөнгөн медалийг Дотоод хэргийн их сургууль, хүрэл медалийг Хил хамгаалах ерөнхий газар, эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мөнгөн медалийг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүрэл медалийг Гадаадын иргэн, харьяатын газрын багууд тус тус хүртлээ. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газар, эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гутгаар байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг тус тус шалгарлаа.
Мөн тэмцээний “Шилдэг тамирчин”-аар сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Дотоод хэргийн их сургуулийн багийн тамирчин А.Төмөр, эмэгтэйчүүдийн ангилалд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн багийн тамирчин Х.Амартүвшин, волейболын эрэгтэйчүүдийн ангилалд Хууль зүй, дотоод хэргийн яамны багийн тамирчин А.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн ангилалд Архивын ерөнхий газрын багийн тамирчин М.Тунгалагсайхан нар шалгарсан.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 19 оноогоор доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав захиралтай Дотоод хэргийн их сургуулийн баг шалгарч, шилжин явах цомыг хүртсэн бол хоёрдугаар байрт 23 оноогоор бригадын генерал Д.Батжаргал захиралтай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт 29 оноогоор цагдаагийн хурандаа С.Баатаржав даргатай Цагдаагийн ерөнхий газрын баг тус тус шалгарсан юм.
Мөн энэ жилийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Дотоод хэргийн их сургууль ирэх жилийн буюу 2020 оны спортын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авснаар энэхүү тэмцээн өндөрлөлөө.