Японы эзэн хаан Акихито мягмар гарагийн орой хаан ширээнээсээ бууж, гучин жил үргэлжилсэн Хэйсэйн эрин дуусгавар болно. Энэхүү түүхэн үйл явдлын дараа түүний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд сууна. Эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслол өнөө орой Эзэн хааны ордонд болох бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ ард түмнийг төлөөлөн түүнд талархал илэрхийлэх ажээ. Үүний дараа Акихито эзэн хааны хувиар сүүлчийн удаа ард түмэндээ хандан үг хэлэх юм. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ бууж буй тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй ажээ. Нас дээр гарсны улмаас үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хашихад хүндрэлтэй болж байгаа тухай эзэн хаан Акихито гурван жилийн өмнө мэдэгдэж байжээ. Тэрбээр энэхүү шалтгааны улмаас хаан ширээнээсээ бууж байгаа хэмээн олон нийт үзэж байна. Гэвч эзэн хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээс буух талаарх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Үндсэн хуулийн дагуу эзэн хаан улс төрийн нөлөөлөл үзүүлэхийг хориглодог байна. Гэсэн хэдий ч япончууд түүнд хайр энэрлээ үзүүлсэнтэй холбоотойгоор тус улсын парламент түүнийг хаан ширээнээсээ буухыг зөвшөөрсөн хуулийг баталжээ. Эзэн хаан Хирохито /Шова/ 1989 онд таалал төгссөний дараа түүний хүү Акихито 55 насандаа хаан ширээнд заларчээ. Тэрбээр дайны дараа Үндсэн хуулийн дагуу хаан ширээнд заларсан анхны эзэн хаан бөгөөд “төрийн бэлгэ тэмдэг”-ийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Японы эзэн хаан орон даяар аялж, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах газрууд болон дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газруудад очиж байжээ.