Categories
мэдээ нийгэм

Хятадууд монгол жолооч нарыг зодож, дарамталж байна гэв

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын улс хооронд зорчигч болон ачаа тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сумын иргэд, жолооч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Замын-Үүд суманд 19 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувь нь тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна. Гэвч тэдний хил дээр ажиллах нөхцөл маш хүнд хэцүү болжээ. Тухайлбал, Хятадын боомтын талаас монгол жолооч нарт дарамт шахалт үзүүлж, татвар татаас авч, зодож дарамтлахаас гадна, бичиг баримтыг нь дур зоргоороо хурааж авах нь энгийн үзэгдэл болсон гэв. Эрээнд чөлөөт бүс гэх нэгэн хашаа руу жолооч нарыг оруулж нэг машинаас 350-500 юань авдаг. Улмаар жолооч нарын хил нэвтрэх эрхийг дураараа хасч, боомилох, хөөж туух нь ч ихэссэн гэдгийг онцоллоо. Гэхдээ зохицуулалтаараа 4-5 хүний суудалтай автомашинаар л хил нэвтрэх эрхтэй бөгөөд УАЗ-469 машинаар л хил нэвтрэх боломжтой аж. Гэвч энэ асуудалд Монголын талаас нэг удаа ч анхаарал хандуулж, эрх нь зөрчигдөж байгаа иргэд, жолооч нараа хамгаалах арга хэмжээ авдаггүй гэж байлаа. Харин ч нэмж сүрдүүлж, шахаж хавчдаг байна. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахыг төр засгийн удирдлагуудаас тэд хүсч байгаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *