Categories
мэдээ цаг-үе

Г.Оюун: Дэлүүгээр хийсэн нэмэлт тэжээл эрүүл мэндэд ашигтай болох нь батлагдсан

Хүнс эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Само” институт нь хүнсний инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Энэ талаар тус институтын гүйцэтгэх захирал, дэд доктор Г.Оюунтай ярилцлаа.


-Байгууллагаа танилцуулаач?

“Само” институт нь хүнс үйлдвэрлэлийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа лаборторийн шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг компани юм. Монгол Улсад анх энэ салбар 49 жилийн өмнө үүссэн. Манай байгууллага үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Нэгдүгээрт, хүнсний салбарт шаардлагатай асуудлуудаар шинжлэх ухаан, технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Хоёрдугаарт, хүнсний бүх нэр төрлийн бүтээгдэхүүнд магадлан итгэмжлэлийн хүрээнд хөндлөнгийн хяналтын шинжилгээ хийдэг.

Гуравдугаарт, хүнсний жижиг дунд болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн зөвлөмж туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг.

Сүүлийн жилүүдэд манайх судалгааг түлхүү хийсээр ирлээ. Яагаад гэвэл үндсэн суурь бүтээгдэхүүний бааз нь байна. Жишээлбэл, Мал нядалгааны үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лаборатори зэрэг эрдэм шинжилгээний бааз нь бий. Тиймээс эрдэм шинжилгээний ажлын үр дүнг шууд үйлдвэрлэх боломжтой. Мөн тухайн үйлдвэрлэл үйлчилгээнд ямар асуудал тулгарч байна, юу шаардлагтай гэдгийг мэдэрч, үндэслэн гаргана. Манай групп энэ чиглэлээр зориулсан бүтэц зохион байгуулалттай.

-Танай институтийн хийсэн хамгийн сүүлийн хүнсний инновацийн тухай тодруулбал?

-Бэлчээрийн монгол малын махаар хийсэн төрөл бүрийн нөөш консервнууд. Үүнийг ОХУ-ын захиалгын дагуу үйлдвэрлэж тус улсад экспортолдог. Өмнө нь манай улс ОХУ руу бэлчээрийн монгол малын махыг олон жилийн турш амьдаар, хөлөөр нь гаргаж байсан. Дараа нь нядлаад хөлдөөсөн гулууз хэлбэрээр мөчилж, түүхий мах хэлбэрээр нь гаргадаг болсон. ОХУ-ын Эрхүү мужид Бурятмяспром нэртэй мах, консервийн компани бий. Тэр комбинатад монгол малын махаар консерв хийдэг, Оросын ард түмэн маш сайн мэддэг болчихсон. Бидний хийсэн технологи бол бэлчээрийн монгол малынхаа махаар төрөл бүрийн консерв хийх аргыг дотоодын нөхцөл, Оросын стандартын шаардлагын дагуу яаж хийж гаргах вэ гэдэг онолын судалгааг хийгээд 2014 оноос ОХУ руу экспортолж эхэлсэн.

-Уг консервний онцлог нь юу вэ?

-Нэгдүгээрт, бэлчээрийн монгол малын махаар уламжлалт амтлагчуудыг хэрэглэн, гар аргаар эрт үеэс өвлөгдсөн зарчмаар малын махыг эвдэж, өнөөгийн үйлдвэрлэлд хэрэглээд байгаа нэмэлт ямар ч орцгүйгээр үйлдвэрлэдгээрээ онцлог.

Хоёрдугаарт, юуны тулд нөөшлөөд байгаа вэ гэвэл хадгалалтыг урт байлгах зорилгоор. Тэгэхээр бид аль болох урт хугацаанд хадгалах зориулалттай бүх сонголтуудыг хийсэн. Хадгалалт урт байхын тулд лаазны асуудал гарч ирнэ. Лаазаа бид ОХУ-аас бэлэн хэлбэрээр нь авдаг. Тэр лааз нь нөөшилж байгаа бүтээгдэхүүнээ таван жил хадгалах боловсруулалттай. Эрүүл ахуйн бүх шаардлагыг хангасан, битүүмжлэл сайтай.

-Гаргаж байгаа нөөшилсөн бүтээгдэхүүн хэдэн төрөл бий вэ?

-Эхний үед бид зөвхөн үхрийн махаар консервоо үйлдвэрлэдэг байсан. Одоо бол нэр төрлийг нь олшруулаад байгаа. Үхрийн мах нь сүүний болон махны бүтэц талаасаа аваад үзэхэд харьцангуй нөөцийн хорогдол бага. Хонь, ямаа, адуу гахай гээд олон төрлийн махаар нөөш хийж байна. Дан мах гэхээсээ илүү монголын хөрсөнд ургасан ногоог эргэлтэд оруулах шаардлага бас байгаа шүү дээ. Түүн дээр үндэслэн ногоо, будаатай холин гаргах болсон. Будаатай бэлдмэлүүд нь хөц, цагаан, гурвалжин гэх мэт олон янз. Мах боловсруулах явцад гарах дайвар бүтээгдэхүүн, дотор эрхтнийг ашиглах үүднээс зүрх, элэг гэх мэт эрхтнээр нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулаад 12 нэр төрлөөр гаргаад байгаа. Олон нэр төрөл болно гэдэг хэрэглэгч сонгогчийн талаас сонголт ихтэй худалдан авалт ихэснэ гэсэн үг.

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ хэр өндөр вэ? Эх орондоо зардаг уу?

-Монголд бол зарагдаагүй. Зориулалтаараа бид юу гэж харсан бэ гэвэл Монголд нөөшилсөн махны хэрэглээ маш бага. Яагаад вэ гэвэл яг байгалийн органик шинэ махыг худалдаж авч хоол хүнсэндээ хэрэглээд сурчихсан хүмүүс энэ төрлийн бүтээгдэхүүнийг барагтаа бол авдаггүй. Хааяа аялал жуучлал, хөдөө гадаа олуулаа зугаалгаар явахдаа л авдаг. Тэгэхээр нөөшилсөн байдлаар худалдаалах зах зээл нь бол гадаадад гэж харсан. Тэр дундаа эртнээс уламжлалтай, хэрэглээ өндөртэй, монгол малын махыг мэддэг, хэрэглээд сурчихсан ард түмэн бол ОХУ. Манай том хэрэглэгч гэж харсан. Тиймээс анхнаасаа бүтээгдэхүүний хаяг, шошго, лааз савыг боловсруулах, жор сонголтоо хийхдээ ч гэсэн оросын ард түмэнд зориулсан сонголтуудыг хийсэн. Энд монголын эрдэмтдээс гадна ОХУ-ын Гарботовын нэрэмжит хүнсний системийн судалгааны төвийн эрдэмтэд хамтран ажилласан. Мөн Эрхүү, Улаан-Үд, Москвагийн махконсерв комбинатын технологич мастерууд оролцсон.

-ОХУ-д сурталчилгаагаа хэрхэн хийдэг вэ. Тэр том зах зээлд яаж танигдаж чадав?

-Жил бүр болдог Москвад Продмарш гээд хүнсний технологийн том үзэсгэлэн болдог. 2018 онд тус үзэсгэлэнгээс манай бүтээгдэхүүн “хүрэл” медаль хүртсэн. Түүнээс ч өмнө нөөшилсөн махан бүтээгдэхүүн маань танигдчихсан, худалдан авалт тогтмол өсч байлаа. Бүтээгдэхүүний заавар, хадгалах хугацаа гээд бүгд орос хэл дээр бичигдсэн болохоор тус улсын зах зээлд амархан нэвтэрч чадсан. Гол нь Монголд үйлдвэрлэсэн гэхээр оросын ард түмэн дуртай худалдан авдаг.

-Нөөшилсөн бүтээгдэхүүнээс өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн юу хийж байна?

-Хүүхдийн хоолны нэмэлт бүтээгдэхүүн болох эрдэсжүүлсэн нэмэлт тэжээлийг хийдэг байлаа. Малын дотор мах болох дэлүүг манайхан тэр бүр хэрэглээд байдаггүй. Манай орны уламжлалаар зарим нутагт дэлүүг огт хэрэглэдэггүй шууд хаядаг. Зарим нутагт нь дэлүүний ач холбогдлыг мэдээд ашиглаж байсан уламжлалтай. Түүнд үндэслээд ШУТИС-ийн докторуудын гаргаж ирсэн технологиор энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Үүний технологийг бол одоогоос 4-5 жилийн өмнө хийчихсэн. Нэмэлт тэжээлийн гол зүйл нь бог малын дэлүүг өөр ямар ч нэмэлт хольцгүйгээр анхан шатны боловсруулалт хийгээд хатааж, нунтаглаад гаргасан. Дэлүүн нь малын мах, дотор эрхтэн дотроос хамгийн өндөр төмрийн агууламжтай. Дэлүүнээс гарсан төмөр нь малын гаралтай учир нэг талаасаа мах, уураг гэсэн үг. Нөгөө талаас хүний биед төмрийн бэлдмэлээ шингэхдээ илүү сайн шингэц хурдан. Үүнийг бид Эрүүл мэндийн яамны загвар хөтөлбөрийн хүрээнд хийж, тус яамны багийнхантай хамтран СХД-ийн яслийн хүүхдүүдэд тодорхой хугацаанд нэмэлтээр өгсөн. Хүүхдүүдийн цус багадалтын түвшин хэр зэрэг дээшилж байна гэдэг ажиглалтууд хийсэн. Гэтэл маш амжилттай болсон. Ер нь эцэг эхчүүд нярай хүүхдээ анх бор хоолонд орох үеэс нь үүнийг нэмэлтээр өгвөл цус багадалт үүсэхгүй гэдгийг нотлоод байна.

-Яаж хэрэглэх үү?

-Хүүхдийн бантанд шууд хутгаад өгөхөд болно. Энэ нь боловсруулаад ариутгачихсан учир сөрөг нөлөөгүй. Нэг удаадаа талыг нь хүүхдийн хоолонд холиод өгөхөд болно.

-Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Төмрийн дутагдалтай,цус багадалттай өндөр настан, насанд хүрсэн хүмүүс байнга хэрэглэх нь биед шаардлагатай төмрийг нөхөж өгнө. Үүнийг бид 2-3 жил үйлдвэрлээд одоогоор үйлдвэрлэл нь саарчихаад байгаа. Яагаад гэвэл хүмүүс мэддэггүй учир хэрэглэддэггүй. Хэрэглээ нь хаана байна гэхээр сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газар бодлогоор хүүхдийн хоолонд нэмж өгөх шаардлагатай. Нэг удаагийн савалгаа нь 10 граммтай. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдрийн хэрэглээ. Тэгэхээр хүүдэд хоёр хуваагаад хэрэглэж болно.

-Өөр хүнсний зүйлээр хийсэн инноваци юу байна?

-Богийн гулууз махыг залуучуудын орчин цагийн хэрэглээнд аваад үзэхэд махаа эвдэж мэдэхгүй болж. Худалдаанаас юмуу дэлгүүрээс авахаар хөрөөдөөд ямар ч уламжлалт технологигүйгээр мах ясыг холиод хаячихдаг. Уламжлалт талаасаа аваад үзэхэд аль хэсэгт нь булчин шөрмөсийг оруулах, хүндэтгэлийн идээнд яаж тавих уу гэдгээс эхлүүлээд үнэт өв соёл шүү дээ. Түүнд түшиглээд жишээ нь, хонины махыг яаж, ямар байдлаар эвдээд удаан хадгалж болох уу гэдэг чиглэлээр судалгаа хийсэн. Бүтэн хонины махыг дал дөрвөн өндөр, гуя өвчүү, богц чөмгийг яаж эвдэх үү гэдэг тэр номоор нь гараар эвдээд вакумдаж, хэсэг хэсгээр нь болон бүтнээр савлаж хийгээд тэс хөлдөөсөн. Түүнийгээ гурван жил хадгалж үзсэн. Тэгээд хоёр дах жилийн төгсгөлд шинжилгээ хийгээд үзэхэд анх байсан шинж чанараа яг тэр чигээр нь хадгалж байсан. Технологи хөгжсөн өнөө үед махыг ингэж хадгалах нь чанар нь алдагдахгүй зөв арга юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *