Categories
мэдээ цаг-үе

Газар газрын “гоогоо” хоолнууд

“Индиана Жонс” кинон дээр сармагчингийн тархийг нэлээн хүндтэй зоог болгон зочдоо дайлдаг хэсгийг анх үзээд “Өө ямар заваан юм бэ” гэж бараг хүн болгон ярвайсан нь дамжиггүй. Гэхдээ Монголд л доо. Мэдээж бид Монголдоо хэзээ ч сармагчингийн тархи идэхгүй байх. Гэхдээ бид сармагчин элбэгтэй газар байсансан бол тархийг нь амтархан идэх нь лавтай. Тэгэхээр орон оронд, үндэстэн ястан болгон өөр өөрсдийн хоолны соёлтой. Яахав, зарим газар бол соёл гэж хэлэхэд тун хэцүү. Үй олон арзайсан өт шарж хуураад идэхэд юу нь соёл байх вэ л гэх байх. Хүн төрөлхтөн галыг эзэмшиж, хоолоо болгож иддэг болсноор идэш тэжээлийн хувьд үнэхээр супер дэвшилд хүрсэн нь тодорхой. Нэн эртний хүмүүс түүхий мах, ургамлын үндэсхэн түүж иддэг байсны ул мөр нь болох хагас түүхий бүтээгдэхүүн иддэг нь одоо ч хэвээрээ л байгаа. Газар газрын хоолнууд тухайн үндэстэн ястандаа гоё л байгаа. Монголчууд боодог, хорхогонд яаж дурладаг шиг. Дэлхий дээр үнэхээр энийг яаж иддэг байна аа гэмээр “заваан, заваан” хоолнууд хэдэн зуугаараа бий. Тэдгээрээс цөөн хэдийг нь сонирхуулъя.

Австрали тивийн уугуул суугчид болох аборигенчууд энэ хоолыг амтархан иднэ. Вичетти гэх цагаан эрвээхэйн авгалдайг голдуухан түүхийгээр нь идэж орхино. Хааяадаа гал дээр болгож идэх нь иднэ. Гэхдээ энэ авгалдай нь уургаар баялаг. Амтыг нь тодорхойлохдоо нэг тийм түүхий өндгөрхүү амттай гэсэн байх юм. 5-12 см урт энэ авгалдайнаас хэдийг идчихэд хүний өдрийн уургийг өлхөөн хангадаг юм байх. Австралийн уугуул иргэдтэй хамт нэг ширээнд суувал иймэрхүү байдалтай л үдийн зоог барих нь дээ. Яахав, шарж хуурсаныг идээд үзэхэд болохгүй юмгүй. Ер нь эрвээхэйн авгалдайг ганц аборигенчууд ч биш, өөр өөр газрынхан иддэг л юм байна.

Бугыг ялзруулж, өмхийрүүлж иддэг ард түмэн бас байна аа. Зарим эх сурвалжид намаг балчигтай газар хэд хоног байлгаж муутгаж байгаад махыг нь ялзруулж иддэг гэж. Гэхдээ дан буга ч бас биш. Далайн хав, нугас зэрэг амьтдыг ингэж иддэг гэнэ. Гэдсийг нь ухаж гаргаад мөнөөх намаг балчигтаа аваачин бас болоогүй бага сага амт оруулахуйц зүйлийг хийгээд хэдэн долоо хоног дардаг аж. Үнэр танар бол ярихын эцэсгүй байдаг юм байх. Энэ хоолыг эскимосчууд, ненц зэрэг хойд зүгийн хүйтэн газрынхан иддэг. Ийм хоолыг идэж үзээгүй хүмүүсийг болж өгвөл идэхгүй байсан ч болно гэж зөвлөжээ. Ер нь ямар олиг байх вэ дээ. Зүгээр сайхан чанаад, шараад, жигнээд идэж болох юмыг заавал тэгж өмхийрүүлэхээр. Яг иймэрхүү маягийн хоолыг Исландчууд иддэг гэнэ. Тэд өөрсдийнхөө нэгэн үндэсний баяраар уг хоолыг заавал идэх ёстой. Манайхан наадмаар заавал хуушуур иднэ ээ гэдэгтэй адил. Нэгэн төрлийн аварга загасны булчин болон өмхийрч муудсан ходоодоор хийдэг хоол. Яагаад заавал муутгаж байж иддэг вэ гэхлээр уг аварга загасны маханд шээсний хүчил ихээр агуулагддаг юм байна. Тиймээс нутгийнхан ингэж л өмхийрүүлж байж тэр их хорыг нь гадагшлуулдаг аж. Ийнхүү өмхийрүүлж, муутгасны дараа агаарт хэд хоног өлгөж борцорхуу болгоод л иддэг бололтой юм.

Зарим нэгэн хагас зэрлэг гэж болохуйц хүмүүс дэлхийн өнцөг булангуудад амьдарсаар байгаа. Эх газраас алслагдсан арлынханы хувьд идэш тэжээлийн хязгаарлагдмал байдлаасаа болж бараг л юу олдсоноо иднэ. Түүний нэг жишээ бол сарьсан багваахайтай “амтат” шөл. Агуйгаас баахан сарьсан багваахай барьж авчираад элдэв ногоо болон бусад зүйлсээр амтлаад шөл бэлэн болно. Гэхдээ дан ногоо биш. Жимсээр ч мөн амтална. Ийм шөлийг ирсэн зочиндоо хийж өгдөг гэх. Гадил, хан боргоцой, чавга гэх мэттэй хачирлаж идвэл амт гэж ванлий бололтой. Манайхан бол энэ хоолыг яавч идэж дөнгөхгүй байх.

Шарсан харх

Мэрэгч амьтад, тэр дундаа оготно, зурам, харх, хулганыг ер нь олон газар иддэг байх юм. Жишээ нь, вьетнам. Тэд мэрэгч амьдтыг шараад амтлаад шууд иднэ. Ер нь бол түргэн хоол гэхэд болно. Жижигхэн юм болохоор болох нь ч хурдан байдаг гэнэ. Манайхаар бол шаржигнуур тахиархуу юм уу даа. Гэхдээ л харх ч юм уу гэж бодохоор л хоолойгоор давахад хэцүүхэн л хоол. Парагвай улсад дөнгөж төрсөн хархны гөлчгий муугүй үнэтэй хоолонд ордог гэнэ. Гөлчгийг залгингуутаа араас нь сүүгээр, зарим тохиолдолд нутгийн “нэрмэлээр” даруулж хүртдэг хоол аж. Зарим мэдээлэлд гөлчгийг хар шоргоолжны өндгөөр хачирлаж иддэг тухай ч дурдаж. Үнэхээр л байгаа газрынхаа идэж болох бүхнийг иддэг аж. Нэгэнт хархан хоолны тухай дурссан болохоор бас нэг хоолны тухай бичихгүй бол болохгүй байх. Энэ нь хээлтэй харх. Яаж ч бодсон ёстой заваан санагдах нь тодорхой. Хархны гөлчгийг амьдаар нь таваглах бөгөөд тусгай зориулалтын төмөр хатгуураар хатгаж иддэг. Интернэтэд байгаа мэдээллийг нь харвал хархны гөлчгийг нэг дуугарахад нь хатгуураа зоогоод, дахин нэг дуугарахад нь амт оруулдаг дүрлэгт дүрээд, дахиад дуугарахад хазаж иддэг ээ гэж. Ингэж гурван удаа дуугаргах нь нэг ёсны уламжлал гэмээр ч юм уу даа.

Шарсан трантула аалз

Амт шимтээрээ загасны махархуу амттай нэгэн шавьж байдаг нь царцаа. Царцаа бол монголчуудад тун танил. Учир нь ургамлын харшилтай хүмүүс царцаа болон голиог шахаж хамартаа хийвэл харшилд сайн гэж “цуурдаг”. Үнэндээ тийм юм байхгүй ээ гэдгийг анагаах ухаан хэлээд байдаг. Гэвч тоохгүй нь олон. Тэгвэл царцааны нүүдэл их болдог Израиль зэрэг оронд царцааны хуурга хийж иддэг. Тэртэй тэргүй хэдэн саяараа нүүдэллээд, ургамал тариаг нь цөлмөөд байгаа амьтныг яаж зүгээр өнгөрүүлэх вэ дээ. Царцааг бол ёстой утгаар нь боловсруулж иддэг гэнэ. Шарна, жигнэнэ, давсалж дарна, чихрээр бүрнэ гэх мэт. Шоколадан бүрмэлтэй царцааг дажгүй гоё амттай гэж хүмүүс их худалдан авна. Царцаа нь дээр өгүүлсэн авгалдай шиг уургаар баялаг. Тиймээс л хүмүүс дуртайяа амандаа хийдэг байх нь.

Монголчууд тарвага болон ямаа боохдоо халуун чулуу хийж махыг нь болгодог. Гэтэл Гренландын хавийнхан далайн хавны гэдэс дотрыг сайхан цэвэрлэнгүүтээ баахан цахлай чихчихдэг гэнэ. Далайн хав бол нэл өөхтэй амьтан. Нэг ёсондоо хэдэн арван цахлайг өөхөнд боочихлоо гэсэн үг. Гэхдээ цахлайгаа чихэхдээ цэвэрлэхгүй шууд л хийнэ. Тэгээд нөгөө “боодгоо” бүхэл бүтэн зургаан сар хүртэл хугацаагаар газар доор байлгана. Тэгээд за одоо идэх цаг боллоо гэхийн алдад газар доороос гаргаж ирээд цахлайны өд энэ тэрийг нь цэвэрлээд махыг нь түүхийгээр нь иднэ. Энэ хоолоо тэд томоохон баяр цэнгээнийхээ үеэр иддэг ажээ. Яалтгүй заваан талдаа хоол гэхээс өөр аргагүй.

Тосонд шарсан жоом

Зүүн өмнөд Азийн улс үндэстнүүд далайн гаралтай хоолноос эхлээд өт хорхой, нохой шувуу гээд элдэв амьтдыг идэх арвин жортой. Энэ бүс нутгийн нэгэн эвгүй хоол бол трантула хэмээх аалзыг шарж идэх. Хэн ч харсан агзасхиймээр энэ хоолыг нутгийнхан нь их л амтархан иддэг гэх. Аалзнаас гадна хилэнцэт хорхойг бас шарж иднэ. Ер нь хортой амьтдыг шарж байж хоргүйжүүлдэг байх л даа. Бас хулсны өтийг бүүр үржүүлж байгаад шарж иддэг бол зарим газар нугасны өндгөөр нэгэн өвөрмөц хоол хийж иддэг. Тэр нь яадаг вэ гэхээр хөврөл нь бараг өдөлчихсөн, хэзээ мөдгүй шувуу болоход бэлэн өндгийг чанаж иддэг аж. Өндгийг ингэж идэхдээ давсаар амталж, сонгино, сармис зэрэг аагтай ногоогоор хачирлана. Монголчуудын өндөг идэх арга барил бол эдний хажууд хүүхдийн тоглоом доо.

Идэхэд бэлэн болсон аалз, жаран хөлт, эрвээхэйний авгалдай

Бидний идэх дуртай малын чанасан болон шарсан толгойг ер нь л муухай, аймаар гэмээр хоолны жагсаалтад орчихсон тууж явна. Боодог хорхог бол угаасаа байнга л байдаг. Гаднаас ирсэн жуулчид манайхныг боодог хийхээр “пүү паа” болоод явчихдаг. Зарим нь бүүр идэж ч чаддаггүй. Бодвол тэд л монголчуудын иддэг ийм хоол байна аа. Ёстой муухай гэж цацдаг байх. Тэгвэл яг л бидэнтэй адил хонины толгойг чанаж иддэг үндэстэн маш олон байдаг юм байна. За тэгээд хүнд ер нь идэхгүй юм алга даа. Төмрөөс бусдыг л идэж байх шиг. Загасны нүдийг дангаар нь, гахайн бөгсийг багаахан шиг боловсруулаад угааж цэвэрлэхгүй иднэ, жоомны хачир гээд газар газрын хоолны жор арвин юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *