Categories
мэдээ цаг-үе

Ахмад багш Г.Хорлоо: Дэндэвийн Пүрэвдорж найрагчтай нэг бууцанд төрснөөрөө бэлгэшээдэг юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй ахмад багш Г.Хорлоотой ярилцлаа.


-Та чинь Өвөрхангайн Бүрд сумын хүн. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн нэрэмжит сургуульд бүхий л насаараа багшилсан хүн дээ?

-Пүрэвдорж найрагчийн нэрэмжит сургуульд багшлаад зогсохгүй тэр агуу их найрагч бид чинь нэг голын, нэг бууцны хүмүүс юм. Их Эрээний Хажуу булаг гэж уулын шандтай хонд бий. Тэнд би төрсөн. Мөн тэр өвөлжөөнд Монгол Улсын ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж найрагч мэндэлсэн түүхтэй. “Хажуу худагийн буурал хондонд хана шийрлэсэн буурь минь бий” гэж “Эрээн уул” шүлгэнд байдаг нь ийм учиртай. Надад их сайхан санагддаг юм. Пүрэвдорж гуай манай ээжийн үеийн хүн. Ээжтэй хамт Хужиртын арван жилийн сургуульд дээд доод ангид сурч байсан гэдэг. “Сумын наадам” хэмээх алдарт шүлэг нь Хужиртын наадмаас төрсөн гэж өөрөө бичсэн. Бүрднээс хоёулаа очиж сурч байжээ. Ээж Даариймаа минь нэгдлийн мал малладаг аймгийн депутат явсан хүн. “Пүрэвдорж багадаа илүү дутуу үгтэй, дээлнийхээ бүсийг доогуурхан бүсэлсэн хүүхэд байж билээ” гэж ээж минь хэлдэг сэн. Миний бие бага ангийн мэргэжил эзэмшсэн хүн. Их найрагчийнхаа нэрэмжит Бүрд сумын сургуульд 32 жил тасралтгүй ажиллаад насны тэтгэвэртээ гарсан.

-Хаана ямар сургууль төгсөж багшийн мэргэжил эзэмшив?

-1976 онд Архангайн Багшийн сургууль төгссөн. Төгсөж очоод сумандаа бага ангийн багшаар ажилласан. Бага ангийн багшаар хориод жил, хичээлийн эрхлэгчээр арваад жил, сүүлийн найм есөн жил сумын Тамгын газарт албан бус боловсролын арга зүйчээр ажилласан. Багш хэмээх эрхэм алдрыг хүртэхэд олон хүн нөлөөлсөн гэж боддог. Хужиртын арван жилд сурч байхад ангийн минь багш Сүхээ гээд физик математикийн нэртэй багш байлаа. Дуу цөөтэй, аливаад шулуун шударга ханддаг, сайхан хүн. Улсад олон жил ажилласан Хужиртын бахархал болсон багш нарын нэг. Бидэнд монгол хэл, уран зохиолын хичээл зааж байсан Монгол Улсын гавьяат багш Санжаа байна. Тэр хүн л бидэнд монгол хэлний уран яруу эгшиглэн, зохиол бүтээлийн мөн чанарыг ойлгуулж өгсөн. Багш зохиолыг бүтнээр нь яриад, хэлээд өгдөг болохоор бидэнд ном унших эрмэлзэл их төрнө. Уран зохиолын хичээлийн холбогдолтой ном сайн уншина. Есдүгээр ангидаа гадаадын уран зохиолоор шалгалт өгч байв. Гадаадын уран зохиолоос Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай” болон “Үхэвч залуугаараа” гээд номууд байна, мөн Пушкины шүлгүүд байна. Шүлэг найраг их цээжлүүлнэ. Харин Есөнзүйл сумын сургуульд суралцаж байхад Лхам гээд шинэхэн төгсөж очсон багш. Хичээлээ маш сайхан заана. Нэг их гоё намуухан дуутай. Хүүхдүүд чинь багшийгаа гадаад байдлаас нь их хардаг шүү дээ. Лхам багшийн урт хархан үс, үсээ дугуйлаад шуучихдаг чамин байдал, цав цагаан царай нь хичнээн гоё гэж бодно. Мөн Туяа гэж хэл уран зохиолын хичээл ордог бас Лхам багшийн үеийн залуухан багш байсан. Туяа багш маань одоо ч бий. Урт гэзэгтэй, үсээ сүлжээдар нуруу руугаа унжуулчихна. Монгол дээл дандаа өмсөнө, дээл маш гоё зохино. Тэр хүний амнаас гарсан үг бүхэн сэтгэл зүрхэнд хүрч байжээ.

Намайг нэгдүгээр ангид байхад Нопилмаа гэж багш байсан. А үсэг заасан ачит багш минь юм. Мөн л урт үстэй гоё багш. Тэр л сайхан багш нарын минь залуугийнх нь дүр төрх сэтгэлд үлдэж дээ. Энэ хүмүүс шиг гоё багш болж, олон түмний хүүхдэд хичээл заагаад шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээх юмсан бодно. Тэрхүү бодол мөрөөдөл минь намайг амьдралын замд хөтөлсөн. Далан хоёр онд аравдугаар ангиа төгсөөд Архангайн багшийн сургуульд ирсэн. Гарамрагчаа гэж зураг хөдөлмөрийн багш угтаж авсан. Ангид орж ирээд нүдээрээ гүйлгэн харж бүгдийг нэг бүрчлэн бүртгэнэ. “Та нар нүдээ сайн нээ. Сэтгэл харанхуй бол нүд харанхуй гэдэг юм” гэнэ. “Ангидаа орж ирээд хамгийн түрүүнд ангиа нэг бүрчлэн харж бай. Ангийн чинь хогийн сав хогтой байж болохгүй. Хүүхдүүдтэй ажиллаад л хичээлээ заагаад байдаг. Гэтэл ангийн хогийн сав нь хогоор дүүрсэн байхыг анзаараагүй бол ямар байх уу” гэж асуудаг одоо ч санаанд байдаг. Энгийн юм шиг хэрнээ маш үнэн үг хэлдэг байв. Хэл уран зохиолын Надмидцэдэн, математикийн Дэмбэрэл, орос хэлний Түвдэндорж, хөдөлмөрийн Гончиг гэж сайхан багш нарыгаа дурсмаар байна.Тэдний хүчинд л би багш гэдэг алдрыг нэр төртэй авч гарсан байх.

-Архангайн багшийн сургуулийг төгсөөд Бүрд сумандаа очсон гэдэг. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Далан зургаан онд төгсөөд очиход нэгдлийн малчдын хүүхдүүд ид суралцаж байв. Сургуулийн дотуур байр 300 гаруй хүүхэдтэй. Мэдээж ихэнх нь малчдын хүүхэд. Нэгдүгээр ангид орсон сурагчаа гуравдугаар анги төгсөхөд нь аав, ээжийг нь мэддэггүй байсан. Нөгөө малчид чинь малаа маллаад хүүхдийнхээ багштай ирж уулзах завгүй. Бид бас хөөцөлдөөд явж амжихгүй. Сурагчдын амралт болохоор эрэгтэй багш нар хүүхдүүдийг хуваарилж аваад нэгдлийн машинд суулгаад гэр гэрт нь хүргэж өгнө. Амралт нь дуусахаар гэр гэрээс нь очиж авна. Орчин үетэй адилхан ариун цэвэр сахих нь хэцүү, багш нарт хүндрэл гарна. Нийгэм цаг үе нь ч тийм байж дээ. Эмэгтэй хүүхдүүд үс толгойгоо самнаж чадахгүй, бөөстөнө. Би амралтын ганц өдрөөр байрныхаа хүүхдүүдийн үс толгойг цэвэрлэж өгөөд орой ирж өөрийнхөө хүүхдүүдийг ус цасанд оруулдаг байсан. Мөн цагаан сараар малчдын хүүхдийг тараахгүй, байрандаа байна. Битүүний орой гэртээ бууз жигнээд цай чанаад байрны хүүхдүүдийн цагаан сарыг нь тэмдэглэнэ. Шинийн нэгэнд багш нар хоёр цагийн зайтай жижүүр хийнэ. Байрны хүүхдүүдэд цагаалга аваачиж өгнө. Хэвийн боов хүүхдийн тоогоор өгнө, тэгээд л дараа нь гэртээ золгуутаа хийдэг байсан. Гэр орноосоо хол байрны хүүхэд гэлтгүй тэр үеийн хүүхдүүд сурлага сайтай байсан. Инээд хөгтэй ганц нэг жишээ хэлье л дээ. Манай ангид “Ү” үсэг тогтоодоггүй Б.Цэцэнбилэг гэж охин байсан. Аргаа ядахдаа “Ү” үсэг чинь үхэр гэдэг үгний эхэнд ордог. Чи хөдөөний хүүхэд үхэр сайн мэднэ. Үхэр гээд хэлэхээр “Ү” үсэг эхэнд нь уншигдаж байгаа биз. Ү үсгээ мартвал үхрээ санаарай” гэж хэллээ. Маргааш нь уншуултал байдаггүй шүү. Ү үсгэн дээр ирээд чимээгүй болчихов. Тэгээд над руу харж байснаа “үхэр гэдэг үсэг” гэж хэлээд ангийнхныхаа инээдийг хүргэж байсан. Орой хичээл тараад явахад нь хүүхдүүдийг үсгийг нь заавал уншуулж явуулдаг байлаа. Хананд хадсан том үсэгнүүдийг унштал нэг хүүхэд эхнээс нь дуржигнатал уншлаа. Тэгээд Й үсгэн дээр ирснээ бүдэрч хэсэг зогссоноо “тал и” гэдэг юм. Бас л бөөн инээдэм. Хүүхэд ер нь үсгээ нэг л тогтоогоогүй бол огт тогтоодоггүй, хэцүү.

-Албан бус боловсролын арга зүйч байх сан тухай та түрүүнд хэлсэн. Түүнийгээ жаахан тодруулаач?

-Цэрэгт явах насны залуучуудад хичээл заасан минь мартагддаггүй. Бичиг үсэг заахаас гадна эрүүл мэндийн боловсрол, хууль эрх зүйн боловсрол гээд бүхнийг орно. Амьдрах ухааны боловсролыг ч олгодог байлаа. Тэд маань“Сургуулиас гарчихсан хонь хариулж явахдаа яаж ном суръя даа гэж боддог байлаа” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлдэг байсан. Яаж ном уншиж сурах тухай ижий аавдаа хэлэхээр “Одоо юу гэж сурахав дээ” гэж хэлдэг шиг байгаа юм. Тэднийг өрөвдөж л байсан. Хүн харахаар том эрчүүд. Тийм хэрнээ бичиг үсэг мэдэхгүй. Хүүхдүүдээс ичээд бичих зүйлээ хичээл дээрээ давтаад, унших зүйлээ гэртээ давтдаг сан. Тэр залуучуудын нүүрийг хагалан авьяасыг нь бага ч болов нээж, олны дунд оруулж ирсэн маань үнэтэй санагддаг. Албан бус боловсролд ажиллаж байхдаа бичиг үсэг эхлэн сурагч хүүхдүүдэд зориулсан математик, монгол хэлний жижигхэн сургалтын ном бичиж байсан. Тэр үед компьютер гэж байхгүй, олшруулах зүйл байхгүй гараараа бичсэн. Ази, Номхон далайн орнуудын албан бус боловсролын чуулган Бээжинд болсон юм. Уг чуулганы төлөөлөгч хүмүүс миний тэр номыг аваад явж л дээ. Тайландын билүү эрдэмтэн багш “Энэ багшид олшруулах машин өгөх юм сан. Гараараа бичсэн байх юм” гээд миний тэр эхлэн сурагчдын гарын авлагыг магтсан байдаг.

-Залуухан багш ирж байхад сургуульд үлгэр авмаар сайхан багш нар олон байдаг даа?

-Тэгэлгүй яахав. Гунгаажавын Гомбосүрэн гэж физик математикийн хүндэт багш байна. Биднийг дөрөвдүгээр ангид суралцаж байхад багшилж байсан. Мөн дөрөвдүгээр анги төгсөхөд Ламганжавын Гомбожав гэдэг монгол хэл, уран зохиолын багш бага сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Тэр хоёр маань сургууль төгсөөд багшийн диплом өвөртлөн ирэхэд хичээлээ заасаар л угтсан. Багш гээд сургуульдаа иртэл багш нар минь байж байхаар өөрийгөө сурагч юм шиг бодно. Багшийгаа ямар нэгэн юм хэлбэл сурагч нь юм шиг үг дуугүй дагана. Багш нар гэдэг хэзээд ч мөнхийн багш нар байдаг юм байна гэж тухайн үед бодогддог байсан. Хичнээн нөмөр нөөлөгтэй санагддаг байв. Он жилийн дараа миний шавь нар төгсөөд багш болоод ирэхэд би мөн хичээлийн эрхлэгч хийгээд сургуульдаа угтсан. “Багштайгаа хамт ажиллах гоё юмаа” гэж шавь багш нар минь хэлэхэд залуухан багш ирж байх үе минь санаанд орж байсан даа. Осорхүүгийн Цэцэгмаа гэж монгол хэлний, Батжаргалын Ганбат гээд дуу хөгжмийн багш нар төгсөөд ирж билээ. Манай сургууль чинь ахмад үеэ машид хүндэтгэдэг бичигдээгүй хуультай. Тэтгэвэрт гарсан багш нараа баяр бүхнээр заавал урина. Хаана ч явсан холбоо хэлхээгээ таслахгүй. Удирдлагуудын сайхан чанар юм даа.

-Таны шавь нар гэвэл мянга мянган хүн бий байх?

-Өө, түүнийг тооцолохын аргагүй.Сум орон нутгаа гээд бодоход л сумын Засаг дарга Гомбодоржийн Баярмөнх миний шавь. Хошин урлагийн Төөтөө байна. Аав нь математикийн багш Довдон, ээж нь эх баригч эмч Дарьсүрэн. Өвөрхангайн Эрүүлийг хамгаалах газрын дарга Даажамбын Шиваанүрдэв байна. Төөтөө тэр хэд нэг анги юм. Улсын аварга малчин Гомбожавын Золжаргал байна. Бүгд л сайн сайхан амьдарч явна. Одоо ч тэгээд шавь нар минь түрүүчээсээ тэтгэвэртээ гарч эхэллээ. Далан нэгэн онд өвөөгийн минь бие чилээрхээд би чөлөө авч байсан. Тэр жилээ гуравдугаар анги дааж багшилсан юм. Тэр шавь нар минь өнөөдөр тэтгэвэртээ гарч байна. Ямар сайндаа “Багштайгаа адилхан өтөлж байна даа гэхэд нь, яаж та нар надтай ижил байх юм. Би та нарын багш гэхэд, за даа та дөнгөж аравдугаар анги дүүргэсэн бидэнтэй ойролцоо хүүхэд л байсан биз дээ” гэж инээлгэж байв.

Хүүхдийг эрдэм номонд сургахаас гадна хүмүүжил дээр нь сайн анхаармаар байна. Хүмүүжил тал нь доголдоод байх шиг. Хүүхдээ хэтэрхий дураар нь байлгадаг. Эцэг эхчүүд юм л бол өмөөрөх тал руугаа шүү, ялангуяа хот газрынхан. Энэ бол тийм ч сайн зүйл биш л юм байгаа. Хүүхдийг загнахдаа загнаж, буруу зөвийг нь сайн хэлж өгдөг байх ёстой. Биднийг багад эмээ өвөө “Өнгөнд бүү шунуул, амттанд бүү дурлуул” гэдэг. Гэтэл өнөөдөр үнэтэй цээтэй юмыг хүүхдүүддээ өмсүүлж, амттай бүхний дээдийг өгч байна. Мөн Монголд үг үсгийн алдаа гэдэг арай дэндлээ. Бидний үед хүүхдийн нүдэнд буруу үг битгий харуул гэдэг. Одоогийн энэ тест гэдгийг би ойшоодоггүй. Буруу зөв хоёрыг нь зэрэг харуулаад тэндээс нь зөвийг нь олуулдаг. Ингээд буруу үг хүүхдийн нүдэнд хоногшчихдог. Буруу үгийг битгий харуул гэдгийн гол ойлголт үүнд бий. Ийм ийм зүйлийг ахмад багшийн хувьд хэлэх гэсэн юм. Сүүлд нь хэлэхэд, миний бие 2007 онд Улсын хэмжээний тэргүүний “Гэгээрэл төв” шалгаруулах уралдаанд манай сумын “Гэгээрэл төв” шалгарч тэргүүн байр эзлэн иж бүрэн компьютерээр шагнуулаад тэтгэвэртээ гарч байсан нь сайхан санагддаг. Түүнээс хоёр жилийн өмнө нь аймагтаа хоёрдугаар байрт ороод 750 мянган төгрөгөөр шагнуулж сумандаа хөрөнгө оруулалт хийж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *