Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх Өвөрхангай аймагт албаны айлчлал хийж байна.
Аймгийн Засаг дарга Г.Ганболдоор ахлуулсан албаны хүмүүс Элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Өвөрхангай аймгийн зүгээс БНЭУ-ын муж, хотуудтай хамтын ажиллагаа тогтоож, мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага солилцох хүсэлтээ илэрхийлсэн юм.
БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 5 хүнийг мэдээллийн технологи, бусад чиглэлээр Энэтхэг улсад сургах, мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгох, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр туршлага судалж, шинэ технологийг аймагт нэвтрүүлэх зэрэг саналыг уулзалтын үеэр онцлов.
Элчин сайд Мохиндер Пратап Сингх Монгол Улсад ажилласнаас хойш 40 гаруй хонож байгаа бөгөөд орон нутагт хийх анхны айлчлалаа Өвөрхангайгаас эхэлж байгаа юм. “Тус аймаг нь түүх, соёлын өлгий нутаг бөгөөд Энэтхэг улстай шашин соёлын чиглэлээр олон удаа хамтарч ажиллаж байсан тул энэ аймгаас ажлын гараагаа эхэлж байна” хэмээн Элчин сайд хэлж байлаа.
БНЭУ-аас эмч, мэргэжилтнүүд жил бүр Улаанбаатар хотод хүрэлцэн ирж хорт хавдар, нүд, элэгний чиглэлээр үзлэг, шинжилгээ хийдэг ба өнгөрөгч онд манай улсаас 75 иргэн Энэтхэг улсыг зорьж, элгээ эмчлүүлж, эрүүлжсэн байна. Эмчилгээний төлбөр нь Солонгос улстай харьцуулахад 40 хувиар хямд байдаг тухай Элчин сайд хэлж байв. Цаашид эдгээр эмчилгээ, сувилгааг Өвөрхангай аймагт хэрэгжүүлж, нэвтрүүлж эхэлнэ хэмээн амласан юм.