Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.04.09/ хуралдаан 15.07 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.
БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан ба үүнд: “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд …20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт албадан шахуу гаргасан байна. Хууль болон хууль хэрэгжүүлэхээр гаргасан холбогдох шийдвэр нь дээрх насны эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан буюу хөдөлмөрлөх эрхээ эрт хасуулж, олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болжээ хэмээн хууль санаачлагчид үзэж буй аж. Хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон дээрх эхчүүдээс 15.4 мянган эхчүүд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа нь анх тогтоолгосон эхчүүдийн 46 хувь нь юм байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 1990 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоохоор заасны дагуу тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээгүй ч хүүхдийн тоогоор насны тэтгэвэр тогтоолгож одоог хүртэл авч байгаа эхчүүд болон 1997 оны 2 дугаар сараас өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хамаарах ажээ.
Нийгмийн даатгалын газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300,0 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа юм байна. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачилсан хэмээн танилцуулгад дурдсан. Засгийн газар дээрх хуулийн төслийг хэлэлцээд хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал ирэх нь тодорхой байгааг тэрбээр дурдаад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхдээ гишүүдийн гаргаж буй дээрх саналыг тусгах боломжтой гэж Засгийн газрын хуралдаанаар үзсэн гэж мэдээллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн үйлчлэлд хэдий тооны хүн хамрагдах, тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэдий хэрийн мөнгө шаардлагатай талаар лавлаж байлаа. Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийг тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.