Дэлхийн банкны санхүүжилтээр Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж буй “ЕБС-иудын үйл ажиллагаанд эцэг, эх, олон нийтийн оролцоог хангах нь” дэд төслийн үр дүнд Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сургуулиуд цахим журнал хөтлөх анхны загвар аймаг болно.
Швейцарын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, БСШУСЯ-ны зүгээс Сэлэнгэ аймагт сайн санааны үйлс, тусламж дэмжлэгийг эрүүл мэнд, боловсролын салбарт байнга үзүүлж байгаагийн нэг илрэл нь энэхүү дэд төсөл юм. Өмнө нь аймгийн Засаг дарга, аймгийн Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах “санамж бичиг”-ийг 2017 онд баталж, “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийг дээрх байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд сүрьеэ өвчин өмнөх оныхоос 10000 хүн амд 5.1 промиллоор буурчээ.
Энэ удаа Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатны хүрээнд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй эл төсөл нь удирдлагуудын зүгээс аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг тав тухтай таатай орчинд сурах, хөгжих боломжийг бүрэн хангаж, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлогын зорилтыг хангахад маш чухал, бодит дэмжлэг боллоо хэмээн дүгнэлээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгаас чухал бөгөөд төслийн амин судас гэдгийг ч онцоллоо. ЕБС-уудын үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хангах нь дэд төслийн үр дүнд боловсролын салбарын үйлчилгээ чанартай, ил тод, эцэг, эх, олон нийт зөв мэдлэг, мэдээлэлтэй болж, эерэг хандлагад түшиглэн тэдний оролцоог нэмэгдүүлсэн байх явдал ажээ.
Төслийн нээлтийн үеэр Төслийн Үндэсний зөвлөх байгууллагын тэргүүн Г.Ундралаас дараах тодруулгыг авлаа. Тэрээр ”Энэхүү төсөл нь Монгол Улсын 10 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд түүний нэг аймаг нь Сэлэнгэ байгаа. Төслийн гол зорилго нь ЕБС-уудын үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн цахим оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. БСШУСЯ-наас боловсролын салбарын мэдээллийн систем гээд томоохон цахим талбар бий болгосон. Үүнийгээ улсын хэмжээнд бүх сургуульд нэвтрүүлэх ажлыг алхам алхмаар хийж байгаагийн нэг хэлбэр нь энэ төсөл юм. Сэлэнгэ аймагт зорилтот таван сумыг сонгож, эдгээр сумаасаа зорилтот таван сургуулийг мөн сонгон авч нийгмийн эгэх хариуцлагын үзэл баримтлал, арга хэрэгслэлээр чадавхжуулж, сургагч багшийг бэлтгэнэ. Энд бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдөө үлдсэн сумдынхаа сургуулиудын багш, олон нийт, эцэг эхийг үргэлжлүүлэн сургаж бэлтгэнэ. Эдгээр бэлтгэгдсэн багш нар үлдсэн сургуулиуддаа туршлагаа хуваалцана.
Төсөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын лаборатори ЕБ-ын 4-р сургууль, Мандал сумын ЕБ-ын 3-р сургууль, Ерөө, Цагааннуур, Сайхан сумдын сургуулиуд сонгогдсон. Төсөл хэрэгжих хугацаа нь өнгөрсөн 3-р сарын 15-наас эхлэх байсан боловч донор байгууллагын зүгээс жаахан хоцорч эхэллээ. Төсөл маань ирэх 10-р сарын 31 гэхэд дуусна. Иймээс бидэнд маш бага хугацаанд, үр ашигтай, далайцтай, эрч хүчтэй ажиллахыг л шаардаж байна” гэлээ.