Өнгөрсөн 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсжээ. Тухайлбал, сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32 мянга 100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Ийнхүү 20 жилийн хугацаанд авто тээврийн салбарт асар их өөрчлөлт гарсан учраас Авто тээврийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай болжээ. Уг хуулийн шинэчлэн найруулсан төслийг батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 23-нд өргөн барьсан.
Хуулийн төслийг өргөн барьсан тухай албан мэдээнд дурдсанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дараах харилцааг зохицуулах юм байна.
-Ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;
-Авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;
-Авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;
-Салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;
-Мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;
-Авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
-Авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;
-Авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт.
Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ.
23.7.Дараах авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:
23.7.1.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;
23.7.2.баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;
23.7.3.зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;
23.7.4.тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.