Categories
мэдээ нийгэм

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт энэ баасан гарагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны тавдугаар сарын 3-8-нд болох бөгөөд нээлтийн арга хэмжээ нь 3-ны 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Уг баярын зорилго нь Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээг орон даяар зохион явуулах юм. Энэхүү баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг–Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулж байна.

Мөн Монгол бичгийн нийгэмлэгээс Үндэсний бичгээр улирал тутам гардаг “Уламжлал” сэтгүүлийн хоёрдугаар улирлын дугаарыг “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээнд зориулан гаргаж, уншигчдын хүртээл болгоно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг, орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан.

Хамтран зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд тус тус оролцоно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *