Categories
мэдээ улс-төр

УИХ-ын таван байнгын хороо хуралдана

УИХ-ын таван байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон ХСҮТ-д тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” талаар БХБ-ын сайд Х.Баделханы мэдээллийг сонсоно.

11.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл багтжээ.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Мал төллөлт болон хаваржилтийн талаарх ХХААХҮ-ын сайд Ч.Улааны мэдээллийг сонсох юм.

Харин Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 15.00 цагт хуралдаж, “Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл”-ийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы танилцуулгыг сонсох аж. 16.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох талаар хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *