БНАСАУ-ын удирдагч Ким Жон УН ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчилж магадгүй гэсэн албан бус мэдээлэл тараад байсан. БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлагаас /KCNA/ энэхүү мэдээлэл үнэн болохыг өнөөдөр /2019.04.23/ албан ёсоор баталлаа.
Одоогоор уулзалтын тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй байгаа юм. Владимир Путин, Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын эцсээр уулзах төлөвтэй байгаа тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гаригт /2019.04.22/ сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд уулзалт ОХУ-ын Владивосток хотод болох магадлал хамгийн өндөр байгаа аж.
Ким Жон Ун хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт нь таагүй өндөрлөснөөс хойш ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэх болсон. Путин, Ким нарын удахгүй болох гэж буй уулзалт цөмийн зэвсгийг устгах үйл хэрэгт томоохон дэвшил авчирна хэмээн ажиглагчид дүгнэж байна.