Categories
мэдээ нийгэм

Татварын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах ажээ. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

Татварын ерөнхий газрын улсын байцаагч И.Мөнхцэцэгийн мэдээлснээр “өнөөдрөөс эхлээд материал өгсөн дарааллаар зарим банкны харилцагчдын мөнгө буцаан орж байгаа. Гэхдээ энэ бол албан ёсны мэдээлэл биш. Төрийн сангаас тодруулах нь дээр болов уу” гэлээ.

Харин Төрийн сангийн мэргэжилтнээс тодруулахад “буцаан олголт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгоно. Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байна. Тиймээс энэ сарын 20-ны өдөр Бямба гариг тул өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *