Categories
мэдээ нийгэм

Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар өгсөн юм.

Түймрийн голомтод 290 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1,1 мянган га ой, 211,8 мянган га хээрийн талбай, нийт 212,9 га талбай түймэрт өртөж шатжээ. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1590 гаруй иргэн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.

Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгуулага, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум орон нутгаас нийт 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

Нийслэл хэмжээнд гарч байгаа гал түймрийн 50 орчим хувийг ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна. Шар өвс шатаасны улмаас энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, түймэрт 5 га талбай өртсөн бол 14-ны өдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д түймэр гарч, түймрийн улмаас 13 айлын зуслангийн байшин, 3 гэр, 15 га талбай шатаад байна. Мөн энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд түймэр гарч, түймрийн улмаас 4 айлын зуслангийн байшин шатсан. Мөн он гарсаар нийслэлийн хэмжээнд 3 ой, хээрийн түймэр гарч, 9 га талбай түймэрт өртжээ.

Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг гаргаад байна. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон.

Нийт нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу энэ сарын 19-нд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөлийн аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 20-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнодын аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

Мөн одоогийн мэдээллээр Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань суманд болон Дархан-Уул аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул замд яваа жолооч нарт замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой байж, ойролцоох газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *