Categories
мэдээ нийгэм

Хятадын компанид “амалсан” 50 га газрыг дотоодын хүлэмж эрхлэгчдэд өгөхийг шаардлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын Тяньжин Фүүдс компанид өгчээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун болон хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Харин тэргүүлэгчид дэмжихгүй, буцаасан байна. Учир нь 50 га газар нь Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний том газар аж. Энэ газарт Хятадын компани хүлэмж ажиллуулбал Монголын аж ахуйн нэгжүүдийг “унагах” хор уршигтай. Мөн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

Гэвч тухайн өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг илгээж, энэ ажил цааш үргэлжлэхийг дуулгасан байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тодорхой боллоо гэдгийг төлөөлөгч С.Мөнхчулуун хэлж байна.

Тиймээс Ерөнхий, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж буй аж. Ингэхдээ Тяньжин Фүүдс компанид олгох гэж буй 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүссэн байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ЖДҮХС-ийн зээлээс олгохыг шаардсан шаардлагын хариуг 5 хоногийн хугацаанд авахаа тэд мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *