Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ ухарсаар байна

Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас энэ оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Энэ удаад манайх өнгөрсөн оныхоос нэг байраар ахиж нийт орнуудын 70 дугаарт бичигджээ. Хараат бус хэвлэл мэдээлэл үүсэх боломжийг сэтгүүл зүй дэх улс төрийн оролцоо хязгаарлаж буйг энэ удаагийн тайланд тусгажээ. Ингэж ахисан нь сэтгүүл зүйн салбарт гарсан дэвшлээс биш, харин нэлээн хэдэн орнууд байр ухарсантай холбоотой гэж судлаачид хэлж байгаа юм.

Ц.Мөнхжин: МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БИЙ БОЛГОХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ

Энэ талаар “Глоб интернэшнл төв” ТББ-ын Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн менежер Ц.Мөнхжингөөс тодрууллаа.


-Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ энэ жил 70 дугаар байрт бичигдлээ. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Өнгөрсөн жил 71 дүгээр байранд бичигдсэн. Энэ жил нэг байр ахисан. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ажиглах хэрэгтэй. Байр ахисан мэт харагдаж буй боловч өнгөрсөн жил бидний урд бичигдэж байсан зарим орнууд доошоогоо орчихсон юм. Ингэхээр бидний байр ахиж байгаа юм шиг харагдана. Яг үнэнийг хэлэхэд Монголд хууль зүйн орчин дутмаг. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дээр энэ жил бодитой ахиц гарсан зүйл алга. Бидэнд шийдсэн зүйл нэг ч алга байна шүү дээ. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт буюу гүтгэлгийн тухай заалтыг цуцлах санал Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Хариу өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийн эсрэг, тэднийг доромжлох, гутаах зорилготой фэйсбүүкийн кампанит ажлууд өчнөөн явсан. Мөн сэтгүүлчид өөрсдөө ёс зүйн алдаа гаргаж, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гарсаар байна. Асуудал өчнөөн. Үүнийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай.

-Сэтгүүл зүйн салбарын өөр санаа зовоосон асуудал юу байна вэ?

-Хамгийн их санаа зовоосон асуудал бол фэйсбүүк сүлжээ хүчээ авч буй байдал юм. Үүнээс болж мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд итгэлцлийн асуудал гарч ирж байна. Иргэд сэтгүүлчдэд итгэхээ больж эхэлсэн. Гэтэл сэтгүүл зүй иргэдийн итгэл үнэмшил дээр оршин тогтнодог. Иргэд итгэх тусам сэтгүүл зүй илүү хүчтэй, бат бэх болдог учиртай. Харин өдгөө иргэд сошиал медиагаас болж мэргэжлийн сэтгүүл зүйд итгэхгүй байх нь газар авлаа. Сэтгүүлчдийн зүгээс энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хууль эрх зүйн орчны хувьд ямар ч ахиц гараагүй. Ялангуяа ирэх жил сонгууль болно. Гэтэл өнөөдөр бидэнд хараат бус байдлаа хангахад зориулсан ямар ч тодорхой зохицуулалт алга.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гаргасан. Одоогоор бид хуулийн төсөлтэй танилцаагүй л байна.

-Манайд эрэн сурвалжлах сэтгүүл зүй ямар түвшинд явна вэ?

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүй шинэ тутам гарч ирж байна. Энэ тал дээр тодорхой ажил хийгдэж эхэлсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвүүд бий болсон. Ингээд харвал эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих гараан дээрээ явна. Гэхдээ үүнийг бойжуулахад эрх зүйн орчин асуудалтай байна. Эх сурвалжаа хамгаалах ямар ч эрх зүйн зохицуулалт алга. Эрэн сурвалжлагч сэтгүүлч асуудлын гүн рүү орж, олон эх сурвалжтай харьцах шаардлага гардаг. Эх сурвалжаа заавал хамгаалах ёс зүй хүлээдэг. Одоогийн нөхцөл байдлаас харвал эх сурвалжаа аюулд оруулах эрсдэлтэй байна.

-Хэвлэлийн эрх чөлөөнд улстөрчид нөлөөлж байна гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас хийсэн тайланд дурджээ. Мөн мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна гэх юм?

-Төвлөрөл гэдэг нь медиа корпорациудыг хэлж байгаа юм. Олон жижиг хэвлэлүүд нэг компанийн дор нэгдсэн. Өөрсдийнхөө нөлөөллийг олон хэвлэлд тогтоож байгаа нь олон ургальч, тал талын үзэл бодлыг нэвтрүүлж байх салбарын онцлог алдагдаж байна. Ингэснээр нэг компани, бизнесмэн, улстөрчийн эрх ашгийг хамгаалах нөхцөл байдал үүсэх эрсдэл бий болчихлоо. Яагаад гэвэл хуулийн орчин муу, редакцийн бие даасан байдал Монгол бараг үгүй гэж болно. Тэгэхээр нэг системд орсон хараат байгууллагууд олширно гэдэг нэг хүний захиалгаар дуугарч, бичих үзэгдэл бий болно. Ийм зүйлс ажиглагдаад эхэлсэн. Хоточ нохой байхаасаа илүүтэй хэн нэгний уяатай нохой болох тал руугаа орчихлоо. Хэвлэл мэдээлэл биш, суртал ухуулгын шинжтэй боллоо. Эзэмшил төвлөрөх байдлыг сааруулах хэрэгтэй. Төвлөрлийг зогсоодог, цэвэр өрсөлдөөнийг бий болгодог зохицуулалтыг гадныхан бий болгочихсон гэв.

Нэр төрд халдсан гэх хэргүүдийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг байгаа нь тэднийг өөрийн цензур руу түлхэж байна. Монголын телевизийн сувгууд 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд гүтгэлгийн хэрэгт ногдуулах ялыг хүндрүүлж буйг эсэргүүцэн өөрсдийн эфирээ түр харлуулсан билээ. Засгийн газрын дуу хоолой болж байсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд үйлчлэх шилжилтийг хийсний үр дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин ерөнхий байдлаараа сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч хараат бус хэвлэлийг хязгаарлаж байна. Олон нийтийн, эсвэл хувийн эзэмшлийн аль аль нь улстөрчдийн дарамтад орж буй. Үүний зэрэгцээ төрийн ил тод бус байдал болон хэвлэл мэдээллийн дулимаг эрх зүйн орчин нь Засгийн газрын шүүмжлэлд мэдрэг байдлыг өөгшүүлж, сэтгүүлчдийн хоточ нохойн үүргийг хязгаарласаар байна гэдгийг уг судалгаагаар тогтоожээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд өдгөө хамгийн хүнд хэцүү цаг үеэ туулж байна. Эрх баригчид өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон, өөрийнхөө эрхшээлд оруулж дохио зангаагаар удирдах гэсэн, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт татах улмаар ялтан болгох гэсэн, хэвлэлийн газрын лицензийг төр хураах гэсэн аймшигтай бодлого явуулах болсон.

“Хэвлэлийн байгууллагуудад дарамт хангалттай байгаа. Эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг болсон. Үүнд төр засаг анхаарлаа хандуулдаггүй хэрнээ мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд зүтгэж байгаа бизнесийнхнийгээ “Та нар хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа учраас ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн байдлаар хандах нь утгагүй. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн онцгой бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй хийнэ. Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд ийм хаалт хориг тавих байх” гэж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлж буй Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид авлигын хуультай холбогдуулж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлснийг энд тэмдэглэе.

Мөн дэлхийн хэмжээнд сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж байгааг онцолжээ. Сэтгүүлчдээ бүрэн хамгаалсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо үргэлжлэн цөөрсөөр буй гэнэ. Үүнтэй зэрэгцэн авторитари дэглэмүүд хэвлэл мэдээллээс улам чанга зуурч буй. Индексээс харвал, сэтгүүлчдийн аюулгүй ажиллах орчинд хөнөөл авчрахуйц айдаст автуулах хүчтэй уур амьсгал үүсээд байна. Олон орны улс төрийн удирдагч сэтгүүлчдэд дайсагнасан байдлаа илэрхийлж буй нь хүчирхийллийн шинж бүхий аюултай үйлдлүүдийг дэвэргэсээр байгаа юм. Энэ нь сэтгүүлчдийн хувьд урьд хожид байгаагүй айдас, аюулыг авчирч эхэллээ.RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд эсвэл иргэний дайны-хэв маяг бүхий орчин руу нээлттэйг чиглэж, ингэхдээ сэтгүүлчдийг бүх зүйлийн буруутнаар цоллож буй тохиолдолд тэр ардчилал маш том аюулд оржээ гэсэн үг. Энэхүү айдас, сүрдүүлгийн тойргийг зогсоох нь түүхийн он цагийн хугацаанд олж авсан эрх чөлөөг үнэлдэг сайн санаат хүмүүсийн хувьд нэн тэргүүний асуудал билээ” гэжээ.

БОЛГАРТ ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНГ БУРУУГААР АШИГЛАСАН ТУХАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛСНЫХАА ТӨЛӨӨ ХОЁР СЭТГҮҮЛЧ БАРИВЧЛАГДЖЭЭ

Италийн дотоод хэргийн сайд, Лигийн намын тэргүүн Маттео Сальвини л гэхэд өөрийг нь шүүмжилсэн гэх шалтгаанаар сэтгүүлч Роберто Савианогийн цагдаагийн хамгаалалтыг буулгах санал гаргасан юм. Үүнтэй зэрэгцэн Алжир, Хорват гээд бараг дэлхийн бүх оронд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид шүүх эрх мэдлийн дарамтын золиос болох нь нэмэгдсээр байгаа аж. Франц, Мальта шиг шударга бус шүүхийн үйл явц нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн санхүүгийн эх үүсвэрийг барах замаар тэдний үйл ажиллагааг хязгаарлахад ашиглагдаж байж ч магадгүй юм.

Үүний үр дүнд Польштой адил сэтгүүлчдийг торны цаана ч суулгаж мэдэх юм. Тодруулбал, Польшийн эрх баригч намын тэргүүний эргэлзээтэй барилгын төслийн талаарх нийтлэлийнхээ улмаас Gazeta Wyborcza-ийн сэтгүүлчид хорих ялтай нүүр тулаад буй. Мөн Болгарт Европын Холбооны санг буруугаар ашигласан тухай хэдэн сар эрэн сурвалжилсныхаа төлөө хоёр ч сэтгүүлч баривчлагдаад байна. Шүүхийн заргын хажуугаар ямарваа авлигын үйлдлийн хөшгийг нээсэн эрэн сурвалжлах сэтгүүлчид бүх төрлийн дарамтын бай болж болзошгүй. Эрх мэдэлтнүүдийг хилэгнүүлсэн сэтгүүлчдэд хэрэглэж буй хүчирхийллийн хэлбэр бүх хэмжээ хязгаарыг давж эхэллээ.

Өнгөрсөн аравдугаар сард Саудын Арабын Истанбул дахь консулийн газарт болсон нийтлэлч Жамал Хашоггигийн амийг хэрцгийгээр хороосон явдал нь хилийн чанад дахь сэтгүүлчдэд ч жихүүдэс хүргэм илгээлт боллоо. Энэ мэт хүчирхийллээс амьд үлдэхийн төлөөх айдсаас үүдэж бүсийн хэмжээнд олон сэтгүүлч өөрсдийгөө цензурдаж зарим нь бүр мөсөн бичихээ больсон. ОХУ, Туркид хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчин дарамталсан хэвээрээ гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргасан тайланд дурджээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг “Хил Хязгааргүй сэтгүүлчид” байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байгаа юм. Индексийн хэмжүүрт олон ургалч байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэрэг багтана. Индексээр аливаа засгийн газрын бодлогод үнэлгээ хийдэггүй болно.

Дэлхийн болон бүсийн индикаторуудыг тооцоолоход орон бүрийн оноог суурь болгодог. Харин тухайн орны оноог дэлхийн дахинаа 20 орны хэл дээр бэлтгэгддэг асуулгад өгсөн мэргэжилтнүүдийн хариултад дүн шинжилгээ хийж гаргадаг. Аливаа хязгаарлалт, зөрчлүүдийг оноогоор тооцох бөгөөд оноо өсөх тусам нөхцөл байдал муудаж буйг илтгэнэ.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *