Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын байгуулсан “Аримун” продакшны анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм. Уг киноны талаар болон уран бүтээлийнх нь тухай жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Танай продакшн анхны бүтээлээ дэлгэцэнд гаргасанд баяр хүргэе?
-Маш их баярлалаа, яг одоо “Өдрийн сонин”-ыг уншиж байгаа бүх уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Аримун” продакшны зүгээс аз жаргал, амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
-Хэд хоногийн өмнө “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг үзсэн юм. Таны хоолойг сонссон чинь шууд Сааралаа санагдаж байна?
-Тийм үү (Инээв).
-Жүжигчин хүн аль нэг дүрээрээ хүний зүрх сэтгэлд ингэж хүрнэ гэдэг сайхан байх шүү. Та шинэ кинондоо ямар дүр бүтээв?
-“Халуун зүрх” кинонд би Содгэрэл гэж дүр бүтээсэн. Үзэгчид үзээд шүүх байх аа. Нэг талаасаа хүүгийнхээ төлөө зүтгэж байгаа эх. Нөгөө талаасаа эрх мэдэл, эд хөрөнгөнд шунаж байгаа эмэгтэй. Хүн эд хөрөнгө, эрх мэдэлд хүрэх тусмаа улам их шунадаг. Хүн сэтгэлээ алдаад ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрч, ямар ч хамаагүй аргаар баяжихыг хүсдэг. Тийм зүйлийг харуулдаг дүр дээ.
-Бидний амьдарч байгаа нийгэм дээрээсээ авахуулаад доороо хүртлээ хүйтэн зүрхтнүүдээр дүүрсэн болохоор л та бүхэн кинондоо “Халуун зүрх”-ийн талаар дуугарсан, нийгмийг бүлээсгэх гэж оролдож буй уран бүтээлчид гэж ойлгоод байна. Зөв үү?
-Энэ уран бүтээл жүжигчин Д.Ганцэцэг гэдэг хүний ханьдаа зориулж хийсэн бүтээлээс үүссэн. Үүсэл нь тэр. Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёр “Аримун” продакшнаа байгуулаад ямар бүтээлээр уран бүтээлийн ажлаа эхлүүлэх вэ гээд олон санал гаргаж, хэлэлцсэн. Манай Гануухай (Жүжигчин А.Ганчимэгийг хэлэв.сурв) хоёр ч кино зохиол бичээд бэлэн болгочихсон байсан юм. Тэгснээ “Ерөөсөө Ганаа эгчээ таны ханьдаа зориулж кино хийнэ гэж надад ярьж байсан санаа тань зөв юм биш үү дээ. Эхнийхээ уран бүтээлийг энэ санаагаар хийе. Тэнгэрээс таны хань харж байгаа юм чинь” гэсэн. Би бодохдоо, анх удаа бүтээл найруулах гэж байна, ханьдаа зориулж хийнэ гээд тав, зургаан жил бодож байсан юмаа ажил болгоно гээд муу хийчихвэл, муухай болгочихвол яана гээд харамсалтай санагдаад эргэлзэж байсан. Гануухай “Та битгий эргэлз. Таны ярьж байсныг би буулгаад ирье” гээд долоо хоногийн дараа надад анхныхаа хар зургийг үзүүлсэн юм. Үнэхээр гоё болсон байсан, Гануухайгийн бичсэн зохиол. Тэгээд л “Энүүгээр л хийе” гээд хоёулаа ярьж байгаад засвараа оруулсан юм. “Халуун зүрх” гэх энэ бүтээлийг минь үзэх юм бол сэтгэл дотор минь нуугдаж, хадгалагдаж явсан маш их харуусал, гуниг бас баяр жаргал, инээд, хайр гээд бүх юм багтсан. Дээр нь би маш сайхан хайрыг үзсэн эмэгтэй гэж боддог, өөрийгөө. Хэдийгээр бодит байдал дээр мөнх бус ч гэсэн бодит бусаар энэ хайр миний сэтгэлд үргэлж мөнх оршиж байгаа. Тэр утгаар нь Гануухай маань “Халуун зүрх” гэж нэрлэе гэсэн. Өөрөөр хэлбэл, таны асуусан шиг хүйтэн зүрхтэнүүд олширсон өнөөгийн нийгэмд халуун зүрхтэй байгаасай. Хүн болгон хайраа нандигнаж, ариун нандинаар нь хадгалаасай гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн юм. Бидний бүтээсэн киног үзвэл үнэхээр л хайрандаа үнэнч, тэр хайрыг маш ихээр нандигнаж чаддаг, хамгаалж чаддаг, энхрийлж чаддаг тийм сайхан хайрын тухай гарна.
-Тэгвэл бүх хүн үзэх ёстой кино болж таарлаа?
-Кино театрууд гаргах гэж байгаа киногоо эхлээд өөрсдөө үзээд үзлэг хийдэг л дээ. Үзлэгээ хийгээд Гануухай бид хоёрт халуун баяр хүргээд “Бүх насныханд зориулсан уран бүтээл байна” гэж хэлсэн. Кинонд тоглосон отгон хүү Хангалын минь бүтээсэн дүрээр хүүхдүүд маш их зүйлийг ухаарах болно гэж кино театрынхан хэлсэн. Дээр нь уран бүтээлийг зөвхөн үзэгчдэд зориулаад зогсохгүй уран бүтээл гэдэг нийгмийн толь байх ёстой, нийгэмд амьдарч байгаа иргэд, хүн бүрт ухаарал, гэгээрэл хайрлах ёстой гэдэг үүднээс, мөн төр засагт ямар нэгэн харанга, дохио болж очих ёстой гэдэг санаагаар бид маш эмзэг сэдэв хөндсөн. Киног маань үзсэн хүмүүс маш ихээр ойлгоно. Монголд энэ өвчин, энэ зовлон, энэ хагацал газар аваад байгаа. Энэ бүхнээс бид төр засгийн дэмжлэгтэйгээр иргэн бүр хүн гэдэг үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байж тулгарч буй аливаа зовлонгоос ангижирч чадах байх аа гэдгийг ойлгуулахыг зорьсон бүтээл.
-Танай киноны багийг харахад их хүчтэй баг бүрдүүлсэн байна билээ?
-Хоёр жилийн хугацаанд ярилцаж байж, маш их бодож тунгааж байгаад гаргасан бүтээл шүү дээ. Тэр утгаараа дүрүүддээ ч маш их анхаарал хандуулсан. Гол дүр буюу миний ханийн дүрийг бүтээх дүр нь Эрдэнэ гэж нэртэй. Энэ дүрд тоглож байгаа жүжигчин ур чадвартай байхаас гадна хувь хүнийхээ хувьд тодорхой хэмжээнд зөв хүн байх ёстой гэж бодсон. Нөгөө талдаа уран бүтээлчийнхээ хувьд рейтинг өндөртэй хүн байх ёстой гэж бодоод Гануухайтайгаа ярилцаад “Фантастик” продакшны найруулагч, УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байхдаа маш олон дүрийг чадварлаг бүтээж байсан Б.Тамирыг сонгосон. Бид хоёрын хувьд юу хүндрэлтэй байсан бэ гэхээр Б.Тамирыг жүжигчнээр ажиллуулахын тулд зөвшөөрүүлэх нь хүндрэлтэй байсан. Б.Тамир маань зохиолоо уншаад “Би зөвшөөрч байна. Гэхдээ би тодорхой хэмжээнд байгууллага удирдаж байгаа хүн. Тэр олон хүмүүсээсээ зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Тэгээд “Фантастик” продакшныхан маань хуралдаад шийдвэр нь гурав хоногийн дараа гарч Б.Тамир маань “Халуун зүрх” кинонд тоглохоор болсон. “Фантастик” продакшны уран бүтээлчдэд хамгийн гол цөм болох найруулагчаа бидний уран бүтээлд жүжигчнээр ажиллахад зөвшөөрсөнд хоёр Ганаа нь баярлаж явдгаа хэлж байна. Б.Тамир энэ дүрийг маш сайхан бүтээсэн. Үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажилласан. Бидний урилгаар жүжигчнээр ажилласан хэдий ч миний хувьд анхны найруулга байсан учраас найруулагчийн ажилд минь маш их тус дэм болсон. Олон олон сцений ард бид хоёртой хамт байсан. Өөрөө зурганд ороогүй байхдаа ч сценүүдийн ард хамт байж, найруулагчийнхаа хувьд дэм болсон.
-Хүүгээ та хориод хориод дийлсэнгүй юу. Эсвэл та тоглуулав уу?
-(Инээв). Буржаакийг би сонгоогүй ээ. А.Ганчимэг сонгосон юм. Бондгор гэж нэртэй байсан юм. Бид хоёр бараг 50 гаруй бондоохой хүүхдийг шалгасан л даа, энэ дүр дээр. Өөрөөсөө эгч буюу киноны гол дүр Анхилуун буюу А.Ганчимэгт дурласан жаахан хүүгийн дүр байхгүй юу. Хэвлүүхэн, том хүн шиг ярьдаг хүүхдийн дүр л дээ. Олон бондгор хүүхдүүдийг цуглуулаад болоогүй юм. тэгээд А.Ганчимэг “Көк (Б.Хангал) чадна аа” гэсэн. Би эргэлзээд байсан. Тэгээд нэг өдөр проб хийсэн хэсгүүдээ Көкөөр цээжлүүлчихээд утсаараа бичлэг хийгээд Гануухай руу явуулсан чинь “Яг мөн байна, Ганаа эгч ээ, та битгий эргэлз. Яг болно” гэлээ. Тэгтэл дүр нь Бондгор нэртэй байдаг. Хүү маань туранхай байдаг. Тэгсэн чинь Гануухай “Үсийг нь буржийлгаад Буржаак болгочихъё” гэсэн. Тэгээд л хүүгийнхээ үсэнд хими хийлгээд Буржаак гэдэг дүрд тоглуулсан л даа. Миний хүү үнэхээр сайн тоглосон. Өөрийг нь сонгосон А.Ганчимэг эгчийнхээ итгэлийг алдаагүй, сайн тоглосон гэж бодож байгаа.
-Хүмүүст ойрын үед үзэх нэг шинэ кино нэмэгджээ гэж бодож байна?
-Би боддог юм. Хүн болгоны сэтгэл, зүрхэнд маш нандин, үнэн, ариун хайр үргэлж байж байдаг. Тийм ээ. Одоо цаг дээрээ ч оршсоор байдаг. Ийм хайрыг үргэлжийн, мөнхийн, яг одоо чигээр нь, халуунаар нь байлгаасай гэж боддог юм. Тийм байлгахын тулд хоёр хүн хоёулаа бие биендээ маш их хүндэтгэлтэй, маш их итгэл дүүрэн хандах ёстой болов уу. Зүрх нь үргэлж халуунаараа байгаасай. Миний үргэлж баримталдаг зарчим бий л дээ. Хүн нэгдүгээрт, өөрийгөө хайрладаг байгаасай. Яагаад вэ гэвэл бид бусдыг хайрлаж байна гээд л бусдын төлөө өдөр шөнөгүй зүтгээд, өөрийн эрүүл мэнд, өөрийн хүсэл сонирхол, дур хүслээ үргэлж хоёр, гуравт тавьдаг. Өнөөдөр та эрүүл мэндээрээ маш сайн байж байж, та ажил үйлсдээ манлайлагч байж байж, та өөрөө өөртөө эзэн нь байж байж өөртөө хайртай бүх хүнийг хайрлаж чадах хүчтэй болж чадна. Тийм учраас хамгийн нэгдүгээрт өөрийгөө хайрлаж байгаарай. Эрүүл мэндийн боловсролд маш ихээр суралцаасай. Өөрийгөө хайрласан цагт та бусдад үргэлж хайр түгээх чадалтай болно гэсэн үг. Зүрхээ халуунаар нь, сэтгэлээ дулаанаар нь үргэлж инээмсэглэл дүүрэн амьдраасай гэж ерөөе.
Манай киног үзээд үнэн хайр гэж ямар аугаа байдаг юм бэ гэдгийг Эрдэнийн дүрээс харах болно. Манай киноны бүх эрэгтэй дүр үнэхээр сайхан, гайхалтай эрчүүдийг харуулсан. Одоо цагт эрчүүдийг их доош нь хийдэг болсон. Эрчүүд маань эр хүн шиг байхаа болилоо гэж их ярьцгаах болсон л доо. Миний бодлоор маш олон эрчүүд эр хүний мөн чанараа хадгалаад байж л байгаа гэж боддог. Тэр ч утгаараа энэ кинонд гарч байгаа ялангуяа эрэгтэй дүрүүдээ эр хүний мөн чанарыг харуулсан сайн, сайхан дүрүүдээр харуулахыг хичээсэн. Ирээдүйд аав, эцэг болох, ирээдүйд өрх толгойлох залуус олноороо үзээсэй. Кинон дээр гарч байгаа Ням, Билэгт, Эрдэнэ шиг, бас тэр Буржаак шиг тийм зөв эрчүүд байгаасай.