УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Улс орон хуурайшилт, цөлжилт маш хүнд байдалтай байна. Үүнийг хойш тавьж, хайхрахгүй өнгөрч болохгүй. Тиймээс яг энэ цаг үед анхаарч үзээч. Орон нутагт иргэдтэй уулзахаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгааг хэлж байна. Бид жил гаруйн хугацаанд томилгоо ярилаа. Өнөөдөр амьдралд тулгамдаж байгаа хаваржилт, зуншлагатай холбоотой, хөдөөгийн иргэдтэй холбоотой асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, Засгийн газар чиглэл өгч ажилламаар байна. Миний ярьж байгаа энэ асуудал Хэнтий аймгийн хэдэн сумд тохиолдсон асуудал биш. Улс орон даяар тохиолдож байгаа. Хуурайшилт, цөлжилттэй холбоотой асуудлаар асуулга тавихаар цаг хугацаа нь өнгөрч яригддаг. Энэ аминд тулсан асуудлыг баасан гаригийн хуралдаанд оруулж өгөөч” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгийн дагуу асуулгын хариу өгөхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарыг мэдээлэл бэлдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
Чуулганы хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар хуралдаанаар Зарим газар, нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ удаад 22 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газар төсөл оруулж иржээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг чинь эвдэрч, сүйтгэж байгаа газар нутаг байгаа. Олборлолтын явсан, бэлчээрийн асуудал үүссэн. Энэ хуулиар Ховд аймгийн Алтай, Үенч сумын 50 хувь нь тусгай хамгаалалтад орж байна. Энэ хэрээр байгаль хамгаалагч, малчдын уялдааг яаж зохицуулах юм.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Тантай санал нэг байна. Тусгай хамгаалалтад авахаар малчид бэлчээрлэж болдогүй зэрэг асуудал үүсдэг юм билээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Байгаль хамгаалагчтай холбоотой хөрөнгө мөнгө тусгах юм. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч, малчдын хооронд асуудал үүсдэг байсан. Одоо үүнд зохицуулалт хийх юм билээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Бэлчээр хүрэлцэхээ байсан учир газар нутгийн маргаан үүсч байна. Малчид хаана өвөлжиж, хаваржих вэ? Энэ асуудлуудыг яаж шийдвэрлэж байгаа вэ? Эрдэнэт-Овоотын төмөр зам гэж асуудал байна. Аймаг, сум, ард иргэд нь мэдэхгүй байхад концессийн гэрээ гээд өгчихсөн гэсэн асуудал байна. Энэ асуудал тусгай хамгаалалтын нутгаар трас нь дамжих юм билээ. УИХ-аар ч энэ асуудал ороогүй. Үүнд хариулт өгөөч.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-22 газрын хоёр газарт нь төмөр замын асуудал орсон. 2010 онд Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал шийдвэрлэгдсэн юм билээ. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгаар дамжих байсан. Зарим газар нутгийг хасч өгөөч гэсэн. Хэрвээ давхцлыг нь арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гаргаж ирж гэсэн. 2010 онд зураг төслийг нь барьж, ашиглаж, хүлээлгэж өгөхөөр концессийн гэрээ хийгдсэн. Нөхөн төлбөр гэж том дүн тавьчихаад хуулийг бойкотлох хандлага байгаа.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:
-2010 онд Төмрөөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад 2014 онд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих концесс хийгдээд 2015 онд гэрээ хийгдсэн байна. Төмөр замын чигийг техникийн боломж, эдийн засгийн үндэслэлийг батлагдсан юм байна. Үүнээс гарвал концесс эзэмшигч, хөрөнгө оруулагдчаас нөхөн төлбөр шаардах юм билээ. Таван газарт 21км тунель баригдах юм билээ. Үүнийг УИХ-аас чиг авч шийдвэрлэгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ асуудалгүй гэдэг бичиг БОАЖЯ-наас ирсэн юм билээ. 7.4 сая ам.долларын өртөгтэй концессийн энэ гэрээг 2015 оны Засгийн газрын үед байгуулсан.
БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат:
-Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ Идэр, Булнайн нурууг авахад ард иргэдэд хүндрэл учрахгүй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.