Categories
гадаад мэдээ

Филиппинээс хүний шинэ төрөл зүйлийн олдвор илрүүлжээ

Филиппиний Лузон арлын Каллао агуйгаас хэмээх хүний шинэ төрөл зүйлд бүртгэгдэх амьтны олдворууд олж илрүүлсэн байна. Энэ нь 50-67 мянган жилийн тэртээ амьдарч байсан, хоёр том хүн, нэг хүүхдийн чулуужсан олдворууд байсан аж. Уг агуй Филиппиний Кагаян мужийн нийслэл Тугегарао хотоос зүүн хойд зүгт 24 км зайд оршдог бөгөөд газар доогуур долоон хонгилтой, хонгил тус бүрээр нарны гэрэл нэвтэрч орохоор нүхтэй байжээ.


Судлаачид 2011, 2015 онд малтлага хийж, агуйгаас 12 гар, хөл, гуяны яс болон шүд олж илрүүлжээ. Эрдэмтэд эдгээр олдворуудыг Лузон арлаас олсон тул “лузоненсис” хэмээн нэрлэсэн байна. Урьд нь 30-40 мянган жилийн өмнөх хомо сапиенсийн олдвор Палаван арлаас олдож байжээ. Лузоненсисыг неоандерталь, хомо сапиенс, хомо флорисиенс зэрэг зүйлийн амьтадтай нэгэн цаг үед амьдарч байсан гэж үзэж буй юм байна.



Эрдэмтэд олдвороос ДНК ялгаж авах оролдлогыг нэг бус удаа хийсэн ч одоогоор хараахан амжилтанд хүрээгүй байгаа гэнэ. “Сүүн тэжээлтний биеийн хэмжээг шүднийх нь хэмжээнээс мэдэх боломжтой байх нь олонтаа. Тиймээс бид Лузоненсисыг биеэр жижиг хүмүүс байсан байх хэмээн таамаглаж байгаа. Хэр хэмжээтэй гэдгийг бид хараахан мэдэхгүй. Араг ясны бусад хэсгүүдийг олох хэрэгтэй. Тэдгээрийг олсноор энэ хүний биеийн хэмжээг нарийн тогтоох боломжтой” гэж эрдэмтдийн багийн гишүүн Пипер ярьсан байна.

Лузоненсис нь бусад төрлөөсөө юугаар ялгаатай вэ?

Энэхүү амьтан нь бусад төрлүүдээсээ жижиг араа шүдээрээ ялгаатайгаас гадна гар, хөл тавхайн яс нь тун өвөрмөц аж. Хурууны ясуудын хэлбэр хомочуудын өвөг 2,9-3,9 сая жилийн өмнө амьдарч байсан австралопитекустай төстэй байгаагаас харахад тэд амьд үлдэхийн тулд ямар нэг зүйл дээр авирдаг байсныг илтгэж байна гэж эрдэмтэд үзжээ.

Хомо флоресиенсис буюу хоббитууд Африкаас нүүж, зүүн өмнөд Азид ирснийг гэрчлэх хэд хэдэн олдвор байдаг аж. 2003 онд Индонезийн Флорес арлаас 100-60 мянган жилийн өмнө амьдарч байсан хоббитуудын яс олджээ. Тэд орчин цагийн хүн төрөлхтөнтэй харьцуулахад тархины хэмжээ нь 1/3-тэй тэнцэхүйц, метр орчим өндөртэй ч чулуу ашиглаж, заан агнадаг байсан гэж үздэг.

Эрдэмтэд хоббитууд газар нутгийн онцлогоос шалтгаалан улам бүр жижгирсэн ба магадгүй лузоненсисуудад ч ийм зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй гэжээ. Мөн тэд “Уг олдвор эрт дээр үед хүний дүрст амьтад Зүүн Өмнөд Азид нүүдэллэн ирсний томоохон баталгаа” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Лусоны хүн” энэ арал дээр хэрхэн ирсэн, мөхөж устсан хүмүүсийн ямар төрлүүд энэ хүний ойрын төрөл байж болох талаар судлах шаардлагатай байгааг ч мөн онцолжээ.

Сануулахад, өнгөрсөн онд Лусон арлаас чулуун зэвсэг, чулуун зэвсгийн ул мөр бүхий хирсний яс олсон талаар эрдэмтэд мэдээлж байлаа. Тэдгээрийн насжилтыг ойролцоогоор 700 мянган жил гэж тогтоож байсан бөгөөд үүнээс өмнө арал дээрх эртний уугуул суугчид нь 67 мянган жилийн өмнө Каллао агуйд суурьшсан хүмүүс гэж тооцож байв.

Өмнө нь эрдэмтэд дээрх олдвороос гадна хүний гурван өөр төрөл зүйлийг амжилттай илрүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *