Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (АмЧам) гурав дахь жилдээ Ментор өдөрлөг буюу зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Өнгөрсөн бямба гаригт уг өдөрлөг болж, их дээд сургуулийн төгсөх ангийнхан оролцлоо. Оюутнуудад Хаан банк, Эм-Си-Эс, Ард санхүүгийн нэгдэл гээд томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд лекц уншиж, ажил мэргэжлийн амжилтаа хэрхэн эхлүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм. Энэ үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Ойбек Халиловтой цөөн хором ярилцлаа.
Ойбек Халилов: САНХҮҮ,
ЗАСАГЛАЛЫН ХУВЬД ИЛ ТОД БАЙСАН ЦАГТ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРНЭ
-Америк, Монголын худалдаа, бизнесийн салбарт сүүлийн үед ямар өөрчлөлт гарч байна вэ. та бүхний зүгээс ямар ажлууд хийж байгаа вэ?
-Монгол дахь Америкийн худалдааны танхимын гол зорилго нь хоёр орны бизнес, худалдааны харилцааг хөгжүүлэх юм. Мөн Монголд бизнесийн таатай орчинг бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх үйл ажиллагаа явуулдаг. Үүний хүрээнд бид Монгол Улсын Засгийн газартай бодлогын түвшинд нягт хамтран ажилладаг. Ямар хууль тогтоомж гаргах шаардлагатай вэ, яавал гадаад хөрөнгө оруулагч Монголд орж ирэх вэ гэдэг дээр хамтардаг. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд одоо өрнөж буй санаачилга нь Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барьчихсан. Энэ хууль батлагдсанаар Монголын ноолууран бараа бүтээгдэхүүн Америкийн зах зээл дээр гаалийн татваргүй орох боломжтой болно. Тиймээс энэ тал дээр Конгресст болон бусад холбогдох байгууллагуудад лобби хийж байгаа. Монголын ноолууран бүтээгдэхүүн Америкийн зах зээлд гарахаас гадна Америкийн хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх боломж энэ хууль батлагдсанаар бий болох юм. Энэ хуулийн төслийг энэ онд батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Конгресст хууль батлах процесс их удаан явагддаг. Өнгөрсөн оны сүүлээр Конгрессийн сонгууль болж, гишүүд солигдсон. Тиймээс Конгрессийн шинэ гишүүдэд энэ хуулийг таниулах хэрэгтэй болсон.
-Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд манай дотоодын компаниудад дутагдаж буй зүйл юу вэ?
-Хамгийн чухал нь ил тод байдал. Энэ нь санхүү, засаглалын хувьд ил тод байхыг хэлж байгаа юм. Ингэснээр бизнес шударга ёс зүйтэй явж эхэлнэ. Зөвхөн компаниуд ч биш, Засгийн газарт ч гэсэн энэ байдал хэрэгтэй. Хууль боловсруулах үйл явц, бүх төрлийн үйл ажиллагаа ил тод байсан цагт бизнесийн салбарт ахиц гарч, харилцан итгэлцэл бий болно. Үүнийг бид бизнесийнхэн, хөрөнгө оруулагчиддаа үргэлж хэлдэг. Мөн дэлхий даяар цахимжиж байна. Цахим ертөнцийн шинэ технологитой хөл нийлүүлж алхах хэрэгтэй.
-Хөдөө орон нутагт ихэнх ажлын байрыг уул уурхайн салбар бий болгодог. Орон нутаг дахь ажлын байр бий болгох өөр ямар боломжууд байна вэ?
-Чухал асуулт тавилаа. Үүн дээр уул уурхайгаас гадна эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь зүйтэй. Бидний харж буйгаар Монгол Улс нэмүү өртөг шингэсэн органик бүтээгдэхүүн мах, цагаан идээ, тэр дундаа бяслагийг экспортлох асар их боломжтой. Ингэснээр хөдөө орон нутагт ажлын байр бий болох боломжтой. 1990 оны өөрчлөлт шинэчлэлээс хойш хувьчлалын үйл явц эрчимтэй өрнөсөн. Энэ нь тэгш бус байдлыг бий болгосон. Өмнө нь хөдөө орон нутагт ажиллаж байсан хүмүүс малаа хаяад хотод орж ирсэн. Хотод орж ирээд ажлын байр бий болгож чадаагүй. Харин гэр хороолол улам тэлж агаарын бохирдол гэх мэт бусад нийгмийн асуудлуудыг бий болгосон. Тиймээс хөдөө орон нутагт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. Манай танхимын гишүүнчлэлд нэг бяслагны үйлдвэр бий. Орон нутагт цагаан идээ боловсруулдаг хүмүүсийн бяслагийг худалдаж аваад түүнийгээ нэмүү өртөг шингээж дахин боловсруулаад гадагшаа экспортолдог. Ийм байдлаар ажиллах боломжтой гэв.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХӨГЖИХИЙН
ХЭРЭЭР ХЭДЭН САЯ АЖЛЫН БАЙР ҮГҮЙ БОЛНО
Уг өдөрлөгийн үеэр “Infinite solutions LLC” компанийн үүсгэн байгуулагч Б.Габит хүрэлцэн ирж, хиймэл оюун ухааны хөгжлийн талаар лекц уншсан юм. Уг компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд IT бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Б.Габит нь Монголд Хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэн байгуулж, эрдэмтэн судлаач, компаниудтай хамтран хиймэл оюун ухааны туршилт хийж байгаа гэнэ. Түүнчлэн хиймэл оюун ухааны чиглэлээр ахлах сургууль байгуулж амжжээ. Ингээд түүний лекцийн тэмдэглэлийг хүргэж байна.
Artificial Intelligence товчоор AI-ийг орчуулбал хиймэл оюун ухаан юм. Хиймэл оюун ухааны дараагийн хувьсгалыг 2000 оны дундаас эхэлсэн гэж үздэг. Америкийн эрдэмтэд, тэр дундаа “Google” энэ хувьсгалд том нөлөө үзүүлсэн. Artificial Intelligence буюу хиймэл оюун ухааны өнөөдрийн хөгжлийн хамгийн тод жишээ deep learning юм. Энэ нь яг хүний тархины зарчимаар ажилладаг хиймэл оюун ухаан юм. Өмнө нь үүнийг хэрэгжүүлж чадаагүйн учир нь компьютерийн хүч хангалттай хурдан байгаагүйгээс гадна дэлхий дээр одоогийнх шиг ийм их дата байгаагүй. Мөн энэ салбарт тийм их эрдэмтэд байсангүй. Deep learning буюу тархины зарчим дээр ажилладаг гэдэг дээр тайлбарлья. Компьютерт байг онож оноо авдаг тоглоом тоглуулахад эхний 100 удаа тоглохдоо бүх онох ёстой байгаа алдсан. 400 удаа тоглохдоо байгаа онож, оноо авч эхэлсэн. 600 удаа тоглосны дараа маш хялбар аргаар оноо авахаас гадна нэг ч алдахаа больсон. Нэг ёсондоо байг онохдоо өөр арга, стратеги шинээр боловсруулж өөрийгөө зовоохгүйгээр оноо авч чаддаг болсон юм. Тэгэхээр ингэж хөгжиж, тоглоом тоглож чаддаг болсон нь сая сая датаг компьютер цуглуулж чадсантай холбоотой.
Америкийн эрдэмтэд маш их зургийг датан дээр оруулж байна. 2010 онд хиймэл оюун ухаан хоорондоо тун төсөөтэй зургуудийг ялгахдаа 30 хувийн алдаатай таадаг байсан. Хүн ийм зургийг ялгаж таахдаа дунджаар таван хувь алддаг. Тэгсэн 2017 онд дата ихэссэний хэрээр хиймэл оюун ухаан улам хөгжиж хүнээс бага алддаг буюу 2.7 хувь алддаг болсон. Үүнээс гадна хүн гар утастайгаа ярьж, команд өгдөг технологи бидний амьдралд хэдийнэ нэвтэрсэн. Энэ технологи хүн үгийг яаж ч хэлсэн ойлгодог болчихсон. 2010 оны байдлаар хүний үгийг сонсож ойлгохдоо 8.5 хувь алддаг байсан. Харин өнөөдөр 4.9 хувь алддаг болсон байх жишээтэй.
ДЭЛХИЙД БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ЯМАР
ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРЖ БАЙНА ВЭ
Америкийн Пеннсилвани мужид өөрөө явдаг машиныг турших эхэлсэн. 2012 оны байдлаар энэ машин секунд тутамд нэг алддаг байсан. Та ийм машинд суухыг хүсэхгүй нь ойлгомжтой. Нэг минут явахад 60 удаа юм мөргөх нь байна шүү дээ. 2017 оны байдлаар алдаа нь жилд нэг удаа гардаг болсон. Америкт жилд дунджаар авто ослоор 30 мянган хүн нас бардаг бол энэ тоог жолоочгүй машин 90 хувиар буулгах боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл хүн хамгийн их алдаа гаргадаг. Одоо 2019 онд илүү өндөр түвшинд очсон байх.
MIT-гийн Бакстер гэж робот бий. Уг роботод тодорхой давтамжтай үйлдэл заагаад өгөхөд өөрөө тэр ажлыг хийдэг болчихдог. Хүн 24 цаг ажиллах ямар ч боломжгүй. Харин робот 24 цаг ямар ч зогсоо зайгүй ажиллах бүрэн боломжтой.
2030 ОН ГЭХЭД AI ДЭЛХИЙН ЭДИЙН
ЗАСГИЙГ 16 ТРИЛЛИОН АМ.ДОЛЛАРААР ӨСГӨНӨ
Эдгээрээс харахад хиймэл оюун ухаан гайхалтайгаас гадна дэлхий нийтэд огцом өөрчлөлтийг авчирна. Харин хүн төрөлхтөнд ямар айдас, асуудлуудыг авчирах вэ гэдэг талаар ярилцъя. Миний харж буйгаар гурван том асуудал харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, ажлын байр. Робот давтамжтай хийгддэг ажлуудыг бүгдийг нь хийдэг болно. Хоёрдугаарт, судалгаагаар аваад үзэхэд 2030 он гэхэд AI дэлхийн эдийн засгийг 16 триллион ам.доллараар өсгөнө гэж тооцсон байдаг. Энэ нь томоохон эдийн засгийн боломжийг бий болгоно гэсэн үг юм. Гэхдээ энэ эрх тэгш хуваагдаж чадах уу, баян хүмүүс нь бүр баяжиж, энгийн ажилчид өөрсдийн ажлын байраа роботод алдаж доройтох уу гэдэг том айдас бий. Гуравдугаарт, технологи бүр хурдтай хөгжинө. Шинэ боломжууд өдөр болгон гарна. Компаниуд тэр хурдыг гүйцэж чадах уу. Өнөөдөр ажлын байрны хомсдол дээр төвлөрье. Түүнээс өмнө хамгийн түрүүнд өөрсдөөсөө асуух нэг асуулт бий. Амьдралын утга учир юу вэ гэдгээ машин ярихаасаа өмнө ойлгох хэрэгтэй. Хуучны жишээнүүд дээр ярихад сургуульдаа сайн дүн авахад болдог. Ингээд сургуулиа төгсөөд гараад ирэхэд сайхан амьдарч чаддаг байсан. Аль эсвэл ажилдаа цагтаа ирдэг байх юм бол чи сайн гэсэн үнэлгээ авдаг байсан. Гэтэл өнөөдөр чи юу ч хийж чадахгүй байвал дүн ямар ч хэрэггүй. Чадвар дүнгээсээ илүү чухал. Цагаар ажиллаад ямар ч хүсэл мөрөөдөлгүй амьдарч байвал энэ аз жаргал мөн үү. Гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байгаа бол энэ ажлыг хийх ямар утга учиртай юм бэ гэдэг асуултыг бие биеэсээ асуумаар байна.
Тодорхой давтамжтай юм хийдэг ажлын байрыг авч үзвэл жишээ нь Энэтхэг улсад дуудлага хүлээн авдаг төвд хэдэн сая хүн ажилладаг. Хэдэн сая хүн ажиллаж байхад тэдэн дээр ирж буй хэрэглэгчдийн дуудлагын 90 хувь нь ижилхэн шалтгаантай байдаг. Нэг ёсондоо 90 хувь нь ижилхэн зүйл лавлаж асуудаг гэсэн үг. Энэ ажлын байрыг AI бүрэн орлох ойлгомжтой.
Харин асрамжийн газарт робот асрагчаар ажиллах ямар ч боломжгүй. Хамт юм яриад суух хүн байх нь хамаагүй дээр. Тийм болохоор илүү сэтгэл шаардсан ажлын байранд AI хүн хоёр хоорондоо хослох нь байна. Яагаад гэвэл хүн урдаа гарч голлох ажлаа хийх бол AI давтамжтай байдаг ажлуудыг хийх юм. Дэлхийг өөрчилөхөд нөлөөлдөг, стратеги, дараагийн алхамаа харж чаддаг хүмүүсийг AI орлох үнэндээ боломжгүй. Яагаад гэвэл хиймэл оюун ухаанд та нэг л даалгавар өгнө. Хүн хэдэн хувьсагчаас шийдвэр гаргадаг учаас бүтээлч ажлын байранд тохиромжтой. Харин өдөр тутмын ажилд нь AI тусламж үзүүлэх байдлаар ажиллаж болно. Гэхдээ хүн урдаа гараад ажиллаад явна гэсэн үг. Энэ дэлхийг яг бүрэн өөрчилдөг хүмүүс нь эрдэмтэд, артист, инженерүүд юм. Энэ хүмүүс дэлхийг өөрчлөлт рүү аваачдаг. Ийм хүмүүсийг AI-аар орлуулахад хүндрэлтэй. Ийм дүр зураг харагдаад байгаа юм.
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ
ХИЙЖ ЭХЛЭХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРЧ ҮЛДЭХ АЮУЛТАЙ
Одоо бид дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж харж байна. Эхнийх нь эрдэмтэн мэргэд, томоохон байгууллагууд хамтран ажиллаж туршилтуудаа хийгээд эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирээдүйд бид дэлхийн хөгжлөөс хоцорно. Хоёрдугаарт, боловсролын системд огцом өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол дүн тавьж, цагаа бүртгүүлдэг системтэй хэвээр байвал уучлаарай, хэдийнэ хоцорчихсон явж байна. Гуравдугаарт, дэлхийн шилдэгүүдээс бид суралцах хэрэгтэй. Энэ чиглэлд хамгийн түрүүнд яваа хоёр улс болох Америк, Хятадаас суралцах хэрэгтэй юм. Дөрөвдүгээрт, инновацийг хөгжүүлэх шаардлагатай.
Бид эрдэмтэдтэй хамтран Монголын хиймэл оюун ухааны хүрээлэн байгуулсан. Туршилтуудаа хийж, MIT их сургуулийн профессоруудтай хамтраад эхэлсэн. Боловсролын систем дээр дунд сургууль дээр хийх ёстой өөрчлөлтүүдийг багтаасан сургууль байгуулсан. Боловсрол дээр гурван үндсэн зүйл дээр тулгуурлах ёстой. Эхний шаардлага нь хандлагаа зөв болгох юм. Нэг мэдээ сонсонгуутаа чи буруу гэж хэлэх нь буруу. Миний бодлоор, таны бодлоор гэх ёстой болохоос биш олонхын хэлж буй үг хэнд ч хамаагүй. Хоёрдугаарт, асуудал байвал шийд. Түүнээс биш томъёо бодох биш шүү. Томъёог машин аль хэдийнэ бодож чаддаг болчихсон. Томъёог цээжлээд амьдрал дээр ямар ч хэрэггүй болох цаг хаяанд ирчихсэн. Гуравдугаарт, дунд сургуулиа төгсөөд амьдрах чадвартай хүүхдүүдийг эртнээс бэлтгэх. Энэ нь дизайнер, программист гээд робот хийж чадахгүй хүний ур чадварууд юм. Энэ бүхний хамгийн суурь ойлголт нь юмыг хэрхэн сурахыг эзэмших явдал юм. Багш ийм даалгавар өгөөгүй гэж хэлж байвал та нар хоцорчихсон явна. Та нар хиймэл оюун ухааны машины урд гарч түүний чадахгүй зүйлийг сурах ёстой.
Хиймэл оюун ухааны хөгжлийг харвал Америк анхдагч гэж болно. Хятад 2017 оноос хойш энэ хөтөлбөрөө эхлүүлсэн. Ингээд AI дээр суурилсан хөгжүүлэлтийг тасралтгүй хийж байна. Өнөөдөр Хятадад төлбөр тооцоо тэр чигээрээ дижитал болчихсон. Гэтэл Америкт дэлхийн дата байгаа бол Хятадад дэлхийтэй тэнцэхүйц дата бий. Яагаад дата чухал вэ гэхээр AI технологийн хамгийн түлш нь учраас юм.
Э.ЯНЖМАА