Чин ван Ханддоржийн өргөө
Хүний амьдрахуйд нэн тэргүүнд хэрэг болдог зүйлсийн нэг бол яалтгүй орох орон байж таарна. Эртний хүмүүс агуйгаар орон байраа хийж байсан бол хөгжлийн явцад өвсөн овоохойноос эхлээд өнөөгийн барилга хүртэл олон үе шатыг дамжсан нь мэдээжийн асуудал. Хөгжлийнхөө явцад амьдардаг оромжоо “За энийг нэг ингээд авбал араатнаас айх аюулгүй болох нь дээ” гэж ахиулсаар дээд зэрэглэлийн тансаг сууцыг хүртэл бий болгож дөнгөжээ. Хүн төрөлхтөн хөгжин дэвшихийн хэрээр хүний тал талын хэрэгцээг бүрэн хангахуйц байр байх хэрэгтэй болж ирж. Уран барилгын түүх ч гэсэн агуйгаас гарч оромж барьж эхэлсэн үеэс эхлэх нь дамжиггүй. Эртний Энэтхэг, Ром, Маяа, Хятад, Египет гээд суурин иргэншил бүхий газар орон бүрт өөр өөрсдийн хэв шинжийг агуулсан үй олон төрлийн хийц загвартай байшин барилга баригдан, бүр урлагийн түвшинд хүртлээ хөгжиж байв.
Ромын эзэнт гүрний үеэс эхлэн хөгжиж ирсэн сонгодог хэлбэрээс орчин үеийн хэв маяг хүртэл гайхалтай сайн хөгжиж ирсэн Ромын архитектурын тухай дурдахгүй өнгөрч огт болохгүй. XI-XIII зууны үеийн сонгодог загварын барилгын төв болон цэцэглэн хөгжиж байсан Ром нь бөмбөгөр орой, нуман хаалга зэргийг анхлан санаачилж, хөгжүүлжээ. Харин сэргэн мандлын үед хээнцэр дэгжин, ганган чамин барилгын хэв загварын ч төв болж байсан аж. Эртний Ромын үеийн барилгууд тоосго болон бетоноор баригдаж байгаад НТӨ 100 орчим оноос гантиг зэргийг чимэглэл болгон ашиглаж байжээ. Чимэглэлд мөн Афины сонгодог үеийнхтэй адилаар тагт тулан зогсох эмэгтэй, хөгжимчний дүр бүхий хөшөө босгон чимэглэж байлаа. Ромын сүм дугана харин өргөн шат, үүдний хэсэгт нь гурвалжин орой бүхий асар босгодог байсан ба коринтиан болон дорик гэх мэт хэв шинжийг хуулбарлан ашигласан байдаг аж. Явцдаа тэдгээрийн холимог чанарыг агуулдаг болжээ.
Бөмбөгөр ногоон театр
Ромын архитектурын хувьд чухалд тооцогдох хэв маяг нь овор хэмжээний хувьд багашаархан сүм дугана, бунханы загвар юм. Та бидний сайн мэдэх Колизей бол эртний Ромын архитектурын хамгийн алдартай тод жишээ хэмээн тэмдэглэгджээ. Мөн Константины хаалга, Тэнгэрийн элчийн цайз, Пантеон зэрэг алдар цуутай хөшөө дурсгалууд олон бий. 1870 онд Ром нь Италийн нийслэл боллоо. Энэ үе нь Ромын уран барилгын хөгжилд томоохон нөлөө үзүүлжээ. Тухайн үеийн барилгууд нь өнөөгийн Ромын сонгодог хэв загварын жишээ болсон гайхамшигт бүтээлүүд ажээ.
Сэргэн мандалтын үеийн Флоренц хотын дараа орохуйц хамгийн соёлжсон, уран барилгын сод бүтээлүүдээрээ алдартай хот бол Ром байв. Орд харш, үзэсгэлэн галерей гээд нүдэнд өртөх барилгууд нь чулуугаар үүдэн хэсгээ чимэглэж байлаа. Чулуугаар ийн гоёх болсон нь тухайн барилгыг чамин тансаг харагдуулахаас гадна сүр жавхлантай, бишрэм болгож харагдуулах шидтэй. Сүм хийдүүд ханаа халхалсан хөшигийг ч ихээр ашигладаг байв. Эдгээр нь хэн бүхэнд ер бусын мэдрэмж төрүүлж, айж бишрэх, хүндэтгэн дээдлэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлдэг байсан нь лавтай. Дэлхийд алдартай уран барилгын жишээнд Италийн ерөнхийлөгчийн байр, ерөнхий сайдын байр зэрэг ордог.
Италийн ерөнхийлөгчийн өргөө
Ромын уран баригын бас нэгэн онцлог гэж болохуйц зүйл нь хэт тансаг хээнцэр байдал билээ. Сэргэн мандлын үеийн хийц загвар дээр үндэслэн өмнөх үеийн нэг хэвийн баригдмал загварчлалыг зоримог өөрчлөн ганган хээнцэр хэрнээ нягт нямбай хийц бүхий барилгуудыг энд дурдаж болох юм. Эдгээр ганган барилгуудын хананд амраглалын сахиусан тэнгэрүүд ихээр дүрслэгдсэн байдаг байна. XVII зууны үеийн Италийн хотууд сүрлэг бөгөөд томоохон талбайгаараа алдартай. Тэрхүү том талбайн голд сүрлэг хөшөө сүндэрлэн байдаг. Томоохонд тооцогдох талбайнуудад Пиазза Навона, Пиазза дел Минерва зэрэг орно. Тансаг хэв маяг буюу барокка маягаар баригдсан Палаззо Мадам гэх барилгыг одоо италичууд сенатын ордон болгон ашигладаг байна.
Тэгвэл Ромын уран барилгын том соёлоос гадна монголчууд бид ч энэ талаар багагүй өвтэй. Анхны төрт улс болох Хүннүгийн үеэс эхлэн шаньюдаа орд харш барьж байгуулах болсон. Түүхийн зарим сурвалжид өвлийн болон зуны ордонтой бөгөөд өвлийнхдөө бага хуралдай, зуныхдаа их хуралдай хийдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. Ихэс дээдэстээ орд харш барих уламжлал явсаар XI, XII зууны үед ирсэн бөгөөд Хайду хааны ордон, Ван хааны ордон зэрэг арав гаруй тансаг байгууламжуудыг нэрлэж болох аж. XIII зуунд Монголын их эзэнт гүрний үед ерөнхий уран барилгач гэх албан тушаал байсан нь монголчуудын барилгын хөгжил хэр түвшинд байсныг гэрчлэх биз. Плано Карпиний ч гэсэн Монголын уран барилгын тухай “Алтан ялтсаар ороон, алтан хадаасаар хадсан баганатай… ” гэж бичсэн нь бий. Мөн Хархориныг нийслэл байхад Өгөдэй хаан маш том орд харш ч бариулсан. Тэрхүү их ордон нь хотын голд байсан бөгөөд “Түмэн амгалан” хэмээн нэрийдэж байжээ. “Хархоринд мөн асар том мөнгөн мод байх бөгөөд ёроолд нь дотроо цорготой дөрвөн арслантай. Мөнөөх модны голд суулгасан дөрвөн хоолойг оройгоор нь гаргаад үзүүрийг нь доош тахийлган могойн дүрс болгон алтдаад, сүүлээр нь модныхоо голыг ороолгожээ. Эдгээр дөрвөн цоргоны нэгээр нь дарс, хоёр дахиар нь айраг, гурав дахиар нь балаар хийсэн умдаан, сүүлийнхээр нь цагаан будаан архи гоожин гардаг. Модны орой дээр бишгүүр барьсан ангел буй” хэмээн тэмдэглэснийг бид мэднэ. Тэгэхээр Монголд уран барилга өндөр хөгжиж байсан нь тодорхой юм.
Монголын уран барилгын бас нэг томоохон төлөөлөл бол Цогтын цагаан байшин юм. 1601-1617 оны хооронд барьсан энэхүү ордны хана болон шатны хэсэг одоо ч бий. Манайхан хөдөө гадаа явахдаа очиж үзсэн байх. Тухайн барилгын шат нь хоёр талаараа хашлаган бариултай, гол хаалганы шатыг хөх тоосгоор өрсөн байдаг юм байна. Цогтын цагаан байшингийн бүх байгууламжийг хоёр метр орчим өндөр суурин дээр багтаан ерөнхий нэг хэрмээр хүрээлэгдсэн ба дотроо хэд хэдэн барилгуудыг багтааж байжээ. Эдгээрт багтсан барилгууд нь бүгдийг хооронд холбосон байх бөгөөд Цогтын ээжид зориулсан дугана бас байдаг. Энэ цогцолбор барилгын ойрмогхон чулуун дээр барьсан урчуудын нэрийг ч мөн мөнхлөн үлдээсэн байдаг аж. Бид энэ талаар бас мэдээд авахад илүүдэх юун. Монголд бурханы шашин дэлгэрэхийн хэрээр сүм дугана ихээр баригдаж эхэлсэн бөгөөд Манзуширийн хийд, нийслэл хүрээн дэх Богд хааны өвлийн ордон, Гандан хийд гээд олныг энд дурдаж болно. Богдын өвлийн сууц буюу Ногоон ордон нь хоёр давхар бөгөөд, харьцангуй европ маягийн хийцтэйг та бүгд мэдэх байх. Харин уг ордныг тойрон хэд хэдэн сүм дугана байсан юм. 1921 онд Ардын хувьсгал ялж, Оросын нөлөө харьцангуй ихэссэнээр шинэ хэлбэр хийц бүхий барилгууд ихээр баригдаж эхэллээ. Тэдгээрийн нэг нь 1926 онд баригдсан “Ардын цэнгэлдэх хүрээлэн” бөгөөд уламжлалт хийцтэй уялдаа бүхий гэр хэлбэрийн барилга байж. Энэ барилгыг “Бөмбөгөр ногоон” гэж нийтээрээ нэрлэж байсан бөгөөд дээвэр нь банз, төмрөөр хийгдсэн, дотроо саруул уужим талбайтай. Жүжигчдийн өрөө, хоолны заал гэх мэттэй байжээ. Одоо ч хотын төвд байсаар байгаа, Монголын уран барилгын төлөөлөл бол Чин ван Ханддоржийн өргөө билээ. Чин ван Ханддорж энэхүү байшинд 1913-1915 онуудад амьдарч байсан бөгөөд дараа нь хүү Жамбалцэрэн нь эзэмшиж байжээ. Бас хичээнгүй сайд Цэрэндорж ч уг байшинд амьдарч байсан юм. 1923 онд байшинг Судар бичгийн хүрээлэнд өгч байсан байх юм. Чин вангийн энэ өргөө нь Монголын барилгын томоохон дурсгал бөгөөд 7,5мх16м харьцаатай, ханыг тоосго болон модоор барьсан, нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулсан, дээд давхар нь эргэн тойрон цонхтой зун амьдрахад зориулсан байшин юм.
Энэ мэт уран барилгын талаар тоочиж эс барах тул ингэсгээд өндөрлөе. Өөр олон соёл иргэншлүүд бүгд л өөрсдийн барилгын өв соёлтой. Мөн уран барилгын тухай олон ном хэвлэл байгаа учраас та бүхэнд тэдгээрээс дэлгэрүүлж уншвал энэ талаар бүр ихийг мэдэж авах нь дамжиггүй билээ.