Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНХАУ-ын Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй бадминтоны спортын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тодруулбал, Монголын бадминтон сонирхогчдын холбоо /МБСХ/-ны урилгын дагуу “Афин-2004”, “Бээжин-2008” олимпийн аварга Жан Нин, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй алдарт өдөн бөмбөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулан хөгжүүлэх зорилгоор манай улсад айлчилж байгаа аж.
Тэд МБСХ-нд 200 мянган юанийн бадминтоны тоног төхөөрөмжийг хандивлажээ. Мөн Улаанбаатарт ирсэн олимп, дэлхийн аваргууд /Жан Нинь, Фү Хай Фөн, Ван И Хан/ манай өсвөрийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийж, дурсгалын зураг авахуулжээ.
Өнөөдрийн байдлаар бадминтоны спорт нь 10 гаруй аймаг, хотуудад эрчимтэй хөгжиж, 10,000 гаруй тамирчин, сонирхогчид хичээллэж байна.
Хятадын аваргуудын амжилтыг танилцуулахад, Фү Хай-Фөн нь “Бээжин-2008” мөнгө, “Лондон2012”, “Рио2016” алт, 2006, 2009, 2010, 2011 оны дэлхийн аварга юм. Жан Нинийн хувьд “Афин-2008”, “Бээжин-2008” алт, 2003 оны дэлхийн аварга, 2005, 2006 оны дэлхийн дэд аварга тамирчин аж. Харин Ван И-Хань хэмээх өдөн бөмбөгчин нь “Лондон-2012” олимпийн мөнгөн медаль, 2011 оны дэлхийн аварга юм.